Шууд Chart

“Монгол-93” шатахууны нийлүүлэлтийг 4 дахин нэмнэ

2013-10-27 07:30:00

Ерөнхий сайд Н.Алтанхуяг, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян нарын хэлэлцээ болон айлчлалын үеэр Засгийн газрын тэргүүнүүдийн баталсан "Монгол Улс, БНХАУ-ын хооронд Стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх дунд, урт хугацааны хөтөлбөр"-ийг үндэслэн уул уурхай, газрын тосны салбарт хоёр санамж бичигт гарын үсэг зурсан юм. Нүүрс хийжүүлэх үйлдвэр байгуулж, хийн түлш үйлдвэрлэнэкспортлох, Монголд нийлүүлэх газрын тосны бүтээгдэхүүний хэмжээг нэмэгдүүлэхэд чиглэсэн хамтын ажиллагааг дээрх баримт бичгүүдээр тодорхойлсон.

Монголын хүрэн нүүрсний ордыг түшиглэн шатах хийн үйлдвэр байгуулж, уг үйлдвэрийн бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээг хангах, улмаар Хятадын зах зээлд борлуулахад Хятадын Газрын тос, химийн "Синопек групп” корпорацитай хамтран ажиллана. Энэ үйлдвэр эхний ээлжинд жилд 15 тэрбум шоо дөрвөлжин метр хэмжээний шатах хий үйлдвэрлэх хүчин чадалтай байхаар урьдчилсан байдлаар төсөөлж байна. Энэ хэмжээний шатах хий үйлдвэрлэхэд жилдээ 50 орчим сая тонн хүрэн нүүрс ашиглагдана. Өнөөдрийн ханшаар 1 тэрбум орчим ам.долларын үнэ бүхий хүрэн нүүрс олборлох шууд үр ашгаас гадна 20 мянга орчим хүн ажлын байраар хангагдана. Монгол Улс хүрэн нүүрсний арвин нөөцөө ийнхүү гүн боловсруулан ашигласнаар байгаль орчинд ээлтэй эрчим хүчний эх үүсвэр бий болгох, химийн болон шатахууны үйлдвэрийн үндэс суурь тавихад чухал ач холбогдол өгнө.

Монголд олборлож буй түүхий тосны хэмжээ цаашид жил бүр өснө. Үүнтэй уялдуулан Хятадаас нийлүүлэх шатахууны хэмжээг нэмэхээр УУЯ-ны Газрын тосны газар, Хятадын “Петрочайна интернэйшнл” компанийн хооронд санамж бичиг байгуулсан. Монгол Улс өөрийн олборлосон түүхий тосоо МГЛ-93 автобензин болгоод, сард 10 мянган тонн хүртэл хэмжээгээр урд хөршөөс татан авахаар тохирсон байгаа. Замын-Үүд өртөөн дэх шингэн түлш шилжүүлэн ачих төхөөрөмжийн өргөтгөл ирэх сарын дундуур дуусах учраас дотоодын эрэлттэй уялдуулан урд хөршөөс авах шатахууны хэмжээг нэмэхээр тохиролцлоо.  Тус байгууламж бүрэн хүчин чадлаараа ажиллавал сард 35-40 мянган тонн шингэн түлш шилжүүлэн ачих болно. Шатахууны нийлүүлэлтийг ийнхүү нэмснээр дотоодын өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээг олон эх үүсвэрээс хангах, нийлүүлэлтийг тогтворжуулах, жижиглэнгийн худалдааны үнийн өсөлтийг зохицуулах зэрэг арга хэмжээ авах бололцоотой болно.


“Монгол-93” шатахууны нийлүүлэлтийг 4 дахин нэмнэ  
Үзсэн: 1425 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй