
Ерөнхий сайд Н.Алтанхуяг БНХАУ-д хийсэн айлчлалынхаа төгсгөлд тус улсад ажиллаж, сурч буй монгол иргэдтэйгээ уулзалт хийлээ. Монголын ЭСЯ-нд болсон энэ уулзалтын үеэр айлчлалын хүрээнд хийсэн яриа хэлэлцээнүүд, тохиролцсон хамтын ажиллагааны чиглэлүүдийн талаар мэдээлэл өгч, иргэдтэйгээ ойр дотно ярилцлаа.
Хятадад суралцаж буй оюутан залуустай холбоотой нэгэн хэлэлцээг Ерөнхий сайд айлчлалынхаа үеэр хийсэн юм. Хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээний дагуу одоо жилд 300 оюутанг өмнөд хөршид сургадаг. Энэ тоог гурав дахин нэмж, жилдээ 1000 оюутанг сургадаг болохоор тохиролцсоныг залуустаа дуулгалаа. Эдийн засгийн хамтын ажиллагаа, дэд бүтцийн бүтээн байгуулалтын төслүүдийн хөрөнгө оруулалттай холбоотой олон чухал хэлэлцээ хийсний үр дүн удахгүй гарч эхэлнэ. Тиймээс энд суралцаж буй монгол залуус цаашид улам олон салбарт идэвхжих хоёр орны харилцаа, хамтын ажиллагаанд чухал гүүр болох хүмүүс гэж Засгийн газрын тэргүүн онцлоод, эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулахын төлөө улам илүү шамдахыг захилаа. Хол ойр хаана байхаас үл хамааран монгол хүн бүр хөгжье гэсэн хүсэл тэмүүлэл тээж, байгаа газар орноосоо сайныг сурч, эзэмшсэнээ эх орондоо тээж авчран нэвтрүүлж чадвал тэр нь та бүхний оруулах том хувь нэмэр гэж Ерөнхий сайд хэллээ.
Монгол Улсын Ерөнхий сайдын БНХАУ-д хийсэн айлчлалын үндсэн хөтөлбөр энэ уулзалтаар өндөрлөж, 10 дугаар сарын 26-ны бямба гарагийн өглөө эх орондоо ирлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
Өмнөд хөршид ажиллаж, сурч буй монгол иргэдтэйгээ уулзлаа | ||
Үзсэн: 1326 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.