Шууд Chart

Ц.Түмэнжаргал: Сэтгэлийн дэм өгч, ярилцаад суух хүн ялангуяа бүсгүй хүнд байх ёстой юм шиг ээ

2016-09-19 11:55:12

Монгол Улсын ардын жүжигчин, хөдөлмөрийн баатар, төрийн соёрхолт, Фукуокагийн Азийн соёлын шагналт, профессор Н.Норовбанзадын мэндэлсний 85 насны ой энэ онд тохиож буй. Түүний нэрэмжит уртын дуучдын олон улсын анхдугаар уралдааныг саяхан  СУИС, Норовбанзад сан, Дундговь аймгийн ЗДТГ, Дэрэн сум, Монголын уртын дууны холбоо хамтран зохион байгуулсан билээ.  

Тус уралдааны “А” буюу “Мэргэжлийн дуучдын ангилал”-д ҮДБЭЧ-ын дуучин Ц.Түмэнжаргал гран при шагнал хүртсэн юм. Бид дуучин  Ц.Түмэнжаргалыг “Редакцийн зочин” буландаа урьж, ярилцлаа. 

-Юуны өмнө гран при шагнал хүртсэнд баяр хүргэе. Энэхүү уралдаанд хэдэн орны дуучин өрсөлдөв?

-Баярлалаа. Монголын болоод БНХАУ-ын ӨМӨЗО, ОХУ-ын Буриад улсын дуучдаас нийлсэн 70 гаруй уран бүтээлч өрсөлдсөн. Энэ уралдаан хоёр үе шаттайгаар явагдсан. Би Н.Норовбанзад агсны дуунаас сонгож, дуулсан. Зохион байгуулагчдын зүгээс эхний шатанд хоёр актаваас дээш дууг сонго гэж үүрэг өгсөн. Тиймээс тэрхүү дууг дуулахын тулд нилээн эрэл хайгуул болсон. Мөн үүнийг дагаад залуучуудад ч уран бүтээлийн сонголт нэмэгдсэн болов уу гэж бодож байна.  

-Шүүгчээр хэн, хэн ажилласан бэ?

-ӨМӨЗО, Буриадын мэргэжлийн багш нараас гадна Монгол Улсын ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ, гавьяат жүжигчин Ц.Чулуунцэцэг, урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Баттөмөр, төрийн шагналт, хөгжмийн зохиолч С.Соронзонболд нар шүүсэн. Энэ мундаг хүмүүсийн мэргэн шүүлтийн дор гран при шагнал хүртсэндээ баяртай байна.

-Уншигчид дагалдсан мөнгөн шагналыг нь сонирхож байж болох юм?

-Өргөмжлөл, зургаан сая төгрөгөөр шагнуулсан. Энэ бол өмнө нь болсон олон улсын дуулаачдын уралдаануудаас хамгийн өндөр шагналтай нь байлаа.

   

-Танай байгууллага жуулчдад зориулсан тоглолтоо үргэлжлүүлсээр байна уу?

-Тийм ээ. Манай ҮДБЭЧ-ын уран бүтээлчид жуулчдын тоо өссөөр байгаа энэ цаг үед ардын урлагийн тоглолтоо хүргэсээр байгаа. Наадмын үеэр бол өдөрт гурван удаа тоглодог. Эхний тоглолтоо дуусгаад 15-20 минут завсарлаж байтал дараагийн тоглолтын цаг болж, үзэгчид суудлаа эзэлдэг. Ингээд л дахин тайзнаа гарна. Энэ жилийн хувьд манай чуулга АСЕМ-ыг хамтран зохион байгуулсан болохоор бүр их ажилтай байлаа.     

-Тэгэхээр танд амралтын өдөр хэдийгээр оногддог вэ?

-Зуны гурван сарын зарим өдөр 2-3 удаа тоглолтод оролцдог болохоор амрах хугацаа бараг гардаггүй. Харин ирэх аравдугаар сарын 1-нээс амралтын өдрүүдэд чөлөөтэй болно. Гэхдээ манайх ардын урлагийн том байгууллага болохоор төрийн болон олон улсын уулзалттай үед бүрэн бүрэлдэхүүнээрээ тоглодог. Тиймээс амралтын өдрүүдэд ч тоглолттой байх үе бий. Ийм үед гэртээ шөнө ороод, үүрээр босч гэрээ цэвэрлэж, жаахан хоол хийж аваад л гардаг. Завгүй байлаа гээд нэг ажлаа нөгөөхөөр сольж болохгүй шүү дээ. Тиймээс аль болох зэрэг авч явахыг хичээдэг. Хувийн уран бүтээлээ ч орхигдуулахыг хүсдэггүй. Аав, ээж, ах дүү нараасаа мөнгө зээлж байгаад ч хамаагүй хийдэг. “Хойд хормойгоороо урд хормойгоо нөхнө” гэдэг дээ. Түүн шиг л явна даа. Би аливаа зүйлийг болгохыг хичээдэг. Манай чуулгын залуучууд намайг “Түмээ эгчээс юм асуухаар үгүй, байхгүй” гэж хэлдэггүй гэдэг. Зарим хүнд 5000 төгрөг нэг их санагддаггүй байх. Харин би үүнийг дээдэлж, хэтэвчиндээ хийдэг. Манай чуулгынхан цалин бага авдаг. Гэсэн ч бид урлагт чин сэтгэлээсээ хайртай болохоор орхиж болохгүй юм даа.

-Дуучдын ярьдгаар халтуур хийх боломж хэр олддог вэ. Ажлын гэрээнд бас хориглосон зүйл байдаг уу?

-Байгаа. Ажлын өдрүүдэд хол газар олон хоногоор явахыг хориглодог. Харин амралтын өдөр тийм санал ирвэл хэдэн төгрөг нь хаана юм гээд явдаг.  

-Зарим уран бүтээлчийн үнэлгээ хэтэрхий өндөр ч юм шиг. Харин таны хувьд...?

-Найзууд маань намайг “Бүтээлээ өндөр үнэлэх хэрэгтэй. Чи хэтэрхий даруухан байна” гэдэг л юм. Харин би “Намайг сайн дуулдаг болсон цагт хүмүүс өөрийн эрхгүй өндөр үнэлнэ” гэж хариулдаг. Ер нь би заавал тэдэн төгрөгөөр дуулна гэдэггүй. Аль болох боломжоор нь л ая дуугаа өргөдөг. “Огт мөнгө өгч чадахгүй нь ээ. Чи зүгээр дуулаад өгөөч” гэсэн ч би очдог. Би хүмүүсийг хэн хэндээ тустай, дэмтэй яваасай гэж хүсдэг.

-Ойрын хугацаанд дүрийн санал авсан уу?

-Манай чуулга хуучны уран бүтээлүүдийг сэргээн тавьж байгаа. Тун удахгүй “Учиртай гурван толгой” дуурийг анхны хувилбараар нь тоглоно. Үүнд би Хоролмаагийн дүрд гарна. Өмнө нь нэг удаа энэ дүрд гарч байсан юм. Гэхдээ би Нансалмаагийн дүрд тоглохыг хичээдэг ч яагаад ч юм Хоролмаад гарчихаад байдаг /инээв/.

-Танай чуулгынхан өнгөрсөн зун орон нутгаар аялан тоглолт хийв үү?

-Хоёр жилийн өмнө зүүн гурван аймагт гавьяат жүжигчдээ түшиглэж тоглосон. Энэ жилийн улсын баяр наадмын дараа Говь-Алтай, Архангай аймаг руу уран бүтээлчид хуваагдан явж, долоо хоногийн хугацаатайгаар тоглосон.

-Чуулгын ажлаа дагнахаар хувийн уран бүтээл орхигдох тал бий юу?

-Байгаа. Гэхдээ би аль болох амжуулахыг хичээдэг. Энэ жил хийсэн хувийн уран бүтээл гэвэл Д.Шийрэвжамц гуайн шүлэг, Б.Алтантуулын аялгуу “Чимээлэхүй” дуу байна. Хайрын тухай өгүүлэх энэ дууг шинээр өлгийдөж авлаа. Зарим үед захиалгын дуу ч ирж байна. Ардын дууг олон жил дуулж байгаагийн хувьд тун удахгүй нэг цомог гаргахаар бэлтгэж байгаа. Үүнд орох дуугаа би өөрийнхөө хэмжээнд хүртэл нь дуулсан. Харин хэрхэн хүлээж авахыг сонсогч олны минь таалал мэднэ буй заа.  

-Ардын дуу дуулахын сайхан нь юу вэ?

-Хүүхэд байхаасаа л ардын дуу дуулдаг байлаа. Аав, ээж хоёр минь айлын найранд уригдахдаа гурван дуу торохгүй аялчихна. Тэр чанар нь надад ирсэн байх. Миний аав Төв аймгийн Баяндэлгэр сумынх, ээж Завхан аймгийн хүн. Харин би хотод төрж, өссөн.

