Шууд Chart

Олимпийн бамбар Рио Де Жанейро хотод хүрэлцэн ирлээ

2016-08-04 15:25:50

Одоогоос 100 гаруй хоногийн өмнө Рио Де Жанейрогийн зуны олимпийн наадмын галыг их спортын өлгий нутаг Грекийн Афин хотод хэрхэн асааж байсныг бид та бүхэнд хүргэсэн. Тэгвэл өнөөдөр тэрхүү бамбар Бразилийн 26 мужийг амжилттай тойроод Рио Де Жанейро хотод хүрэлцэн ирлээ. Гэхдээ Бразил улсын 26 мужийг тойрсон олимпийн бамбарын аян замыг бартаа саадгүй байсан хэмээн ойлгож боломгүй юм. Бамбарыг 10 мянга гаруй тамирчин, урлаг соёлын одод гараас гар дамжуулан авч явсан. Энэ хугацаанд улс төр болон хувийн шалтгаанаар галыг унтрааж дэлхий дахины анхаарлыг өөр дээрээ татах гэсэн хүн олон байв. Зарим нь Бразилийн ерөнхийлөгч Дилма Руссеффыг хууль бусаар засгийн эрхнээс буулгасан хэмээн үзэж унтраахаар оролдсон бол, Засгийн газар олимпод хэт их мөнгө зарснаас болж Бразилд эдийн засгийн хямрал үүслээ хэмээн үзэх сөрөг үзэлтэн ч их байлаа.

Түүнээс гадна олимпийн наадмын бамбарыг анх унтраасан хүн болж түүхэнд үлдэх хүсэлтэй “Еростратус”-ын “өвчтэй” иргэд ч байсныг бичих хэрэгтэй.

Дашрамд сонирхуулахад МЭӨ IV зуунд Еростратус гэгч этгээд түүхэнд үлдэх зорилгоор тэр үеийн дэлхийн долоон гайхамшигийн нэг Артимедагийн сүмийг шатаасан тул хожим нь гэмт үйлдэл хийж, түүхэнд үлдэх хүсэлтэй хүмүүсийг ингэж нэрлэх болсон түүхтэй.

Олимпийн галыг завьтай Рио Де Жанейрод хүрэлцэн ирэхэд боомт дээр хотын дарга Эдуардо Паес угтан авсан бөгөөд одоо өндөр хамгаалалтан дор олимпийн нээлт болох алдарт Маракана цэнгэлдэх хүрээлэнг зорих болно. Маргааш олимпийн цэнгэлдэх хүрээлэнд чухам хэн гэгч тамирчин галыг оруулж ирэх, олимпийн бамбарыг хэн, хэрхэн асаах бол гэсэн асуулт дэлхий дахины сонирхолыг татаж байна. Гэхдээ энэ асуултын хариуг авахад ердөө ганцхан хоногийн хугацаа үлдлээ. Цөөнгүй хүн алдарт хөлбөмбөгчин Пеле энэ хүндтэй үүргийг хүлээж магадгүй хэмээн таамаглаж байна.             

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Олимпийн бамбар Рио Де Жанейро хотод хүрэлцэн ирлээ   
Үзсэн: 2197 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй