Шууд Chart

Олимпийн тосгонд хүргэх метроны шугам нээлтээ хийлээ

2016-08-02 14:24:24

"Рио 2016"  зуны олимпийн их наадам эхлэхэд хэдхэн өдөр үлдээд байгаа. Энэ өдрүүдэд ч олимпийн хотхоныг тойрсон бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилсээр байгаа аж. Үүний нэг болох Рио-де-Жанейро хотын төвөөс олимпийн тосгон хүртэл үргэлжлэх шинэ метроны шугам нээлтээ хийлээ.

Оршин суугчдын хамгийн их хүсэн хүлээсэн метроны нээлтийн үйл ажиллагаанд Бразил Улсын Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Мишел Темер, Рио-де-Жанейро мужийн захирагч Луйз Пезао, хотын дарга Эдуардо Паес, ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бах болон Рио 2016 наадмын зохион байгуулах хорооны дарга Карлос Нузман нар оролцлоо.

Тус метро ашиглалтад  орсноор 2 цагийн турш гэр лүүгээ явдаг байсан энгийн иргэд цагаа 30 минут болгон хэмнэх боломжтой болж байгаа аж. Метроны бүтээн байгуулалтын ажил өнгөрсөн жил дуусах хуваарьтай байсан ч санхүүгийн болон өөр бусад олон шалтгааны улмаас хойшилсоор олимп эхлэхээс хэдхэн хоногийн өмнө нээлтээ хийж буй нь энэ юм байна.

Гэхдээ эхний ээлжинд уг метроны шугамаар зөвхөн албаны хүмүүс болон олимпийн тасалбартай зорчигчид үйлчлүүлэх боломжтой байх ажээ.  Харин ирэх есдүгээр сараас эхлэн олон нийтэд бүрэн нээлттэй болох энэ шугамаар өдөрт 300 мянган хүн үйлчлүүлэх  боломжтой бөгөөд энэ нь Риогийн олимпоос үлдэх хамгийн том бүтээн байгуулалтад тооцогдож байгаа гэнэ.

Нийтэлсэн: МҮОХ

Олимпийн тосгонд хүргэх метроны шугам нээлтээ хийлээ  
Үзсэн: 2515 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй