Шууд Chart

Арван хуруу

2022-05-05 10:45:15

Өвлийн туниа муутайхан нар аргадуулах гэсэн юм шиг зузаан саарал үүлэн цаанаас үнэрхүү нь аргагүй өндийж, бяцхан сууринд шинэ өдөр эхлэж байгааг зарлалаа. “Өнөөх нохой Дамба өнгөрсөн шөнө талийгаач болж гэнэ” гэсэн яриа хэдхэн мөчийн дотор айл, айлд тарав. Гэвч энэ мэдээг сонссон хэн ч “Өө зайлуул” гэхээс бус харамсаж, халаглаж бас цочирдсонгүй. Нэг сууринд хорин хэдэн жил хамт амьдарсан хэрнээ ганц шад маани ч хэлэх хүн олдсонгүй. Хөгшид “Мөн ч их нүгэл үйлдсэн дээ” хэмээн толгой сэгсэрч байлаа. Удсан ч үгүй “Өнгөрдөгийн хүүхдүүд нь ирж гэнэ” гэсэн яриа суурингаар нэг тарж, том том гялалзсан хар машинууд цувж, бяцхан сууринд оршуулга биш, ямар нэг баяр ёслол болох гэж байгаа юм шиг л хөл хөдөлгөөн болоод эхлэв. Хэзээ ч олны анхаарал татаж байгаагүй “Нохой” Дамбын оршуулга харин бүгдийн анхаарал татаж эхэллээ.

Дамба хэмээх хөгшин энэ сууринд яг л ганцаарахнаа мэт амьдардаг байлаа. Урт том савхин бээлийг хоёр гараасаа өвөл ч, зун ч салгахгүй. Хаа очиж жигтэйхэн цэвэрхэн хувцасладаг энэ хүнийг найман бандиа дагуулан хориод жилийн өмнө манай нутагт нүүж ирснээс хойш золбин нохой амрахаа байсан юм гэнэлээ. Намар болонгуут Дамба аймаг явна. Аймгийн хоршоотой нохойн арьсны гэрээ хийдэг. Бараг л бүх төлөвлөгөөг нь ганцаараа биелүүлдэг, хэдэн сум хэсч өвөлжингөө нохой алдаг юм гэнэлээ” гэсэн яриа суурингаар нэг таржээ. Хүн болгон түүнээс айж дөлдөг, сэжиглэж цэрэвдэг байсан байх. Үнэндээ ч нохой Дамба хэд хувааж, яг л гар буу шиг болгосон калибарь буугаар сургуулийн хашаанд байсан алаг жингэрийг ганцхан буудаж унагаад жижиг машины тэвшрүү шидэж байхыг хүүхдүүд харснаас хойш “Нохой” Дамбын хүүхдүүдтэй нийлэх хүн лав ганц ч гараагүй юм. Хаа очиж тэдний хүүхдүүд сурлага сайтай. Янз бүрийн уралдаан тэмцээнд түрүүлдэг ч олны өмнө ирж шагналаа авдаггүй, хичээл тарсан л бол гэртээ шигдэж байдаг хачин хүүхдүүд байж билээ.

Ганц нэгээрээ явна гэж байхгүй. Хэрвээ ганц нэгээрээ явж байх юм бол хүүхдүүд “Нохой Дамбын гөлөг явж байна” хэмээн хашгирч, чулуу нүүлгээд баллах шахна. Аав нь нохой алдаг, тиймээс хүүхдүүдээс нь нохойныхоо өшийг авна гэсэн нэг тийм бодол хүүхэд бүрийн цээжинд нуугдаж байдаг байсан байх. Хөгшчүүл “Дамба өвөлжингөө л нохой аллаа. Их ч мөнгөтэй. Нохойны арьс үнэтэй учраас нүгэл үйлддэг байх” гэж ярьцгааж байхыг нэг бус удаа сонсож байсан юм. Харин хүүхдүүд нь бүгд том болж, хот суурин газар бараадаж, Дамба хөгшин гэрээс ч гарахаа байгаад удсан юм даг. Айлд орохгүй, ямар ч баяр наадам болсон олны хөлийн газар ойртдоггүй энэ хөгшин гэрээ тойрон нарлаж, хүүхдүүд нь хотруу авч явах гэж ирээд дийлдэггүй юм гэнэлээ гэсэн л сураг сонсогдож байснаас биш тийм чинээлэг нэр хүндтэй өндөр алба хашдаг хүүхдүүдтэй гэж манай суурингийнхан үнэндээ мэдсэнгүй.

“Талийгаачийн хүүхдүүд сургуулийн дотуур байрыг долоо хоног түрээсэлж гэнэ. Хүүхэд, нохой баярлуулах юм байх. Том хүү нь Америкаас иртэл нутаглуулахгүй юм гэнэ” гэсэн яриа хадаж, хүүхэд хөгшидгүй сургуулийн дотуур байр руу алхцгаалаа. Манай суурингийнхан энэ ярианы үнэн худлыг үзэхээр цувцгаасан хэрэг. Дотуур байрны гал тогооруу ороод бүгд мэл гайхацгаав. Талийгаач өвгөний зургийг томоор зуруулаад баахан зул хүж өрсөн том өрөөнд ширээ дамнуулан амттан өрж, хоол цай болж, орсон гарсан бүхний халаасыг чихэр боовоор дүүргэж байлаа. Хүүхдүүд наадам болж байгаа юм шиг сургуулийн хашаанд эргэлдэж, чихрэнд халтардаж, бяцхан суурингийнхан гэртээ хоол, унд хийлгүй, буяны зоог хүртэж зургаа хонолоо.

Гэнэтхэн “Нөгөө өнгөрдөгийн том хүү Америкаас ирсэн гэнэ. Аавынхаа зурагны өмнө өвдөг сөхөрч суугаад босч ирэхгүй уйлаад байна” гэсэн мэдээ суурингаар хормын дотор тарлаа. Энэ мэдээг сонссон олон тэр дорхиноо л сургуулийн дотуур байрны гал тогооруу цувцгаав. Үнэхээр ч Дамба хөгшний зурагны өмнө 40 гаруй насны хижээл эр суучихсан, сэтгэл зурсхийтэл уйлж байлаа.

Нус нулимсандаа халтардаж, уй гашууд дарагдсан тэр эр “Миний аав хоёрхон хуруутай хүн байсныг та нар мэдэх үү? Эрхий долоовор хоёрхон хуруутай, буунаас өөр юм барьж сураагүй учраас золбин нохой алж, түүнийхээ хөлс мөнгөөр өнчин өрөөсөн, ядуу зүдүү найман хүүхэд цуглуулж, тэжээж, өсгөснийг та нар мэдэх үү? Найман хүүхдээрээ дутуу хуруугаа гүйцээх гэж, сэтгэлээ дэвтээж амьдарсан юм шүү дээ миний муу аав. Өдөржин нохой алж, шөнөжин маани уншиж хонодог байсан юм” хэмээн цурхиртал уйлж байв. Энэ үг бүх хүний сэтгэлийг урж байх шиг л санагдсан байх

Маргааш өглөө нь бяцхан суурингийнхан Дамба өвөөгийн оршуулганд бүгд хүндэтгэл үзүүлж, тэр шөнө айл бүрийн тооноор зулын бүдэгхэн гэрэл сүүмэлзэж байлаа.

Нийтэлсэн: Б.Цоожчулуунцэцэг

Арван хуруу  
Үзсэн: 2305 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй