
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин улс орныхоо мэдээллийн аюулгүй байдлын шинэ номлолыг баталлаа. ОХУ-ын аюулгүй байдлыг хангах нэг гол чиглэл нь мэдээллийн технологийг ашиглах явцад үүсч болох зэвсэгт мөргөлдөөнөөс урьдчилан сэргийлэх явдал гэдгийг энд тэмдэглэсэн байгааг "Тасс" агентлаг мэдээлж байна. Харин төрийн болон олон нийтийн аюулгүй байдлын салбар дахь мэдээллийн аюулгүй байдлыг хангах стратеги зорилго нь ОХУ-ын тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалах, улс төрийн болоод нийгмийн тогтвортой байдлыг хангах, хүний эрх, эрх чөлөө, мэдээллийн дэд бүтцийг хамгаалахад чиглэгдэнэ хэмээн тодорхойлсон байна.
Түүнчлэн энд зарим улс орнуудын тусгай албад дэлхий дахины байдлыг тогтворгүйжүүлэхийн тулд мэдээлэл, сэтгэл зүйн нөлөө үзүүлж, бусад орнуудынхаа тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд халдаж байгааг тэмдэглэсэн байна. үүний зэрэгцээ Оросын чухал обьектууд руу зохион байгуулалттайгаар халдах нь ихэссэний дээр Оросын эсрэг чиглэгдсэн гадны тагнуулын үйл ажиллагаа идэвхжснийг онцолсон байна. Мөн мэдээллийн аюулгүй байдлыг хангах стратеги зорилго нь мэдээллийн орон зайд сөргөлдөөнгүй улс хоорондын харилцааны тогтвортой системийг бий болгох явдал хэмээн тус номлолд онцолсон байна. Ерөнхийлөгч Путины баталсан энэ номлолын бас нэг чиглэл нь ОХУ-ын зэвсэгт хүчний аюулгүй байдлыг хангах системийг төгөлдөржүүлэх явдал хэмээн тусгаж өгсөн байна.
Мөн мэдээллийн аюулгүй байдлын номлолд Оросын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг хилийн чанадад ялгаварлан гадуурхаж байгааг тэмдэглэснийг Риановости мэдээлж байна. Түүнчлэн гадаад улс орнуудын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ОХУ-ын төрийн бодлогод нэг талыг барьсан үнэлэлт дүгнэлт өгч байгааг, иймэрхүү материалуудын тоо нэмэгдэж буйг онцолсон байна. ОХУ-ын хүн амд тэр дундаа залуучуудыг Оросын уламжлалт, ёс суртахууны үнэт зүйлсийг нь мартагдуулахын тулд мэдээллээр дамжуулан нөлөөлөх гэж оролдож байгаа нь ихэссэн гэдгийг тэмдэглэн бичсэн байна.
Үүний зэрэгцээ ОХУ-д түүний дотор банк санхүүгийн систем дэх компьютерын гэмт хэргийн цар хүрээ нэмэгдсэнийг энэ номлолд анхааруулсан байгаа юм байна. ОХУ-ын Ерөнхийлөгч мэдээллийн аюулгүй байдлын салбарт шинэ цогц арга хэмжээ авах шаардлагатай болоод байгаа аль 2014 онд мэдэгдэж байсан юм. Тэр үед Орос болон барууны орнуудын харилцаа Крымийн асуудлаас болж хурцдаж эхэлж байсан.
Ерөнхийлөгч В.Путин ОХУ-ын мэдээллийн аюулгүй байдлын шинэ номлол баталлаа | ||
Үзсэн: 1918 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.