Шууд Chart

Л.Хүрэлбаатар: 2009 оны хямралын дараагаар зөв замдаа орж байлаа бид

2016-11-24 10:08:48

“Монос” группыг үүсэн байгуулагч, төрийн соёрхолт, академич Лувсангийн Хүрэлбаатар: “Бүтээлч санаа таатай нөхцөлд төрдөггүй” гэж үг бий. Сайн сайхан нөхцөлд хүний сэтгэл ханаад илүү дутуу юм боддоггүй. Хүнд нөхцөл хүрээд ирэхээр л хүний оюун ухаан хурцлагддаг. 2009 оны эдийн засгийн хямралаар манай компани зөв замдаа орсон гэж ойлгодог.” 

-Та эдийн засгийн энэ  нөхцөл байдлыг бизнес эрхлэгчийн хувьд  ямар  байдалтай байна гэж дүгнэж байна?  

-Эдийн засаг маш хүнд байна даа. Эдийн засаг хүндрэхээр хаа хаанаа зардлаа бууруулдаг, хасч танадаг. Компаний зардлын хамгийн их хувийг  цалин эзэлдэг.  Гэтэл цалинг бууруулна гэдэг эдийн засгийн хямралын үед хамгийн эмзэг асуудал.  Гадаадад  ийм үед хамгийн түрүүн л ажилчдаа халж, чөлөөлдөг юм байна лээ.   Манайд  эдийн засаг өнгөрсөн жилээс хүндэрч ирсэн ч бид болж өгвөл хүнээ халахгүй юм сан гэсэн бодлого барьж  байна.   Уул нь  бид жил бүр ажилчдынхаа цалинг  доторхой хэмжээгээр нэмж, бонус урамшуулал өгдөг. Одоо бол түр  зогссон.  Одоо харин энэ бэрхшээлийг яаж давахав  гэдэг дээр  хүн бүр ухаанаа сорьж байна.  Ер  нь  бэрхшээл  гэдэг заримдаа зөв юм шиг байна лээ. 2009 оны эдийн засгийн хямралаар манай компани зөв замдаа орсон гэж ойлгодог.   Ашиг жилдээ 20-30 хувь өсөөд ирэхээр бид илүү  дутуу зардал гаргадаг,  юманд тооцоогүй ханддаг гээд янз бүрийн алдаа гаргаж  байсан.  Энэ байдлаа 2009 оны хямралын үеэр олж харсан гэж боддог.  Энэ жил бас л бүх  захирал, ажилчид маань  яаж бүтээмжээ өсгөхөв, зардлаа яаж танахав гэдэг дээр   янз янзын  бодол санаа уралдуулаад  явж байна даа.

-Эдийн засаг хүндэрснийг бодит жишээгээр хэлээч?  

-2000 төгрөгөөр авдаг байсан барааг 2500-аар авчирч байна.  Гааль, худалдааны татвар, НӨАТ гээд нэмэхээр бүтээгдэхүүн  нилээд үнэтэй болж байна.  Гэтэл хүмүүсийн худалдан авах чадвар буураад байдаг.   Жишээлбэл антибиотек эмийг хэрэглэж эхэлсэн л бол доод тал нь 20 шахмалыг уух хэрэгтэй. Тэгээгүй тохиолдолд хүний бие дэхь нян нь бүрэн устахгүй,  харин ч антибиотект тэсвэртэй нян үүсчихдэг. Гэтэл  уух  эмээ  багасгаад  таллаж, хувааж  авч байна.  Ийм байдлаар эмээ бүрэн гүйцэд авч чадахаа байчихаж байна.

-Нөгөө талд  эмийн бизнэс манайд хамгийн ашигтай бизнес, салбар гэж ойлгогдог. Эрэлт хэрэгцээ ч нэмэгдээд  байна.  Энэ утгаараа   эдийн засгийн хүндрэлд бага  өртөж байгаа салбарын нэг юм биш үү?    

-Саяхан манай найзын хүү уулзлаа.  Хувьцаат компани болох гэж байгаа гэл үү.  Манайх  хөрөнгө оруулъя  гэж  байна.  Гэтэл миний балансыг авч үзчихээд ийм бизнес гэж юу байсан юм  гээд ширээн дээр чулуудчихаад  гараад явчихсан ш дээ.    Өнгөрсөн гуравдугаар улирлын байдлаар манайх  3,3 хувийн ашигтай ажилласан.    Долларын ханш  ингэж өссөн юм чинь оны эцсээр алдагдалтай гарах байх.  Миний тооцож байгаагаар  2-3 тэрбум төгрөгийн алдагдалтай гарах болов уу.  Гэсэн ч ханшийн хөөрөгдлийг дагаад бүтээгдэхүүнийхээ  үнийг  өсгөж болохгүй л дээ.   Үнэхээр хүнд байна.  Тиймээс бид энэ алдагдлыг юугаар нөхөхөв  гэдгийг хайж  байна. Та нөхөд харсан бол манай эмийн сангууд фарм маркет гээд өөрөө өөртөө үйлчилдэг супер маркет нээсэн.  Үүнийг зарим хүмүүс эмийг лангуугаар зардаг боллоо гээд ойлгохгүй байгаа юм.    Анзаарах юм бол лангууны цаана жортой эмийн тасаг  бий.  Анилгин, аспирин, витаминууд гээд жоргүй олгодог эмийг наана нь зардаг. Үүний хажуугаар ариун цэврийн, гоо сайхны,  хүүхдийн тэжээл,  хүүхэд асрах бараа,   коллари багатай бүтээгдэхүүн,  ном гээд маш олон төрлийн барааг зарж  байна.  Үүнээсээ л  ашиг олж, энэ алдагдлаа нөхөх хэрэгтэй  байна.

-Яг ийм байдлаар ажилчдынхаа халаас руу өнгийж, хоолноос нь  хороохгүйгээр   хүндрэлийг давна гэж төлөвлөж байна уу? 

-Тийм санаа байна.  Гэхдээ яг шудрага хэлбэл бид зарим зардлаа хассан. Удаан жилийн нэмэгдэл, ажлын бүтээмжийн урамшуулал гээд   бүх нэмэгдлээ хассан.  Ажилчдаасаа   уучлал гуйсан л даа.  Цаг сайхан болохоор  нөхөж өгнө гэдгээ ч хэлсэн.  

-Тэгвэл судалгаа шинжилгээний  салбарт оруулж байгаа жилийн 1 тэрбум төгрөгийн зардал хасагдах   уу?

-Энэ зардал хасагдах ямар ч боломж байхгүй.  Бид ирээдүйгээ  харж, тооцож  явахгүй бол болохгүй.   Өнөө маргаашаа бодвол  энэ хүрээлэнд ажиллаж байгаа гуч, дөчин  эрдэмтнээ халах болно. Өчнөөн мянган хулгана, харх, туулай байгаа.  Энэ  амьтдыг тэжээх хэрэгтэй.  Ямар хямрал боллоо гээд өлсгөөд байлтай биш.  Олон сайхан чадалтай эрдэмтэд манайд бий.    Чех, Австри, Япон, Солонгос, Хятадад эрдмийн зэрэг хамгаалсан судлаач, эрдэмтдээ халалтай биш.   Олон жил ажиллаж байгаа туршлагатай, төрийн шагналт Л.Лхагваа академич байна. Хэмнэж болдоггүй зардал, халж сольж болдоггүй хүмүүс гэж бий.

-Шинжлэх ухаан, судалгааны салбарт маш их цаг,  хөрөнгө зарж байж сая үр дүн гардаг гэдэг.  Яг одоо танай Эм судлалын хүрээлэн ямар бүтээл дээр ажиллаж байна?                                              

 -Би боддог юм.  Анхнаасаа манай байгууллага шинжлэх ухаанчаар ажиллаж ирсэн.  Манай жигүүр бол шинжлэх ухаан.  Манай компаний нэр ч тийм.  “Монос” гэдэг бол монгол оюун санаа гэсэн үг.  Мэдлэгтэй, шинжлэх ухаанаар жигүүрлэсэн, монгол хүний оюуны царааг таниулсан  бүтээл хийх юм сан гэсэн тийм л зорилгоор байгуулсан.  Манай компани 1990 онд байгуулагдахдаа л дэргэдээ зохион бүтээх тасагтай байсан.   Өөрөө хэлбэл хүний хийж байгаа юмыг дуурайхгүй, дандаа шинийг сэдэж, зохиож бүтээж явсан гэсэн үг.  Манай анхны бүтээгдэхүүн болох   “Булга” тос гэхэд л  Түр хурхын аж ахуйн тэнд булганы аж ахуй байсан. Тэнд булгыг нядлаад арьсаар нь   гоёл  хийдэг байлаа.    Үлдсэн гулууз махны   өөх тосыг нь  авч хайлуулаад бүсгүйчүүдийнхээ нүүрний тосыг хийж байлаа.  Эртний ном сударт булганы  тос нүүрэнд сайн гэж бичсэн байдаг.  Тиймээс  ч бүсгүйчүүд нүүрээ арчилдаг байж.   Энэ жорыг судлаад эмэгтэйчүүдийнхээ тосыг хийж байлаа.  Бүүр анхныхаа бүтээгдэхүүнээс эхлээд одоог хүртэл инновацийн гэдэг юм уу,  хүний оюуны хөдөлмөр шингэсэн шинэлэг бүтээгдэхүүн үйлдвэрлэх гэж хичээж байна л  даа. Үүний үр дүн гарч эхэллээ.  Гурван жилийн өмнө бид нефромон гэдэг эмээ Оросд бүртгүүлсэн. Туршилтын журмаар үйлдвэрлэж эхэлсэн. Их хэмжээгээр үйлдвэрлэхээр үйлдвэрийн технологид асуудал гарсан. Технологио ахиж боловсруулж, хянуулаад сая энэ 11-р сараас эхлээд өргөн хэмжээгээр үйлдвэрлэж эхэллээ.

Энд нэгдүгээрт монгол хүн зөвхөн түүхий эдээ л экспортлогдог байсан бол  жинхэнэ оюуны бүтээлээ экспортлож байна. Экспортлох экспортлохдоо  эмээ ч  гаргахгүй, судалгааныхаа материалыг өгөөд, технологио заагаад патентаа зарж байна гэсэн үг.  Жинхэнэ оюуныхаа хөдөлмөрийг.  Тэгээд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээс нь ашиг хүртэж байна.    ОХУ-д  бүртгүүлэх  гэж 6-7 жилийн хугацаа  зарсан.  Учир нь монголд хийсэн туршилтыг Оросууд хүлээн зөвшөөрдөггүй.  Хэдийгээр өөрсдийнхөө лаборторид хийсэн ч  ОУ-д магадлан итгэмжлэгдээгүй гээд.    Хүн дээрхи туршилтаа мөн улсынхаа хамгийн том эмнэлэг болох клиникийн 1-р эмнэлэг,  мөн Хавдар судлалын Үндэсний төв дээр хийсэн ч тухайн  эмнэлэгүүдийг  ОУ-ын магадлан итгэмжлэлгүй гээд хүлээн зөвшөөрөөгүй.    Тийм газар монголд байхгүй л дээ.  Тэгээд  “Уучлаарай, бид таны хүн дээрхи туршилтыг ахиад хийнэ” гэсээр байгаад  7 жил болж байж сая зөвшөөрч байгаа нь энэ.  

-Нефромон нь бөөрний эм гэл үү?

-Бөөрний үйл ажиллагааг сайжруулдаг сироп хэлбэртэй эм байгаа юм.  Санктпетербургийн ФАРМ -МЕДИ компаний захирал бусад захирлуудтайгаа ирээд гэрээ хийгээд явлаа. Одоо ОХУ-д өргөн хэмжээгээр борлогдож  эхэллээ.  