-Хөдөө өссөн хүмүүс ихэвчлэн нийтийн болон ардын дуу дуулдаг. Харин та эсрэгээрээ юм...?

-Тийм. Гэхдээ би хүүхэд байхдаа эстрад дуу дуулдаг байлаа. Ихэвчлэн Х.Оюунбилэг эгчийн дуунуудыг дуулж байгаад хамтлагт орж дуулахаар хүртэл шалгарч байсан. Гэтэл тухайн хамтлагийг үүсгэн байгуулагч нь уран бүтээлчдийнхээ цалинг өгч чадахгүй болоод гурван сар гаруйн дараа тарцгаасан. Дараа нь Хүүхэд залуучуудын театр дуучин авна гэхээр нь очиж шалгуулж тэнцсэн. СУИС-д сурч байхдаа ч дуучин С.Нарангийн стилиэр дуулдаг байсан. Зарим хүн “Надад яваагүй газар гэж байхгүй” гэж ярьдаг. Би түүн шиг  бас олон төрлөөр дуулж үзсэн. Дуурийн ангид нэг жил сураад хоёр дахь жилээс нь гавьяат жүжигчин Ц.Дэлгэр багшийн удирдлага дор уртын дууны анги руу шилжсэн.

-Олон төрлөөр дуулж байгаад сонгосон таны зам зөв байж уу? 

-Тийм ээ. Би маш зөв зам сонгосон. Нийтийн дууг ч гэсэн би өөрийнхөө хэмжээнд дуулж байсан. Тухайн үед зохиолын дуу хүчээ авч, нэлээн олон дуучин энэ төрөл рүү хуйларч байхад би ч гэсэн дунд бужигнаж л явсан. Ардын дуу, уртын дуу миний амьдрал гэж хэлж болно.  

-“Хос шарга” дуугаар олонд танигдсан дуучин, ая зохиогч Д.Баасандорж та хоёрыг гэр бүлийн хүмүүс байсныг уншигчид мэднэ. Хамтран дуулсан уран бүтээлээ та сэргээн дуулж байна уу?

-Тийм ээ. Бидний хамт дуулсан уран бүтээлийг сонсогчид маань танина. Нэг сайхан хүүтэй болж, хамт амьдарч байсныг ч мэднэ. Харин одоо би хүүтэйгээ жаргалтай амьдарч байгаа. Хүү маань одоо “Монгени” сургуулийн арваннэгдүгээр ангид сурдаг. Бааска бид хоёрын хувьд бол болгоё гэж явсан өдрөөсөө болгохгүй гэж маргалдаж явсан өдөр нь цөөхөн. Аль болох л болгох гэж хичээж явсан.

-Бий болгосон амьдралаас гадна хамтын уран бүтээл тань хайран санагдах юм...?

-Хамтарч хийж байсан уран бүтээл ч өнчирдөг юм байна. Гэхдээ би тэдгээр дууг гээхгүйн тулд ганцаараа ч хамаагүй аль болох дуулж явахыг хичээдэг. Ямар нэгэн арга хэмжээнд ч ялгаагүй дуулдаг. Тэгэхээр өмнө нь сонсож байсан хүмүүс сайхан хүлээж авдаг.  

-Д.Баасандорж танд зориулж дуу зохиож байсан уу?

-“Тэр л хэвээрээ” дууны аялгууг миний хоолойд тохирно гээд хөгжмийн зохиолчоос нь авч хамтарч дуулсан байдаг юм. Дараа нь “Тандаа очно” нэртэй аав, ээж, нутгийн тухай дууг надад зориулж зохиож өгсөн.

-Д.Баасандоржийг өөр хүнтэй болоод явчихсан гэх яриа байдаг юм билээ. Энэ үнэн юм уу?

