Шууд Chart

М.Энхболд Ази-Европын Парламентын түншлэлийн уулзалтын дүнг танилцуулав

2016-07-15 11:00:19

Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболд өнөөдөр Улаанбаатар хотноо болж буй Ази Европын Дээд түвшний 11 дүгээр уулзалтын нээлтэд оролцлоо.  Тодруулбал, тэрбээр АСЕМ-ын уулзалтад оролцож Ази-Европын Парламентын түншлэлийн уулзалтын дүнг танилцуулсан юм.

Монгол Улсын Их Хурал Ази, Европын Парламентын Түншлэлийн 9 дүгээр уулзалтыг эх орондоо амжилттай зохион байгуулж, уулзалтад  32 орны 170 гаруй төлөөлөгчид өөрийн орны парламентаа төлөөлөн оролцсон бөгөөд  уулзалтаас Тунхаглал баталсныг Ази Европын Дээд түвшний 11 дүгээр уулзалтын хүндэт зочид, төлөөлөгчдөд танилцуулав. Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын дарга “Бид уулзалтын нэгдсэн хуралдаанаа "АСЕМ дахь Ази-Европын Парламентын Түншлэлийн үүрэг, оролцоо" сэдвээр, салбар хуралдаануудыг "Үр дүнтэй олон талт харилцаа, хамтын ажиллагаа" болон "Ирээдүйн төлөөх түншлэл" сэдвийн хүрээнд зохион байгуулж, Ази-Европ хоёр тивийн нийтлэг эрх ашиг, хөгжил цэцэглэлтийн төлөө, оновчтой шийдэл, хамтын ажиллагааны төлөө хоёр тивийн хууль тогтоогчид санал бодлоо уралдуулж, ажил хэрэгч, харилцан ойлголцсон, нөхөрсөг яриа өрнүүлсэн. 

Ази-Европын Парламентын Түншлэлийн уулзалт нь хоёр тивийн хамтын ажиллагааны салшгүй хэсэг бөгөөд, өнгөрсөн 20 жилийн хугацаанд Ази-Европын улс төр, эдийн засаг, нийгэм соёлын хэлхээ холбоо өргөжин тэлэхэд, Ази, Европын орнуудын хууль тогтоох байгууллагуудын хооронд харилцаа холбоо тогтоож,  гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд тодорхой хувь нэмрээ оруулсан” гэв. 

 

“АСЕМ-ын 20 жил: Уялдаа холбоогоор өртөөлөн ирээдүйн түншлэлийн төлөө” сэдвээр зохион байгуулагдаж байгаа энэхүү Дээд хэмжээний уулзалтад АСЕМ-ын гишүүн 51 орон, үүнээс Европын 30, Азийн 21 орон, хоёр олон улсын байгууллагаас өндөр түвшний төлөөлөгчид оролцож байна. Ази Европын 11 дүгээр уулзалтын үр дүнгээр “Улаанбаатарын Тунхаглал”, “Даргын мэдэгдэл” гэсэн баримт бичиг гаргах юм 


М.Энхболд Ази-Европын Парламентын түншлэлийн уулзалтын дүнг танилцуулав  
Үзсэн: 1959 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй