
СГЗ, Д.Нацагдоржийн шагналт яруу найрагч Д.Нямаагийн “Нарны алга” номын гурав дахь хэвлэл уншигчдынхаа гар дээр очлоо. Орос хэл дээр анх удаагаа хэвлэгдэж байгаа энэ номыг нэрт орчуулагч, яруу найрагч Ц. Эрдэнэбилиг хөрвүүлжээ.
Тэр бол Данзанравжаа, Д.Нацагдорж, С.Явуухулан, С.Эрдэнэ нарын бүтээлийг орос хэлнээ орчуулж байсан нэрт дуун хөрвүүлэгч юм. “Нарны алга” ном өмнө нь мөн англи хэл дээр монголын уран зохиол судлаач, нэрт орчуулагч Викхам Смит Саймоны орчуулгаар гарч байсан билээ.
Хүүхэд насны уянгын бичил өгүүллэгээс бүрдсэн гэгээн дууль “Нарны алга” номын тухай зохиолч, судлаач, шүүмжлэгчид хэдэнтээ өөр өөрсдийн үгээ айлдаж байв. Хамгийн сүүлд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, эрдэмтэн зохиолч Л. Түдэв “...Д.Нямаагийн дөнгөж саяхан хэвлүүлсэн “Нарны алга” номноос “Хөдөөгийн үнэр” ханхийсэнд сэтгэл минь догдоллоо. Тэр номонд богиновтор хэмжээний 55 зохиол орсон нь бараг цөмөөрөө монгол хүний өвөрмөц сэтгэлгээний үнэртэй байх юм. “Хөдөөгийн үнэр” гэдэг бол монгол үндэстний “таних тэмдэг” юм.” гэж онцлон тэмдэглэсэн байна.
Ийнхүү хөдөөгийн үнэр нэвт ханхалсан “Нарны алга” номын гурав дахь хэвлэл монгол, орос хэл дээр хэвлэгдэн уншигч таны гар дээр очиж байна.
“Нарны алга” ном орос хэл дээр хэвлэгдэн гарлаа | ||
Үзсэн: 1259 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.