Шууд Chart

“Багачуудын музей”-д “Барилгачин найзууд” үзмэр дэлгэгджээ

2016-10-20 17:26:00

“Багачуудын музей” энэ сарын 22-23-нд Шангри-Ла Моллын гуравдугаар давхарт нээлтээ хийх гэж байна. Өнөөдөр тус музейн ач холбогдлын талаар сэтгүүлчдэд танилцуулга хийсэн юм. 

“Багачуудын музей” нь манай улсад шинэ ойлголт байж болох ч барууны соёлд хэдийнэ нэвтэрсэн, бүр дэлхий дахинаа тархжээ. Энгийнээр тайлбарлавал, хүүхэд багачуудад тоглоом тоглонгоо ухаанаа тэлэх боломжийг олгодгоороо онцлогтой юм.

Дэлхийн анхны хүүхдийн музей 1899 онд АНУ-ын Брүүклин хотноо нээгдсэн байдаг. АНУ-д 1975 он гэхэд хүүхдийн 38 музей үйл ажиллагаа явуулж байжээ. Улмаар 1975-1990 оны хооронд 80, 1990-2007 он хүртэл 130 хүүхдийн музей нээгдсэн гэх тоо баримт байна. Азийн улс орнуудад арай хожуу энэ ойлголт тархжээ. Тухайлбал, Солонгосын “Самсунг- хүүхдийн музей” Сөүлд 1995 онд нээлтээ хийсэн байна. Энэ бол Азид анхных юм. Хүүхдийн музей Энэтхэг улсад 1996 онд, Японд 1997 онд  “KIDS PLAZA OSAKA” нэртэйгээр нээгдэж байсан түүхтэй аж.

Удахгүй нээлтээ хийх “Багачуудын музей” 2-7 насны хүүхдүүд болон тэдний гэр бүлд зориулагдсан төв юм байна. Эцэг, эхчүүд хүүхдүүдтэйгээ хамт чөлөөт цагаа хөгжилтэйгээр өнгөрөөгөөд зогсохгүй, тэднийг амьдралын ухаанд сургаж, гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлнэ гэж “Багачуудын музей”-н ажилтан ярьж байлаа.


Т.Оюунтүлхүүр: Багачууд яг л барилгачин мэт өөрсдийгөө мэдрэх болно

“Багачуудын музей”-н медиа арга хэмжээ хариуцсан ажилтан Т.Оюунтүлхүүрээс дараах асуултад хариулт авлаа.    


                  
-Дэлгэсэн үзмэр тань анхаарал татаж байна л даа. Ямар нэртэй үзмэр вэ?

-Бидний зүгээс сонгосон эхний үзмэр бол “Барилгачин найзууд”. Энэ үзмэр нь Канадын “Тобогган дизайн” компанийн бүтээл юм. Энэ компанийн 20 гаруй жилийн туршлагатай, чадварлаг дизайнерууд нарийн судалгаа шинжилгээ хийсний үр дүнд эдгээр үзмэрийг бүтээсэн. Тухайлбал, тоосгоны хэмжээг маш нарийн судалж, олон янзын хэмжээтэй хийжээ. АНУ-ын нэлээн олон хүүхдийн музейд эдгээр үзмэрийг дэлгэж байсан юм билээ. “Тобогган дизайн” компани манайд зориулж эдгээрийг захиалгаар хийсэн юм.

-Яг энэ үзмэр Азид дэлгэгдэж байгаагүй гэж сонссон?

-Тийм ээ. “Барилгачин найзууд” үзмэр Азийн улсуудаас анх удаа Монголд дэлгэгдэж байна. Багачууд яг л барилгачин мэт өөрсдийгөө мэдрэх болно. Эхлээд үүдний хэсгийн ногоон орчноо бий болгоно. Дараа нь дотогш орж, том өрөөнийхөө хөшгийг сонгоно. Ханаа будна. Угаалгын өрөөнийхөө усны хоолойг холбоно гээд хүүхдүүдэд амьдралын ухаан олгоно. Мөн багачуудын оюун ухааныг хөгжүүлээд зогсохгүй хөдөлгөөний эвслийг сайжруулах ач тустай.

-Яагаад заавал 2-7 насны хүүхдүүдийг сонгож байгаа юм бэ?

-2-7 насыг хамарч байгаа нь шалтгаантай. 7-гоос дээш насныханд зориулсан шинжлэх ухаанд түлхүү суурилсан музейн ойлголт байдаг. Сургуулийн өмнөх насныхан буюу бага ангийнхан байшин барилга барих сонирхолтой байдаг. Багачууд аюулгүй байдлыг бүрэн хангасан орчинд хүссэнээрээ өндөрлөгт авирч болж байна. Өөрсдөө тоосгоо жижиг тэргэнцрээр зөөж байна. Энэ нь хүүхдийг хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх давуу талтай. Мөн хүүхдүүд өөрсдөө хэмжиж үзээд барилга барьж байна. Энэ нь математикийн анхан шатны мэдлэгийг олгож байна. Багачууд маань багаар ажиллаж сурна. Цагийг хөгжилтэй өнгөрөөнө. Бие биеэсээ суралцана. Эцэг, эхчүүдтэй хамт барилга барьж, хамтдаа тоглож, хийж бүтээнэ.  

-“Барилгачин найзууд” үзмэр хэднийг хүртэл дэлгэгдэх вэ?

-“Багачуудын музей” цаашид үйл ажиллагаагаа явуулсаар байх болно. Зөвхөн “Барилгачин найзууд” үзмэрээр битгий төсөөлөөрэй. Дараа дараагийн үзмэрүүдийг төлөвлөж байгаа. Бид “Барилгачин найзууд”-ыг Улаанбаатар хотын багачууд, цаашлаад Монголын бүх хүүхдэд бүрэн хүргэж дуусаад дараагийн үзмэрийг дэлгэнэ. Ингэхээр урт хугацааны үзмэр гэдэг нь хүмүүст ойлгогдох байх.  

-Барилга, байшин барина гэхээр хөвгүүдэд илүү ойр санагдах байх. Охидод зориулсан үзмэр юу байх бол?

-Охид ханаа будаж, хөшиг сонгож, цэцэг тарьж болно шүү дээ. Зүлэг тарьж бас болж байна. Барилга барих сонирхолтой охид байж болох юм. Охин, хөвгүүд гэсэн ялгаа ер байхгүй. Тоглоомын өнгөний сонголт дээр ч хүйсийн ялгаа байхгүй.

-Нэг хүүхэд хэдэн төгрөгөөр тоглох юм бэ?

-Манай байгууллагын зүгээс 3, 4 янзаар үнийн санал гаргах гээд бэлтгэж байна. Албан ёсоор 22, 23-нд нээлтээ хийх учраас яг одоогоор үнэ тодорхой болоогүй байна. Өдөрт 60 хүүхэд тоглоно гэсэн тооцоо бий. 

-Хүүхдүүдийг зөвхөн тоглуулаад өнгөрөхгүй гэр бүлд зориулсан арга хэмжээ зохион байгуулна гэж байсан. Яг ямар арга хэмжээ зохиох юм бэ?

-Бид зөвхөн үзмэр үзүүлэхгүй. Сард 3-4 удаа гэр бүлд зориулсан арга хэмжээ зохион байгуулна гэж бодож байна. Ингэхдээ оюун ухаан тэлсэн юм уу, гар урлал, лего тоглоом, хурууны хүүхэлдэйгээр бүтээсэн үлгэр толилуулж болно.

-Монгол уламжлалаа хадгалсан тоглоомоор музейгээ баяжуулах бодол байна уу. Тухайлбал, жижиг гэр хийгээд хүүхдүүдээр бариулж болох юм?  

-Бид үзмэрээ аль нэг улсын үндэс угсаатай холбож сонгоогүй. Аль ч улсын бүх хүүхдүүд 2-7 насандаа ижил сонирхолтой байдаг юм байна л даа. Тэр үүднээс эдгээр үзмэрийг дэлгээд байна. Цаашид монгол гэрээ хүүхэд багачуудад танилцуулж болно. Ингэхийн тулд монгол дизайнеруудтай хамтарч ажиллаж боломж нээгдэнэ гэсэн үг. Бид хүн бүхэнд, хүүхэд бүрт нээлттэй ажиллана.

Нийтэлсэн: Ж.Тагтаа

“Багачуудын музей”-д “Барилгачин найзууд” үзмэр дэлгэгджээ   
Үзсэн: 3153 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [202.70.34.xxx] 2016-10-23 10:02
Шангри-Ла Моллын гуравдугаар давхарт
Bi [202.9.41.xxx] 2016-10-21 09:35
Haana bdag ve holbogdoh utas bn uu
Bi [202.9.41.xxx] 2016-10-21 09:34
Haana bdag be yag holgogdoh ve

Бидэнтэй нэгдээрэй