
Лабораторийн шинжилгээгээр шаардлага хангахгүй нь батлагдсан импортын бодис, бараа бүтээгдэхүүний зөрчил энэ сард хэд хэдэн удаа гарчээ. Иймд өнөөдөр Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын импортын хяналтын хэлтсийн ахлах байцаагч Г.Батсүрэн нарын мэргэжилтнүүд сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм.
Тус хэлтсийн улсын байцаагчид нь давхардсан тоогоор нийт 4370 аж ахуйн нэгж, 45 иргэний 198794.8 тонн бодис, бараа бүтээгдэхүүн импортлосноос Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2014 оны наймдугаар сарын 22-нд баталсан 309 тоот тушаалын дагуу их эрсдэлтэй хүнсний бүтээгдэхүүнд биет үзлэг шалгалт хийж, Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторит төлөөлөх дээжийг шинжилгээнд хамруулснаас дараах бүтээгдэхүүн тухайн шинжлэгдсэн үзүүлэлтийн түвшинд шаардлага хангахгүй гарчээ.
Тодруулбал, АНУ-аас импортлосон 3.4 сая төгрөгийн 217 кг “Buttermilk Ranch” нэрийн пиццаны амтлагч нь хадгалалтын хугацаа дууссан байсан нь “Хүнсний тухай” хуулийн 11.2.3 дахь заалтыг зөрчсөн тул тус хуулийн 19.1.5 дахь заалтыг үндэслэн найман сая 640 мянган төгрөгийн шийтгэвэр ногдуулан бүрэн барагдуулж, 0001434 тоот саатуулах акт үйлдэн бүтээгдэхүүнийг хурааж, гаалийн хяналтын талбайд саатуулсан байна. Уг бүтээгдэхүүнээс дээж авч МХЕГ-ын ХАБҮЛ лабораторийн шинжилгээнд хамруулан, шинжилгээний дүнг үндэслэн 2016.05.30-02-09-01-143 тоот улсын байцаагчийн шаардлага хангахгүй тухай дүгнэлт үйлдсэн аж.
Түүнчлэн БНСУ-аас импортлосон 250 мянган төгрөгийн 32.5 кг “Berrymix” нэрийн жимстэй тараг нь лабораторийн шинжилгээгээр хүнд металлын үлдэгдэл буюу хар тугалгын агууламж зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтрүүлжээ. Иймд журмын дагуу хяналтын дээжийг давтан шинжилгээнд хамруулахад дахин шаардлага хангахгүй гарсан байна. Тиймээс лабораторийн шинжилгээг үндэслэн 2016.06.22-02-09-14-142/47 тоот шаардлага хангахгүй улсын байцаагчийн дүгнэлт үйлдэж, бүтээгдэхүүнийг хураан авч “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай, “Төрийн хяналт шалгалтын тухай хууль”-уудын холбогдох заалтын дагуу арга хэмжээ авсан аж.
Мөн ОХУ-аас импортлосон 2.1 сая төгрөгийн 25 кг “Фуросемид” нэрийн эм, эмийн бүртгэлийн хүчинтэй хугацаа дууссан гүний хяналтын бүсээр нэвтэрсэн нь эм, эмнэлэгийн хэрэгслийн тухай хуулийн 15 дугаар зүйлийг зөрчсөн тул энэ оны өнгөрсөн хоёрдугаар сарын 25-ны өдөр 0001101 тоот бүтээгдэхүүн хурааж, устгах тухай акт үйлдэж гаалийн горимоор устгасан байна.
Грек улсаас импортлосон хоёр сая төгрөгийн үнэтэй 77.8 кг “Septona” хуруу лент нь импортын лицензгүй гүний хяналтын бүсээр нэвтэрсэн нь эм, эмнэлэгийн хэрэгслийн тухай хуулийн 15 дугаар зүйлийг зөрчсөнийг илрүүлж, улсын байцаагчийн 2016.03.30-ны өдрийн 0001102 тоот бүтээгдэхүүн хурааж, устгах тухай акт үйлдэж, гаалийн горимоор устгасан байна.
БНХАУ-аас импортлосон “Вей-эр” биологийн идэвхит бүтээгдэхүүн нь өнгөрсөн хоёрдугаар сарын 4-нд импортлосон зургаан сая төгрөгийн үнэ бүхий 178 хайрцаг бүтээгдэхүүнээс дээж авч, МХЕГ-ын ХАБҮЛ лабораторит шинжлүүлэхэд шаардлага хангахааргүй гарсан тул устгах акт үйлдэж, Нийслэлийн засаг даргын дэргэдэх захиргааны журмаар эд зүйлийг хураах, улсын орлого болгох, устгах, үнэлэх орон тооны бус зөвлөлд шилжүүлжээ.
Дээрх илэрсэн зөрчлүүд нь Монгол Улсын “Хүнсний аюулгүй байдлыг хангах тухай”, “Хүнсний тухай”, “Төрийн хяналт шалгалтын тухай”, “Эм, эмнэлэгийн хэрэгслийн тухай” зэрэг хуульд холбогдох заалтыг зөрчсөн байна. Тиймээс эдгээр бүтээгдэхүүнийг импортлогч аж ахуйн нэгжид холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага тооцож, бүтээгдэхүүнийг хүлээн авч, Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Захиргааны журмаар эд зүйлийг хураах, улсын орлого болгох, устгах үнэлэх орон тооны бус зөвлөлд шилжүүлж, 9408000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ авсан байна.
Цаашид импортын худалдаа эрхлэгч байгууллага, аж ахуйн нэгж нь Монгол Улсад мөрдөж байгаа хууль, тогтоомж, стандартад нийцсэн бодис, бараа бүтээгдэхүүнийг холбогдох баримт бичгийн бүрдэлтэй, зориулалтын тээврийн хэрэгслээр тээвэрлэлтийн горимыг баримтлан импортлоход анхаарч ажиллах шаардлагатайг сануулсан юм.
Лабораторийн шинжилгээгээр “бүдэрсэн” бараа бүтээгдэхүүнийг танилцууллаа | ||
Үзсэн: 4399 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.