
Япон улсад суугаа манай сурвалжлагч Н.Базарсүрэн Япончуудын энгийн амьдрал, хүн хүнээ гэх сэтгэл, халуун сэтгэлийн тухай орчуулгуудаасаа ирүүллээ. Хэн нэгэнд ухаарал хайрлах аваас, түүнийг сэхээрүүлэх ганц ч болов алхам хийвээс бүтэн амьдралд нь нөлөөлж болох жишээ түүний орчуулгуудад тусах болно.
ЭЭЖИЙН ГАР
Нэг залуу томоохон компанийн менежерийн ажилд орохоор ярилцлаганд оржээ. Компанийн захирал залуугийн танилцуулга, бичиг баримтуудыг судалж байснаа
- Сурч байх явцдаа ямар нэгэн тэтгэлэгт хамрагдаж байсан уу?
- Үгүй
- Аав чинь төлбөр төлдөг байсан уу?
- Үгүй. Аав минь намайг нэг настай байхад өөд болсон. Ээж л төлдөг байсан.
- Ээж чинь юу эрхэлдэг хүн бэ?
- Насаараа гэрээрээ хүмүүсийн хувцас угааж мөнгө олсон.
Захирал залуугийн булбарай зөөлөн гарын хараад:
- Та ээждээ хааяа тусалдаг уу?
- Үгүй ээ. Ээж минь намайг сайн сур, хичээлдээ анхаар л гэдэг юм.
- За тэгвэл өнөөдөр хариад ээжийнхээ гарыг угааж өгөөд, маргааш ирээрэй гэлээ.
Залуу ч ажилд орох магадлал өндөр байна даа хэмээн баярлаж, орой ээждээ гарыг тань угааж өгье гэхэд гайхсан ээж нь санаа зовонгуй гараа өглөө. Ээжийнхээ гарыг угааж зогсохдоо залуу анх удаа л ээжийнхээ гарыг ямар их үрчлээтэй, шарх сорвиор дүүрсэн болохыг анзааран нулимс унагалаа. Энэ л хоёр гар миний төлөө зүтгэж, энэ л хоёр гараар миний ирээдүй төлөгдсөн дөө гэж бодохоос өр эмтрэн тэр өдөржин хувцас угааж ээждээ туслаад, шөнөжин нойр нь хулжжээ.
Өглөө нь захирал дээр очлоо. Залуугийн уйлж хавдсан нүдийг анзаарсан захирал:
- Өчигдөр орой хариад юу сурав?
- Ээж минь байгаагүй бол өнөөдөр энд ингээд зогсож байхгүй байснаа ойлголоо. Өчигдөр ээждээ тусалж байхдаа "Хүн зорилгодоо хүрэхийн тулд яаж хөдөлмөрлөх ёстойг, гэр бүлдээ бага болов ч туслах ёстойг ойлголоо"
-Сайн байна. Бид хүний хийснийг үнэлэх чадвартай, зөвхөн мөнгийг амьдралын зорилгоо болгоогүй ийм л ажилтан хайж байсан юм гээд залууг ажилд авлаа.
Залуу хөдөлмөрч, найрсаг, тусч байж, хамт олныхоо дунд нэр хүндтэй нэгэн болж, компанийн ажил ч цэцэглэж эхэллээ. Зөвхөн өөрийгөө юмны түрүүнд тавьж, хүссэн болгоноо авдаг, эцэг эхийнхээ түүний төлөө яаж зүтгэж байгааг эс ойлгон, тэгж байх ёстой мэт санадаг залуучууд болон удирдлаган доорх ажиллагсадтайгаа дээрэнгүй харьцдаг залуучууд нийгэмд бага байгаасай. Ажлаасаа ирээд хоолоо идээд, телевиз үзэн тухлан суухаасаа өмнө гэр бүлийнхэндээ өдөр тутмынх нь ажилд юугаар ч хамаагүй жаахан ч гэсэн тусалж , хамт суун ярилцаж, үр хүүхдүүдээ хүний хөдөлмөрийг үнэлж, урамшуулж, тусалж байхыг үлгэрлэн сургаж байгаарай.
Ээжийн гар | ||
Үзсэн: 3602 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.