
21 аймгаа түүчээлэн шилдгээр шалгарсан 5 аймгийн удирдлагыг төрийн ордонд хүлээн авч шагнал гардууллаа. Үүнд Сүхбаатар, Дорноговь, Өмнөговь, Орхон, Завхан аймаг хийж хэрэгжүүлсэн ажлынхаа амжилтаар тэргүүлсэн юм. Шилдэг аймгаар батламжилсан өргөмжлөл, дурсгалын зүйл бүхий шагналыг Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг аймгийн Иргэдийн хурал болон аймгийн Засаг дарга нарт гардууллаа.

Засгийн газрын 2012-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан гэр хорооллыг орон сууцжуулах, дэд бүтцийг хөгжүүлэх ажил Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотоос эхэлсэн гэдгийг тус аймгийн Засаг дарга Ж.Батсуурьт шагнал гардуулах үеэрээ Ерөнхий сайд хэллээ.
Шилдгээр шалгарсан таван аймаг тус бүрт 10 сая төгрөгийн мөнгөн шагнал олгож буй бөгөөд Аймгийн Засаг даргын Тамгын газрын даргыг нэг сарынх нь цалингаар урамшуулах ажээ.
Аймгийн Засаг дарга, түүний Тамгын газрын ажлыг ирэх жилээс ард түмний амьжиргааг хэрхэн дээшлүүлсэн, бүтээн байгуулалтын ажил хэр өрнүүлсэн, олон нийтэд ил тод, нээлттэй байж хүнд суртлыг бууруулсан амжилтаар нь дүгнэнэ гэж Ерөнхий сайд Н.Алтанхуяг онцолж хэллээ.
Мөн сар бүрийн хоёр дахь долоо хоногийн хоёр дахь өдөр 14 цагаас зохион байгуулдаг “Шинэчилж шийдье-222” уулзалт хэлэлцүүлэг маргааш буюу 11 сарын 5-ны Мягмар гарагт Гадаад харилцааны яамны “Зөвшилцөл” танхимд болж 21 аймгийн удирдлагууд нутаг орноо орон сууцжуулах ажлыг хэрхэн төлөвлөж байгаа талаар ярилцана гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.


Шилдэг таван аймгийг шалгаруулав | ||
Үзсэн: 1141 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.