
Олон улсын допингийн эсрэг агентлаг ОХУ-ын Сочи хотод болсон өвлийн олимпоос медаль хүртсэн зохион байгуулагч орны тамирчдыг допинг хэрэглэсэн эсэх талаар дахин шалгалтын хариуг зарлалаа. Өнгөрсөн тавдугаар сард хийсэн шалгалтаар допинг хэрэглэсэн гэсэн хариу гарсан тул дахин шалгах шийдвэр гараад байсан юм.
ОХУ-ын тамирчдыг шалгасан Канадын спортын хуульч Ричард МакЛарен шалгалтын албан ёсны дүнг зарлалаа. Дахин шалгалтаар Сочигийн олимпоос медаль авсан Оросын 33 тамирчнаас хамгийн багадаа 15 нь сэргээшийн төрлийн бодис хэрэглэсэн гэсэн хариу гарсан байна. Түүнээс гадна ОХУ-ын Олимпийн хороо болон Засгийн газар нь тамирчдаа сэргээшийн төрлийн бодис хэрэглэхийг хөхиүлэн дэмжиж байсан байж болзошгүй юм.
Учир нь Москвад байрлах сэргээшийн эсрэг төвөөс олон улсын шинжилгээнд явах ёстой байсан хэд хэдэн шээсний дээжийг тус улсын Спортын яамнаас үүрэг болгосны дагуу сольсон нь шалгалтаар батлагджээ. ОУОХ нь тамирчдаас авах шинжилгээг тусгай саванд лацдан хийж, хадгалуулдаг журамтай. Гэтэл Москвагийн шинжилгээний төвийнхөн энэ лацыг хөдөлгөж, тамирчдын шинжилгээг санаатайгаар сольсон байна. Энэ шинжилгээг солих ажиллагааг Оросын спортын орлогч сайд гардан гүйцэтгэсэн байж магадгүй байгаа юм. Оросын тамирчид 2013 оны Москвагийн дэлхийн хөнгөн атлетикийн аваргаас 2015 оны Казаны дэлхийн усан спортын аварга шалгаруулах тэмцээн хүртэл 312 хуурамч шинжилгээ хийлгэсэн гэсэн мэдээлэл Олон улсын допингийн агентлагт байгаа аж.
ОУОХ-ны дарга Томас Бах ийм хариу гарсанд туйлын харамсаж байгаагаа илэрхийлээд санаатай сэргээш хэрэглэсэн ямар ч орны эсрэг хатуу арга хэмжээ авна гэдгээ сануулжээ. Одоогоор олон улсын олимпийн хороо ямар арга хэмжээ авах нь тодорхойгүй байгаа ч энэ зуны Риогийн олимпид манай хойд хөршийн тамирчдыг оролцуулахгүй байж магадгүй болоод байна.
Олон Улсын допингийн эсрэг агентлагийн дүгнэлт ОХУ-ын эсрэг гарлаа | ||
Үзсэн: 1480 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.