-Яг ийм төрлийн эм бусад улс оронд хэр байгаа бол?

-Яг ургамлын гаралтай бөөрний эм цөөхөн байдаг. ОХУ-д канефром гэдэг эм байгаа.  Энэ эмнээс манай нефромон бэлдмэл илүү байгаа юм. Тиймээс канефромоос ядаж 50 центээр илүү үнээр борлогдох ёстой гээд ОХУ-д 8 доллароор зарагдаж эхэлж байна. Оросд байгаа ургамлын гаралтай бөөрний бэлдмэлүүд  дотроос хамгийн үнэтэй, нэг номерийн бэлдмэл болж байна.  Энэ нь монгол хүний оюуны чадавхийг харуулж буй.  Ганц энэ ч биш бид өөр  бүтээлүүд дээр ажиллаж  байна.  Ирэх 7 хоногт би Солонгос руу явна. Солонгосын Уламжлалт анагаах ухааны их сургуультай хамтарсан судалгаа хийхээр гэрээ хийсэн.  Мөн Солонгосын судалгаа, шинжилгээ үйлдвэрлэл хосолсон гоо сайхны компанитай хамтарч чацарганы бүтээгдэхүүн судалж байгаа.  Энэ мэтээр бид гадагшаа шинжлэх ухаан, мэдлэг шингэсэн бүтээлүүд гаргахыг зорьж байна.  

-Танай  Эм судлалын  хүрээлэн  хичнээн эм бэлдмэл шинээр гаргаад байна?

-Монголд Эмийн стандартын номонд орж батлагдсан, ЭМЯ-ны Хүний  эмийн зөвлөлөөр орж зөвшөөрөгдсөн хамгийн сүүлчийн эм бол  эвацитризин, ларатитин гэсэн харшлийн эсрэг хоёр шинэ эм байна. Энэ жил нийтдээ 8 бэлдмэл үйлдвэрлэлд нэвтрүүллээ.  Ер нь ихэнх  эмийн бүтээгдэхүүн гадаадад үйлдвэрлэгддэг.  Ийм эмний монгол  хувилбарыг  үйлдвэрлэхэд клиник судалгаа хийдэггүй болохоор 2-3 жил л болдог.   Харин  өөрсдөө цоо шинэ бүтээгдэхүүн гаргаж авахад 5-8 жилийн хугацаа шаарддаг.  Бид  “элиппин” гээд  хавдрын эсрэг бэлдмэл гаргаж авах гэж 18 жил болж байна. 

-Үхрийн элэгнээс  гаргаж авч байгаа хорт хавдрын эм гээд байдаг уу?

-Тийм.  Стандарт нь сая батлагдсан.  Гэхдээ хэрэглэгчдийн гар дээр очих арай л болоогүй байна.

-Тэгвэл 18  жилийн хугацаа орсон энэ бүтээлд нийтдээ  хэдий хэмжээний  хөрөнгө зарсан  бол?

-Тооцоход хэцүү юм байна лээ. Бид сүүлдээ долларт шилжүүлэх үү яахав гэж ярьцгаагаад.  1998 онд манай  Эм судлалын хүрээлэнгийн захирлын  цалин 80 000 төгрөг байсан бол  одоо  дөрвөн  сая төгрөг болсон.  Зөвхөн цалингийн хувьд ийм өөрчлөлт гарч. Үхрийн элгийг биотехнологийн аргаар боловсруулж байгаа энэ  цех  15-16 жил тасралтгүй ажилласан. Шөнө нь ч зогсдоггүй. Гурван ээлж ажилладаг.  Ферментжүүлэх ажил ерөөсөө зогсдоггүй л дээ. Энэ бүгдийг тооцохоор 6 орчим тэрбум төгрөг шууд гарсан байдаг.  Дээр нь гадагшаа аваачиж  судлуулах ажил байна.  Мөн түүнийгээ авч явжу гаднаас  зөвөлгөө авах, илтгэл тавих гээд  зардал их гардаг.  Шинэ юм болохоор одоо  яг амлахад хэцүү юм л даа. Гэхдээ л стандарт нь батлагдлаа.

-Одоо танай  “Монос”-ын борлуулж байгаа эмийн бүтээгдэхүүний хэдэн хувь нь  танай өөрийн бүтээгдэхүүн байна?

-Ер нь 40 орчим хувь нь манай өөрийн бүтээгдэхүүн байгаа. МУ-ын хэмжээгээр нийт эмний 75 хувь нь гадны бүтээгдэхүүн, эмнүүд байдаг.

-Та хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэх  үүрэгтэй  мэргэжлийн хүн. Нөгөө талд энэ салбараас ашиг олох гэж байгаа бизнесмэн.   Энэ хоёр  ашиг сонирхлыг яаж эвлэлдүүлж  ажилладаг вэ?  Нэг ярилцлагадаа   “Би тангараг өргөсөн эм зүйч хүн” гэсэн байсан? Гэтэл  “бизнесмен төрх” өөрөө олонд илүү харагдаж, хардагдаж  болох юм.

-Нэгдүгээрт эм зүйч хүн тангараг өргөдөггүй. Тэгэхдээ  би өөрөө хэнхэгтэй ч  юм уу, эцэг эхээс өвлөсөн хүмүүжил ч  гэх юм уу эм зүйч хүн  тангараг өргөх ёстой гэж боддог.  Тэгээд   би  ДЭМБ-ын эм зүйч нарын ёс суртахууны кодекс гэдгийг орчуулаад  Монголынхоо нөхцөлд тааруулан тангараг  бэлтгэсэн. “Эм зүйч нарын андгай” гэж нэрлэсэн л дээ.  Монголын эм зүйч нарын анхдугаар их  хурлыг 2005 онд хийсэн.  Манай компани зардлыг 100 хувь дааж байлаа.  Тэр их хурлаар хэлэлцсэн хамгийн гол асуудлын нэг нь эм зүйчийн ёс зүй байсан юм.  Мөн андгайг хурлаараа батласан. Бүгд андгай   өргөсөн.  Ингээд гишүүн байгууллагууд жилдээ нэг удаа андгай өргөж байхаар болсон.   “Монос” Эм зүйн шинжлэх ухааны их сургууль 11 жил мөн эм зүйчийн андгай өргөж байна.  Нэг талаар хууль зөрчиж байгаа мэт  боловч нөгөө талд хүмүүсийг сайн дураараа хувь хүний төлөө  өндөр ёс суртахуунтай, хүн чанартай, хүний  мөстэй ажиллана  гэж  тангараг өргүүлж байгаа юм.  Ийм тангараг санаачилж, өргүүлж байгаа хүний хувьд би  хүнээ, хүний эрүүл мэндээ л  тэргүүнд   тавина.  Бизнес талаас нь яривал хүн ёс суртахуунаа алдвал түр зууртаа ашиг   олж  магадгүй.   За бараг ашиг олохгүй дээ. Нэг удаа хүн хуурч болно.  Ялангуяа манай салбарт нэг хоёр удаа чанаргүй эм гаргаад, нэг хоёр удаа  эвгүй сэтгэгдэл төрүүлсэн  тэр хүний нэр хүнд байхгүй гэсэн үг. Бизнесд нэр хүнд шиг чухал юм үгүй. Тэгэхээр бизнес өөрөө ёс суртахуунтай байж хөгждөг. Ер нь дампүүрч байвал хоёр л шалтгаан байдаг гэдэг дээ.  Нэг нь бизнесийн мэдлэг,  удирдлагын  чадвар. Нөгөөд бизнесийн ёс зүйгүй байснаас болдог.  Бизнес ёс зүйтэй байж л хөгжинө.

-Яг өнөөдөр  эдийн засгийн хүндрэлийн үед Монголын хөрөнгийн бирж дээр  IPO хийж байгаа хоёрхон компаний нэг нь  танай “Монос”.   Үнэхээр бизнес чинь ашигтай, шинэ санаа чинь  өгөөжтэй юм бол гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад  хандахад, эсвэл  ах дүү, төрөл садангаараа аваад явахад илүү хялбар байгаагүй гэж үү?

-“Монос” тодорхой  түвшинд хүрчихсэн.  Банкнаас зээл авахгүйгээр бизнесээ аваад яваад байж болно л доо. Ний нуугүй хэлэхэд бид их амбийцтай гэх үү, хэт өөдрөг байгаа л даа.  Бизнесээ улам л өргөжүүлмээр байна.  13 тэрбум төгрөг,  дээр нь гадны зээл, өөрийн хөрөнгө гээд  нийт 19 тэрбум төгрөгөөр сайхан эмийн үйлдвэр босголоо.  Тэгээд  араас нь антибиотек, ургамлын, тосон эмийн үйлдвэр гээд 5 үйлдвэр нэмж ашиглалтад оруулах  гэж  байна.   Энэ хөрөнгийг гадаад,  дотоодын банкны  зээлээр босгож  тэднийг арвижуулж, баяжуулах уу,  эсвэл ард түмнээ баяжуулах уу гэдэг асуулт  гарсан.   

Хувьцаа худалдаж авч байгаа хүн бизнес хийж байгаа гэсэн. Сайн компаний хувьцааны үнэ байнга л өсч байдаг.  Жил болгон ноогдол ашгаа авна. Түүнээс гадна хувьцааны үнэ өсөхөөр давхар  ашиг олно. ГАдны улс орнуудад ингэж л хөрөнгө оруулалт, бизнес явдаг. Харин манайд  хүн бүр бизнес хийх гээд зүтгээд  байдаг.  Бизнес нь  мэргэжлийн их өндөр мэдлэгтэй, зоригтой, ёс зүйтэй гээд олон шалгуураар босдог.  Мөн тодорхой нөхцлүүд бүрдсэн байх хэрэгтэй.  Энэ бүхэн хүн бүрт тэгш заяадаггүй. Тиймээс ч маш олон бизнес дампуурч байдаг.  Жилд шинэ компаний 3-ны хоёр  нь дампуурч байдаг зүй тогтолтой.  Тэгэхээр ингэж заавал дампуурч байх уу, аль эсвэл олон жил ажилласан туршлагатай явж байгаа компаний хувьцааг  авч  ноогдол ашиг хүртэх үү.   Төгрөгийн ханш унах үед компаний хувьцаа бас л өснө гэсэн үг. Тэгэхээр хөрөнгөө доллар, алт болгож хадгалах биш, хувьцаа болгож давхар ашиг хүртэх боломж хэн хүнд бий.  Тиймээс л ард түмэндээ  энэ  өгөөжийг  өгье  гэсэн бодол байгаа юм.

-Танай мэдээллээс харахад “Монос” эмийн худалдаа, үйлдвэрлэл, худалдааны салбарт монопол  болох  нь.  Энэ давуу байдал эргээд  өрсөлдөөнийг бууруулж, хэрэглэгчдийг хохироох вий  гэсэн  болгоомжлол  төрүүлж  байна?  