-Тийм шүү дээ. Гурван хүүхэдтэй хүнтэй гэр бүл болсон. Тэр хүн сонголтоо зөв хийсэн гэж бодоод явчихсан байхад би одоо юу ярих вэ дээ. Гэхдээ би одоо хүртэл “Манай Бааска” гэж ярьдаг. Гэтэл хүмүүс намайг “Чи “Манай Бааска” гэж битгий ярь” гэдэг л юм. Дээхэн хүмүүс чемодантай хувцсаа бариад л хоёр талаасаа нийлдэг байсан гэж ярьдаг шүү дээ. Тэдэн шиг бид ч ялгаагүй тэгж амьдралаа босгож байсан. Хажуу өрөө хөлслөхдөө хөлсөлж, оюутны байранд хүртэл амьдарч байлаа. Тиймээс би өөрийн эрхгүй “Манай Бааска” гэж ярьдаг байх. Хүү бид хоёрыг орхиод явахад хэцүү байсан. Гэхдээ би амьдрал гэдэг баялаг юм болохоор алтан аяганаас ч ус уух хувь ирэх байлгүй гэж бодоод амьдралын төлөө тэмцэж эхэлсэн. Тэгж явахдаа ардын дуу гэдэг ямар сайхан үнэн үгтэй юм бэ гэдгийг чин сэтгэлээсээ мэдэрсэн. Жишээ нь, “Аяндаа мэнд яваарай” дуунд:

... Аяндаа мэнд л яваарай даа хонгор минь

Аашаа битгий хувиргаарай даа үр минь дээ хө

Замдаа мэнд л яваарай даа хонгор минь

Зангаа битгий хувиргаарай даа үр минь ээ хө ... гээд тун энгийн мөртлөө ухаарал хайрласан байгаа юм.

-Та одоо болзож байгаа юу?

-Нэг залуу бий. Гэхдээ би амьдралд яарахгүй байна. Гэтэл дотны хүмүүс маань намайг яаруулдаг. Тэгэхээр нь би наргиан болгож “Хамгийн сайн хань болж чадах хүнийг дэлгүүрт зардаг бол би зээл авч байгаад ч хамаагүй худалдаж авна” гэдэг. Миний болзоот залуу хойд хөршид ажиллаж амьдардаг болохоор бид хааяа л уулзалддаг. Би чинь нэлээн хэдэн жил ганцаараа явлаа. Сэтгэлийн дэм өгч, ярилцаад суух хүн ялангуяа бүсгүй хүнд байх ёстой юм шиг ээ. Гэхдээ бид танилцаад нэг их удаагүй байгаа.

-Хүүгээ ямар мэргэжилтэй болгох вэ?

-Уг нь би дуучин болгох хүсэлтэй байдаг. Гэтэл хүү маань жүжигчин болно гээд байгаа. Тиймээс өөрийнх нь саналыг л дагана даа.

-Ардын урлагийн хүнтэй ярилцаж байгаагийнх үндэсний хувцасны талаар ярихгүй бол болохгүй. Та хэдэн дээлтэй вэ?

-Ардын сайхан дуу дуулж байгаа хэрнээ муухай хувцас өмсөж болохгүй шүү дээ. Тиймээс аль болох сайхан дээл өмсөхийг хичээдэг. Өөрөө дээл оёж чаддаггүй болохоор дандаа захиалж хийлгэдэг. Харин зүү ороож сурч байгаа. Өнгөрсөн жил хөөрөгний даалин оёхдоо зүү ороосон. Гайгүй болсон шүү.

-Тэнд нууц авьяас бий юу?

-Хүн анагаах талдаа гайгүй. Хэн нэгэнд анхан шатны тусламж үзүүлэхдээ сайн. Дунд сургуульд сурч байхдаа химийн хичээлдээ сайн байсан юм. Эмч болно ч гэж боддог байлаа. Зарим хүн шархалсан гар, хөл харахаараа айгаад ойртож чаддаггүй шүү дээ. Харин би тэгдэггүй. Яавал цус нь тогтох вэ гэдэг талаас нь харж, цэвэрлэж боодог. Мөн тариа хийх дуртай.

-Ярилцсанд баярлалаа. Урлагийн тэнгэр таныг ивээж явах болтугай.   

Нийтэлсэн: У.Баярсайхан

Ц.Түмэнжаргал: Сэтгэлийн дэм өгч, ярилцаад суух хүн ялангуяа бүсгүй хүнд байх ёстой юм шиг ээ   
Үзсэн: 5579 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-03-04 01:48
Сайхан эмэгтэйд амжилт хүсье
Зочин [49.0.130.xxx] 2016-09-22 10:24
Амжилт Түмээ. Сайхан авъяастай, ухаантай эмэгтэй. Бааска нь харин тэнэг юм.
Зочин [27.123.214.xxx] 2016-09-21 09:19
Baaska munch teneg bnada iim sain saihn busgui her bargiin erd zayahgui shude
Зочин [202.70.34.xxx] 2016-09-19 16:06
saihan busguid amjilt husey

Бидэнтэй нэгдээрэй