Шууд Chart

Итгэл

2016-11-19 12:24:55

Нэгдүгээр ангид орсон жаахан хүүхдүүдийг тосон авсан тэр нэгэн жил.

Ангид маань хүүхдүүд шулганалдан гүйлдэж хичээл номоо хийх нь их л сайхан харагддаг байжээ.Бүгдээрээ өөр өөр газраас бас ээж аавын гараас дөнгөж ирсэн хэдий ч хичээлдээ анхааран хичээж буй нь нүднээ илт. Тэдний дотор Мурата хэмээх нэгэн хөвгүүн л их дэггүй , өмссөн хувцас нь хиртэй, хичээл ном нь их задгай халтар учраас бусдаас андашгүй ил харагддаг байлаа. Би энэ хүүгийн талаар өгүүлэх гэсэн юм л даа.

Залуухан багш байхдаа хөтөлдөг байсан тэмдэглэлийн дэвтрээ сөхлөө.

Эхний хуудаснаас эхлээд л Мурата күний тухай бичжээ.

....Нэгдүгээр ангидаа их цоглог эрч хүчтэй ,найрсаг хичээл номдоо ихэд хичээдэг..." гэсэн бол, хоёрдугаар ангид ээж нь өвчтэй учир өглөөний цай ундаа хүү өөрөө бэлтгэдэг. Тийм болохоор өдөр бүр хоцордог. Хиртэй хувцастай бас нойрмог.

Мурата гурав дугаар ангид: Ээжийнх нь өвчин улам хүндэрч өглөө бүр эмнэлэг явдаг учир хичээл дээр ядарч унтаж орхидог. Улмаар ээж нь нас барж сурах идэвхгүй өдөр бүр сэтгэлээр унасан байдалтай...

Мурата дөрөвдүгээр ангид: Аав нь амьдрах итгэлгүй болж архинд оржээ.... гэх зэргээр тэмдэглэл цааш хөвөрчээ.

Хөөрхий дөө Мурата хүү минь... Тэгээд яалаа даа байз... Аа тийм. Гэрээр нь очиход хүү аавдаа зодуулсан байсан даа. Тэгэхэд амьдралд итгэх итгэл алдарч байгааг хүүгийн царайнаас би олж харж билээ. Би энэ хүүд цаг гаргахгүй бол ... гэсэн бодол толгойд эргэлдэж өөрийн эрхгүй Мурата хүүд туслахаар шийдсэн юм даг.

...Мурата күн багш нь маргаашаас эхэлж оройтож илүү цагаар ажиллах болохоор /үнэндээ илүү цагаар ажиллана гэж худлаа хэлсэн хэрэг /хичээлийн дараа үлдэж давтлага хийж болно шүү гэхэд хүү инээвхийлэн толгой дохьлоо. Сургуульд орсноос хойш анх удаа Мурата хүү инээвхийлж байгаа нь тэр юм. Одоо бодоход тэр хүүд итгэл өгсөн учраас, хэн нэгэн түүнд хэрэгтэй байгаа учраас миний хэлсэн үгэнд баярлаж сэтгэл нь дулаацсан юм боло вуу гэж боддог юм.

Сургууль дээр үлдэж хичээлээ давтсанаас хойш 7 хоногийн дараа анх удаа Мурата хүү гараа түрүүлэн өргөж самбарт гарч тоо бодов. Багш болсноос хойш анх удаа энэ өдөр сэтгэл дүүрэн өнгөрч билээ.

2 сарын дараа сургуулийн шинэ жил болов. Хүүхдүүд анги танхимаа гоёж, дуу хуур болон Санта өвгөнөөс ямар бэлэг авахаа ярилцан их л баяр хөөртэй.

Гэтэл энэ үед Мурата хүүгээс "Багш танаа" гэсэн хичээнгүйлэн бичиж хаягласан жижигхэн цэвэрхэн ууттай бэлэг авлаа. Гайхан задлаж үзэхэд тал дундуурхан гоёмсог үнэртэй сүрчиг.
Хүүхэд юм хойно талыг нь асгаж дээ гэж бодон хоёрхон дуслыг түрхээд шинэ жилийн баярт оролцоод оройхон Мурата хүүгийн гэрээр нь эргэж орлоо.

- Багшаа хэмээн урдаас гүйж ирээд "Зочилж ирсэнд баярлалаа. Танаас миний ээжийн үнэр үнэртэж байна. Ямар сайхан шинэ жилийн үдэш вэ ?..." хэмээн баярлан хэллээ. Хүүгээс бэлгэнд авсан тал сүрчиг түүний ээжийнх байсныг би тэгэхэд төвөггүй ойлголоо. Өвлийн хүйтэн сар шувтарч хаврын Сакура цэцэглэх цагаар сургуулийн төгсөлтийн баяр болов. Уг баяр дээр хүүхдүүд эцэг эхдээ захидал бичиж, түүнийгээ олны өмнө уншиж танилцууллаа. Уйлах нь уйлж, баярлах нь баярлаж, инээх нь инээж байх ийм үед Мурата хүү бусдын адил захидлаа дэлгэлээ.