-Ийм болгоомжлол байж болно л доо.  Бидэнд  жаахан амбийц бий. Өөдрөг,  их дэврүүн үзэл бодолтой байгаа.  Манай компаний  уриа бол монгол оюун санааг дэлхийд таниулна.  Тодруулж хэлбэл  гадагшаа гарна, экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ гэсэн зорилго.  Үнэнийг хэлэхэд  3 сая хүнд зориулж эм үйлдвэрлэнэ гэдэг бол их  хүнд асуудал.  Маш цөөхөн ширхэгийг үйлдвэрнэнэ.  Нэг төрлийн эмийг хүн бүр хэрэглэхгүй ш дээ. Манай хлорфинаминыг  жилдээ 100 мянган хүн л хэрэглэдэг. Тогтмол биш шүү дээ.  Тэгэхээр ийм цөөхөн ширхэгээр үйлдвэрлэхээр ашиг бараг байхгүй.  Бүтээгдэхүүнийг маш олноор үйлдвэрлэж байж  ашиг гардаг гэдгийг ямар ч үйлдвэрлэгч мэднэ.      Манай Монгол Төвдийн эмийн олон мянган жор бий.   Бидэнд харин орчин үеийн мэдлэгтэй залуус, тоног төхөөрөмж бий. Энэ бүгдийг ашиглах юм бол монгол дэлхийд гарах боломж байна. Тиймээс  л бид их хөрөнгө зарж  том үйлдвэрүүдийг зоригтой  босгож байна л даа.  Түүнээс  биш манай шахмал эмийн ганцхан машин гэхэд л монголын шахмал эмийн хэрэгцээг бүрэн хангаж чадна.

-Монголд  амжилттай ажиллаж байгаа бизнесменийг  улс төр оролддог.  Эсвэл тэд өөрсдөө улс төрөөр  оролддог.  Хутгалддаг.  Нөмөр нөөлгөө хийдэг.   Харин танаас улс төрийн үнэр нэг их ханхалдаггүй санагдах юм.  

-Би одоо аль ч нам бус.  1989 онд МАН-д элссэн. 90 оны Онц их хуралд сууж шинэчлэлийн төлөө нилээн зүтгэсэн.  Харин 90 онд  компаниа байгуулаад улс төрийг  орхисон.  Хүн чаддаг юмаа л хийе гэсэн хэрэг.  Би эм үйлдвэрээд, эмийн үйлдвэрлэлээ манлайлаад, энэ салбарыг хөгжүүлэхэд  хувь нэмэр оруулъя гэж зүтгэсэн. Энэ албыг 18 жил удирдлаа.  Миний компанидаа нэг хэлдэг үг бий.  “Компани дотроо  улс төр хийхгүй, аль нэг нам руу хазайхгүй шүү.  Харин  гэртээ  хариад, гудамд гараад  дуртай нам, дуртай үзэл бодлоо илэрхийлж болно”  л гэж хэлдэг.  Компани дотор аль нэг намыг дэмжсэн үйл ажиллагаа явуулахгүй шүү л гэдэг.  Ийм болохоор  компани маань ч, би ч нам бус л гэдэг.

-Улс төрд оролцохгүйгээр бизнес хийхэд хэцүү гэж зарим бизнес эрхлэгчид хэлдэг л дээ. Танай хувьд?

-Үнэн үнэн. Үнэхээр  хүнд байна.

-Хүнд гэдгийг юугаар хэлэх вэ?

-Аль ч намын Засгийн газар гарсан  тендер гэдэг юм манайд маш ховор олддог. Тэр намын компани, энэ намын компани гээд л урдуур ороод тендер аваад явчихдаг ш дээ.  Манай дүү АН-д байдаг болохоор  “Монос”д тендер өгч болохгүй шүү АН-ынх гэсэн гэдэг.   Тэгэхээр нь би сайд дээр нь ороод “Та нар компанийг намаар нь ялгадаг юм уу.  Тэгвэл би уг нь МАН-ынх л байгаа юм. Батлах нь  ч  байгаа. Үзэл бодлоороо дэмжиж л явдаг.  Компаний ихэнх нь миний хувь байгаа юм.  Ингэж бодвол надад өгмөөр юм. Тэгэхдээ би та нараас тендэр гуйхгүй”  гэж хэлээд гарч байсан.  Өөрөөр хэлбэл тендэр, хөрөнгө оруулалтыг тэр, энэ намын гэж хуваарилах гээд байдаг, томоохон хөрөнгө мөнгийг намууд хуваагаад авчихдаг учраас хүн бүр л нам руу зүтгээд байна л даа.  Харин би өөрийнхөө хүүхдүүдийг, ах дүү нараа улс төрөөс хол яв л гэж хэлдэг.

-Та нэг зүйл сануулчихлаа.  УИХ-ын өнгөрсөн сонгуулийн өмнөхөн танай дүү, УИХ-ын гишүүн асан  Л.Эрдэнэчимэг  ёс зүйгүй аашилж, олны дургүйцлийг хүргэсэн. Үүнд та ахын хувьд яаж хандсан бэ?

-Би дүүгээ дандаа л зэмлэж загнаж байдаг.  Ажилчдаа ч гэсэн загнадаг.  Намайг шаардлага  өндөртэй, хатуу  хүн гэж манайхан ойлгодог.  Ажилчид маань ч тэгж ойлгодог.  Дүү маань алдсан.  Би зэмлэж л байсан. Тэр алдаа бол ганц хүний алдаа биш л дээ.  Угнаасаа тэр ордон гэдэг чинь  бугшчихсан. Төрсөн өдөр болохоор бүгд ууж идэж л байдаг. Бужигнаж л байдаг.  Хүн чинь төрөө хүндэтгэх хэрэгтэй.  Би дүүгээ зэмлэсэн.  Ахиж чи ийм юм хийв ээ. Чи ер нь улс төрөөсөө гар гэж зэмлэж байсан.  Яавч буруу зүйл.

-“Бэрхшээлүүд намайг өдий зэрэгт хүргэсэн”  гэж  та өөрийнхөө тухай ярьсан байсан.  Өнөөдрийн эдийн засгийн нөхцөл байдалд  бизнес эрхлэгч, ер нь хэн хүнийг хурцлах үгийн нэг  нь энэ болов уу?  

-Тийм л дээ. “Бүтээлч санаа таатай нөхцөлд төрдөггүй” гэж үг бий. Сайн сайхан нөхцөлд хүний сэтгэл ханаад илүү дутуу юм боддоггүй. Хүнд нөхцөл хүрээд ирэхээр л хүний оюун ухаан хурцлагддаг. Хэцүү үед  хэвийн үеийнхээсээ илүү их сэтгэдэг, илүү ажилладаг, сэтгэснийхээ хирээр  илүү шаргуу хөдөлмөрлөж, тэвчээр гаргадаг гэдгийг хэлье дээ.

-Танд баярлалаа.

Нийтэлсэн: Д.Даваадулам

Л.Хүрэлбаатар: 2009 оны хямралын дараагаар зөв замдаа орж байлаа бид   
Үзсэн: 4673 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [202.9.40.xxx] 2016-12-02 04:08
Ах дүү хоёр хоёр намыг нэг нэгээр нь зайдагнаж дандаа худал хэлж хүн, малын эмийн луйвар залилан хийж амташсан хүмүүс. Аливаад төгсгөл бий. Дүү нь үүл цоолж сансарт нисэх гээд, ах нь бас МАН-с дептаат болж гарах гээд уналаадаа. Энэ нөхөр чинь хорт хавдрыг эмчлэх шинэ нээлт хийлээ гэж баахан хүнийг зальдсан этгээд.
Зочин [122.201.22.xxx] 2016-12-01 10:44
ах дүү 2 сэтгүүлчидтэй буруу харьцсан.тэгээд юм юмаараа унасан
naraa [66.181.191.xxx] 2016-11-29 09:42
Эм л зардаг гэж ойлгоод байдаг ш дээ. Тэгсэн энэ ярилцлагаас Хүрэлбаатар гэдэг хүнийг бүтээлч сэтгэлгээтэй, монголд хийж бүтээсэн юмтай сүрхий хүн гэдгийг ойлголоо. Харин дүү нь үгэнд орох уу...ийм ахынхаа нэр хүндийг хайрлаж яваасай.

Бидэнтэй нэгдээрэй