Шууд Chart

АНУ олборлолтоо нэмэгдүүлбэл ОПЕК-ийн тохиролцоо үр дүнд хүрэхгүй байх талтай

2016-12-03 18:20:14

/Орчуулга/

Хоёр жилийн өмнө дэлхий даяар газрын тосны нийлүүлэлт эрэлт хэрэгцээнээс давж эхэлснээс хойш олон улсын зах зээл дээр хар алтны ханш огцом унасан. Баррель нь 100 гаруй америк доллар байсан газрын тосны ханш баррель тутамдаа 40 америк доллар хүртэл унасан нь дэлхийн эдийн засгийн өсөлтөд муугаар нөлөөлж, Саудын Араб гэх мэт олборлогч орнуудад олон тэрбум америк долларын алдагдал учруулсан юм.

Харин одоо эдгээр орнууд алдагдлаа хязгаарлах алхам хийж эхэлж байна. Өчигдөр Австрийн Вена хотноо Газрын тос экспортлогч орнуудын байгууллага ОПЕК дэлхийн зах зээл дээр газрын тосны ханшийг өсгөх зорилгоор газрын тосны олборлолтоо өдөрт 1,2 сая баррелиар бууруулахаар тохиролцоонд хүрсэн байна. ОПЕК-ийн орнууд одоогоор өдөрт 33,7 сая баррель газрын тос олборлож, дэлхийн зах зээлд нийлүүлдэг. Харин сая хүрсэн тохиролцооны дагуу ОПЕК-ийн орнууд өдөрт 32,5 сая баррель газрын тос олборлох нь. Энэ хязгаарлалт ирэх оноос хэрэгжинэ. Саудын Араб, Ирак, Арабын Нэгдсэн Эмирт, Кувейт зэрэг орнууд ОПЕК дотроо олборлолтоо илүү хувиар танах юм байна.

ОПЕК нь Ангол, Алжир, Экуадор, Габон, Индонези, Иран, Ирак, Кувейт, Ливи, Нигери, Катар, Саудын Араб, Арабын Нэгдсэн Эмирт, Венесуэль зэрэг дэлхийн газрын тосны гол экспортлогч 14 орныг нэгтгэсэн байгууллага юм. Энэ байгууллагад дэлхийн газрын тосны нийт нөөцийн гуравны хоёр нь ногддог. Дэлхийн нийт олборлолтын 35,6 хувийг үйлдвэрлэж байна. Энэ байгууллагын гол зорилго нь гишүүн орнуудынхаа ашиг сонирхлыг хамгаалах, газрын тосны үнийг тогтвортой барих, газрын тосны нийлүүлэлтийг тасралтгүй, тогтвортой байлгах, газрын тос экспортлогч орнуудыг газрын тосноос олох орлогыг боломжийн түвшинд байлгахад чиглэсэн байдаг.

Иймд ОПЕК-ийн үйл ажиллагаа, аливаа шийдвэр дэлхийн эдийн засагт нөлөөлдөг юм. Энэ 7 хоногийн эхээр Саудын Араб Иран, Иракийг газрын тосны олборлолтоо бууруулахад нь ятгаж, нөлөөлөхийг оролдсоноос хэлэлцээ нэлээн ярвигтай болж ирсэн. Иран, Иракийн хувьд нэг нь олон жил дайны хөлд талхлагдсан, нөгөө нь цөмийн хөтөлбөрийнхөө улмаас олон улсын эдийн засгийн хориг арга хэмжээнд олон жил боомилуулсан учир нөхцөл байдал сайжирч, сиймхий гарсан дээр газрын тосны олборлолтоо нэмэгдүүлж, аль болох их газрын тос борлуулж, эдийн засгаа дэмжих бодлого барьж байгаа юм. Гэхдээ эцсийн бүлэгт тэд буулт хийж, нэгдсэн тохиролцоонд хүрлээ.

ОПЕК тохиролцоонд хүрсэн тухай мэдээ зах зээлд эерэгээр нөлөөлж, дэлхийн зах зээл дээр газрын тосны ханш 9 хувиар чангарлаа. Брент маркийн түүхий газрын тос баррель нь 46 америк доллараас 51 америк доллар болж өссөн байна. Гэхдээ газрын тосны ханш хар алтны зах зээл хямрахаас өмнөх буюу 2014 оны түвшинд хүрч өсөхөд өдий байна гэж эдийн засагчид онцолжээ. Өөрөөр хэлбэл ОПЕК-ийн хүрсэн энэ тохиролцоотой холбоотой тодорхойгүй, бүрхэг зүйл олон байна. Иймд газрын тосны ханшийн энэ удаагийн өсөлт нэг их удаан үргэлжлэхгүй, ойрын хэдэн 7 хоногийн дотор эргээд буурахыг үгүйсгэхгүй гэж зах зээлийн шинжээчид аль хэдийн таамгаа дэвшүүлжээ.