...Багшаа танд баярлалаа. Та миний ээжийг орлож байсан хамгийн ачтай хүн. Та надад итгэл хайрласан. Би өөрийгөө таны хүү гэж боддог.

- Та бол хамгийн гайхалтай хүн. Баярлалаа... багшаа.

Сэтгэл нэг л хачин болж орхив.

Энэ хүү сайн сайхан яваасай,аз жаргалтай болоосой гэж дотроо залбирч суулаа. Ингээд 6 жилийн дараа нэгэн ил захидал ирлээ.

...Маргааш ахлах сургуулийн төгсөлтийн баяр. Үнэндээ би дунд сургуульд багш тантай тааралдсан хувь тавиландаа үргэлж баярлаж талархаж явдаг. Таны ачаар хичээл номоо сайн хийж тэтгэлэг аван ахлах сургуулиа төгсөж байна. Би удахгүй их сургуульд дэвшиж суралцана. Бүүр эмч болох хүсэлтэй байгаа.

Мурата хүүгээс... гэж бичсэн түүний захидлыг уншаад өөрийн эрхгүй Мурата хүүгээр бахархлаа. Түүнээс хойш 10 жилийн дараа бас нэгэн захидал ирлээ.

"...Багш тандаа энэ өдрийн мэндийг хүргэе. Би багш таныгаа бурхан гэж бодож дээдэлж явдаг шүү. Би их сургуулиа төгсөөд одоо нэгэн эмнэлэгт эмчээр ажиллаж байгаа. Ээж маань өвчнөөр нас барсан,аавдаа зодуулж байсан өвдөлт гээд олон шалтгаан энэ мэргэжлийг сонгоход хүргэсэн багшаа. Тандаа баярлаж явдаг шүү. Та биеэ бодож байгаарай... Мурата".

Ашгүй дэ энэ хүү амьдралд хөл алдахааргүй болж. Одоо миний санаа амрах нь дээ.

Түүний дараа 2 жил өнгөрөхөд шуудангаар гоёмсог өнгийн хуримын хагаки  /ил захидал/ ирлээ.

"...Хаврын дулаахан өдрийн мэндийг эрхэм багш тандаа хүргье. Хувь заяаны учирлаар тантай холбогдож өдий зэрэгтэй яваадаа ихэд талархаж явдаг юм. Маргааш миний хуримын ёслолын өдөр. Таныгаа урьж байна. Заавал ирээрэй. Ээжийн минь суух ёстой байсан тэр эрхэм суудалд та минь суугаарай. Ээжийн минь оронд ээж болсон таныгаа хүндэтгэн ёсолсон Мурата. Нээрээ багшаа таныг ээжээ гэж дуудаж болох уу ..." гэж бичжээ.

Нүдэнд нулимс цийлэгнэж ямар ч үг гарсангүй. Тиймээ амьдрал гэж итгэл дээр жигүүрлэвэл хичнээн сайхан юм бэ гэж бодлоо. Аль хэдийн миний хүү шүү дэ гэж сэтгэлдээ хэллээ.

Хүнд өгөх итгэлээс хичнээн сайхан зөв эерэг зүйлс гардагийг эндээс харж болох юм. Сасамото багшийн яриаг сонсоод амьдралдаа алдаж байгаа хэн нэгэндээ итгэл сэтгэлээр дэмжиж тусалж байвал энэ хахир нийгэм дулаахан сайхан болдог юм байна гэж бодогдлоо.

Сасамото сэнсэй хүүтэй болсон энэ гайхалтай түүх итгэлээс эхтэй ажээ.

Нийтэлсэн: Н.Базарсүрэн

Итгэл  
Үзсэн: 1968 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
САЙХАН... [103.26.193.xxx] 2016-11-22 17:02
ЯПОНЧУУД САЙХАН ХҮМҮҮС. ТУСЫГ ХҮРТСЭЭР Л БАЙНА. ДАЛАЙ БАГШИЙН АЙЛДВАР: АСРАХУЙ, ЭНЭРЭХҮЙ АЗ ЖАРГАЛЫН ҮНДЭС. МОНГОЛЧУУД ТҮҮНД ХАМГИЙН ОЙРХОН ХҮМҮҮС.

Бидэнтэй нэгдээрэй