
БНХАУ зааны соёо болон зааны ясан сийлбэр бүхий бүтээгдэхүүний худалдааг зогсоохоо мэдэгдээд байна. Хятадын Засгийн газар энэ оны эцэс гэхэд зааны соёо худалдан борлуулах үйл ажиллагааг таслан зогсоохыг зорин ажиллаж буй юм байна. Ингэснээр Хятадын зах зээлд олон мянган жилийн турш эрэлттэй бүтээгдэхүүн нь байсан зааны соёог худалдан борлуулах бүх талын үйл ажиллагааг хориглох юм байна.
Нэг ёсондоо Хятад улс даяар цэцэглэн хөгжсөн зааны соёо болон зааны ясан сийлбэр бүхий бүтээгдэхүүний худалдааны олон жилийн түүхэнд цэг тавих нь гэж шинжээчид тэмдэглэж байна. Хятадын Засгийн газар энэ оны гуравдугаар сарын 31 гэхэд улс орон даяар зааны соёо борлуулдаг 50-60 цехийг хаахаар болжээ.
Хятадын Ойн аж ахуйн удирдах газрын мэдээлснээр тус улсад одоогоор зааны соёогоор бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг 34 компани үйл ажиллагаа явуулдаг бол хууль ёсоор бүртгэлтэй 143 цех байдаг аж. Зааны соёоны худалдааг хориглох нь БНХАУ-ын байгаль хамгаалах чиглэлд олон улсын хамтын нийгэмлэгт хүлээсэн үүрэг амлалтынх нь чухал хэсэг юм.
Хятадын Засгийн газар зааны соёог хууль бусаар худалдаалдаг сүлжээг устгах зорилготой Кобра нэртэй ажиллагааг амжилттай хэрэгжүүлж, одоогоор хууль бусаар хил давуулсан зааны 70 тонн соёог хураан авсан байна. Зааны ясан сийлбэр нь Хятадад дөрвөн мянган жилийн түүхтэй, энэ төрлийн бизнес XIV зуунаас хойш улс орон даяар түгэн дэлгэрсэн байна.
БНХАУ энэ оны эцэс гэхэд зааны соёо худалдан борлуулахыг хориглоно | ||
Үзсэн: 2317 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.