ОПЕК-ийн энэ тохиролцоо амжилттай хэрэгжих эсэх нь ОХУ гэх мэт ОПЕК-ийн гишүүн бус орнууд газрын тосны нийлүүлэлтээ багасгахыг зөвшөөрөх үү үгүй юу гэдгээс хамаарах юм. Зарим орнуудын бодол бас эргэж ч мэдэхээр байгаа. Гэхдээ хамгийн чухал нь АНУ-д юу болж байна вэ гэдэгт анхаарах шаардлага байгаа юм. Өнгөрсөн онд газрын тосны ханш түүхэн доод түвшинд хүрмэгц АНУ-ын Хойд Дакота, Техас зэрэг мужуудын олон компани алдагдалтай ажиллахгүйн тулд газрын тосны цооногуудынхаа үйл ажиллагааг түр зогсоосон. Хэрвээ одоо газрын тосны ханш өсөөд ирвэл эдгээр компаниуд дахиад олборлолт хийж эхэлнэ, энэ нь түүхий газрын тосны нийлүүлэлтийг нэмэгдүүлж, улмаар энэ зах зээл дахиад хямрахад нөлөөлж болох юм.

Харин одоо ОПЕК 2 жилийн турш юу ч хийгээгүй байж, гэнэт газрын тосны олборлолтоо бууруулахаар оролдлого хийж эхлэв гэж шинжээчид бас асуудал хөндөж байна. Сүүлийн 2 жилийн хугацаанд газрын тосны ханш дэлхий даяар огцом уналттай байхад ОПЕК байдлыг ажигласан, харсан байдалтай байснаас биш ханшийг яаж өсгөх вэ гэдэг дээр шийдэл гаргая гэж нэг их шамдаагүй юм. Энэ байгууллагын хамгийн чухал гишүүн Саудын Араб газрын тосны унаж эхлэх үед 2014 онд газрын тосны олборлолтоо хязгаарлахаас шууд татгалзаж байсан. Яагаад гэхээр тухайн үед шинжээчид газрын тосны ханшийн уналт АНУ-ын газрын тосны зах зээлийг бага ч гэсэн хямраах болов уу гэж харж байсан. Ер нь АНУ-ын Хойд Дакота, Техас мужийн газрын тосны магнат компаниуд газрын тосны зах зээл дээрх нийлүүлэлтийг нэмэгдүүлсэн гол буруутан гэгдэж байсан юм.

Гэхдээ сүүлийн 2 жилд дэлхий даяар хар алтны зах зээлд багагүй өөрчлөлт гарчээ. Тухайлбал АНУ-ын газрын тосны олборлолт өдөрт 9,6 сая баррель байснаас буурч 8,6 сая баррель болсон байна. Дэлхий даяар газрын тосны салбарын хөрөнгө оруулалт ойролцоогоор 1 их наяд америк доллароор хумигдсан байх жишээтэй. Европын холбоо болон АНУ Ирантай цөмийн хөтөлбөрийг нь зогсоох зорилготой гэрээ байгуулсныхаа дараа Тегераны эсрэг эдийн засгийн хоригоо цуцалсан нь Иран улс газрын тосны зах зээлд эргэн ирэх үндэс болсон. Энэ хугацаанд Саудын Араб газрын тосны ханшийн огцом уналтаас багагүй алдагдал хүлээж байлаа.

Тухайлбал, Саудын Араб гадаад валютын нөөцөө бараг дуусаж, газрын тосны ханшийн уналттай холбоотой төсвийн алдагдлаа нөхөхийн тулд нийгмийн үйлчилгээний зардал, төрийн албан хаагчдынхаа цалинг танахад хүрсэн юм. Өөрөөр хэлбэл газрын тосноос олох орлогоор төсвийнхөө дийлэнх хувийг бүрдүүлдэг хаант улсад газрын тосны ханшийн огцом уналт маш хүчтэй нөлөөлж, энэ улсын тогтвортой байдалд сөргөөр нөлөөлөх хандлага ажиглагдаж эхэлсэн юм. Ингээд Саудын Араб эцсийн дүнд байр сууриа өөрчлөхөөс аргагүй болсон.

Өнгөрсөн 9-р сарын сүүлээр ОПЕК-ийн гишүүн 14 орон газрын тосны олборлолтоо өдөрт 32,5-33 сая баррель орчимд барих богино хугацааны хязгаарлалт хийхээр тохиролцсон. Энэ нь ОПЕК-ийн орнууд газрын тосны ханшийг өсгөж, дахиад хямралд хүрч болзошгүй учир газрын тосны салбарын хөрөнгө оруулалтыг гэнэт их нэмэгдүүлэхгүйгээр ердөө л өөрсдийн төсвийн алдагдлаа бууруулахын тулд түр зуурын алхам хийсэнтэй адил шийдвэр байсан юм.

ОПЕК-ийн сая хийсэн тохиролцоог нарийвчилж авч үзье. ОПЕК-ийн гишүүн орнууд газрын тос олборлолтоо өдөрт 1,2 сая баррелиар бууруулахаар тохиролцсон. ОПЕК-ийн гишүүн 14 орноос Саудын Араб ирэх 2017 онд хамгийн их хэмжээгээр буюу өдөрт 486 мянган баррелиар газрын тосны олборлолтоо танах нь. Мөн Кувейт, Арабын Нэгдсэн Эмирт, Ирак, Венесуэль зэрэг орнууд газрын тос олборлолтоо илүү хувиар бууруулахаар тохирсон байна. Харин Иран улс нэг их өөрчлөлт оруулсангүй, бараг одоогийн түвшинд барихаар болжээ. Харин Ливи, Нигери зэрэг орнуудын олборлолтын квотоос чөлөөлсөн байгаа.

Учир нь эдгээр орнуудад бослого үймээн, хүчирхийлэл арилаагүй, нөхцөл байдал тогтворгүй байгаатай холбогдуулж, тэдний олборлолтын хэмжээг тогтоох боломжгүй гэж үзсэн байна. Мөн Индонези улс ОПЕК дахь гишүүнчлэлээ түр түтгэлзүүлсэн учраас энэ квотод орсонгүй. ОПЕК-ийн энэ удаагийн тохиролцоо ОПЕК-ийн гишүүн бус орнууд өдөрт 600мянган баррелиар хязгаарлах эсэхээс хамаарна. ОПЕК-ийн орнуудаас тавьж байгаа энэ 600 мянган баррелиар танах квотын тал хувь нь буюу 300мянга нь ОХУ-д ногдож байгаа юм. Гэвч ОХУ ийм их хэмжээгээр газрын тосны олборлолтоо хязгаарлах боломжгүй, олон улсын эдийн засгийн хоригт орсон учраас ганц гол зах зээлээ боомилохгүй байх талаас нь асуудалд хандаж байна.

ОХУ өнгөрсөн онд түүхэндээ хамгийн өндөр хувиар буюу өдөрт 11 сая баррель газрын тос олборлож байсан. Гэтэл ОПЕК-ийн тавьж байгаа шаардлагаар 300мянган баррелиар буулгавал өдөрт 7-8 сая баррель газрын тос олборлох юм. ОПЕК газрын тосоо квотлох тохироо хийхэд амаргүй байсан. ОПЕК-ийн гишүүн орон тус бүр өөр өөр ашиг сонирхолтой, өөр өөр нөхцөл , саналтай байсан. Саудын Араб л гэхэд дангаараа их хэмжээгээр олборлолтоо танаж, их хэмжээний хувьцаагаа салхинд хийсгэхийг хүсэхгүй байгаа.

Ираны хувьд хориг арга хэмжээнд боомилогдсон газрын тосны зах зээлээ эргэн сэргээж, хөрөнгө оруулалт шинээр татах боломж эрэлхийлж байгаа учраас их хэмжээгээр танах нь хөрөнгө оруулагчдыг үргээх эрсдэлтэй гэж санаа зовниж байна. Иракийн хувьд Исламын улс алан хядагч бүлэглэлтэй тэмцэхэд нь газрын тосноос олох ашиг орлого нэн шаардлагатай байгаа учир орлогын ганц эх үүсвэрээ боомилохыг хүсэхгүй байгаа юм. Гэхдээ тэд дотроо ярилцаад их бага хэмжээгээр хязгаарлалт хийхээр тохирсон нь яг бодит тохиролцоо байв уу, эсвэл түр зах зээлийг сэргээх зорилготой бодит бус хийсвэр тохироо байв уу гэдэгт шинжээчид анхаарал татаж байна.

Мөн одоо АНУ-ын компаниуд олборлолтоо сэргээгээд эхэлбэл ОПЕК-ийн тохиролцоо хэрэгжихэд ярвигтай болох болов уу гэсэн болгоомжлол эдийн засгийн шинжээчдийн дунд байна. ОПЕК анх 2008 оны дэлхийн эдийн засгийн хямралын үед газрын тос олборлолтоо хязгаарлаж байснаас хойш анх удаа энэ тохиролцоо хийлээ. Энэ тохиролцоог улс орнууд заавал соёрхож батлахгүй, тохирсноо дагаж мөрдөөд явах эсэхээс энэ тохиролцоо бүрэн хэрэгжих эсэх нь шалтгаалах юм.

Нийтэлсэн: В.Ариунчимэг

АНУ олборлолтоо нэмэгдүүлбэл ОПЕК-ийн тохиролцоо үр дүнд хүрэхгүй байх талтай  
Үзсэн: 1985 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [59.153.115.xxx] 2016-12-05 20:50
ЗӨВ ШҮҮ

Бидэнтэй нэгдээрэй