Шууд Chart

Арга ядахдаа л “Биеийг нь төрүүлэхээс ухааныг нь төрүүлэхгүй” гэж байна

2017-03-04 14:00:00

Сүүлийн жилүүдэд өсвөр насныхан гэмт хэрэгт холбогдож, архи, тамхинд орж байгаа гэх мэдээлэл өнөө ч намжаагүй байна.  Насанд хүрээгүй, Ерөнхий боловсролын сургуулиа ч төгсөөгүй тэд өнөөдөр гудамжинд тамхи татаж, согтуу явах нь энгийн үзэгдэл болсон гэхэд үнэнээс хол зөрөхгүй.

Энэ нь эцэг, эхийн анхаарал муу байгаагаас үүдэлтэй. Хүүхдийн хүмүүжил төлөвшлийн 80-90 хувь нь эцэг эх, гэр бүлийн нөлөөнөөс бий болдог. Эх орныхоо ирээдүй болсон тэд өнөөдөр ингэж явж байгаа нь эмгэнэлтэй харагдана. Өдөр, шөнөгүй ажил, ажил гэсээр хүүхдээ анхаарах завгүй, орой ажлаасаа ирэхдээ ядарсан учир хүүхэдтэйгээ ч ярих тэнхээгүй унтаж, өглөө нь ажилдаа явна. Ийм байдалтай байгаа нь хүүхдэд буруу үлгэр болж байгаа хэрэг.

Хүүхдээ өдөр хаана юу хийсэн, хичээл дээр нь юу болсон талаар асууж тэдэнтэй ярилцах нь эцэг, эхийн үүрэг. Ингэж ярилцаагүйгээс болж сөрөг үр дагаварт хүрдэг байна. Жишээлбэл, эцэг, эх нь хүүхэдтэйгээ ойр дотно, илэн далангүй ярьдаггүйгээс болж ганц удаа ярилцахад үл ойлголцол гарч, үзэл бодлыг нь сонсохгүй байгаа мэтээр ойлгож үүнээс улбаатайгаар хүүхдэд сэтгэл санааны дарамт учирч амиа хорлох тухай бодох болно. Бүр болоогүй тэд гараа зүсэж цусаа ханах гэсэн оролдлого хийх нь ч бий. Мөн ээж, аав тоохгүй байгаа юм чинь архи ууж, тамхи татаж байгааг анзаарахгүй байх хэмээн бодож хорт зуршилд татагдан буруу зам руу орж байна.
 
Түүнчлэн гэр бүлийн уур амьсгал тийм ч таатай бус орчинд хүүхдийн хүмүүжил гэж яриад ч хэрэггүй. Учир нь хүүхдийнхээ хажууд эцэг, эх нь хэрэлдэж, зодолдох тохиолдол нийгэм зөндөө байна.  Хэдэн жишээ татъя.

Сургуулийн өмнөх насны хүүхдүүдээр гэр бүлийнхнийх нь талаар зуруулахад судалгааны зурагт аавтайгаа хамт тоглож байгаа дүр зураг тун ховорхон харагдаж байлаа. Аав нар ажлаа тарж ирээд ихэвчлэн зурагтаа үздэг, зав гарвал сонин гарчигладаг, ажил ихтэйгээрээ далимдуулан гэр бүлийн ажлын ачааллаас зугтдаг явдал манайд маш түгээмэл үзэгдэл. Энэ байдал нийгэмд эрэгтэйчүүдийн үүрэг ролийг багасгах үндсэн нөхцөл болоод байгаа юм биш биз гэсэн хар төрүүлдэг. Манайхны дунд “За эрэгтэй хүүхэд яах вэ, амиа аваад явж дөнгөнө. Болохгүй бол хар, бор ажил хийгээд явчихна. Харин  охидоо л сайн боловсролтой болгож, сайн хүнтэй суулгая” гэсэн яриа нэлээд гардаг. Нөгөө сайн хүргэн нь бас л боловсрол муутай бол таны сайн гэсэн категорит нийцэхсэн болов уу.

Харин өнөөдөр эрэгтэй хүүхдийн хүмүүжил боловсролыг илт хаяснаас нийгмийн бүх салбарт тэр тусмаа  боловсролын салбарт эмэгтэй хүйсийнхний давамгай байдал улам ихсэж байна. Эрэгтэй, эмэгтэйчүүдийн боловсролын тэгш бус байдал нь тэдний соёл, мэдлэг чадварын ялгаатай байдлыг аажмаар бий болгочихлоо. Түүнээс хамааран эрэгтэйчүүдийн гэр бүлийнхээ өмнө хүлээх хариуцлага суларч, хамтын амьдралд элдэв сөрөг нөлөөлөл, үл ойлголцол, гэр бүлийн хүчирхийллийг бий болгох нөхцөлийг бүрдүүлж байна. Энэ байдлыг эрт анзаарч, ухамсарласан барууны зарим орнуудад “Аавуудын сургууль” гэгчийг байгуулж эхэлсэн байна. Харин манайд энэ нь нэг орхигдсон асуудал болоод байгаа төдийгүй нийгэмд улам бүр газар аваад байгаа нь харамсалтай.   

Тайлбар: Эцэг эх нялх хүүхэддээ тамхи татуулж сургаж буй энэ бичлэг 2015 онд цахим сүлжээгээр тарж байв.

Хүүхдийн хөгжил төлөвшил хүмүүжил тодорхой үе шаттайгаар явагддаг. Тэр ч байтугай дөнгөж төрсөн нялх үрээ хэрхэн асарч байгаагаас тухайн хүүхдийн хүмүүжил шалтгаалдаг гэнэ. Эцэг, эхчүүд нялх хүүхдээ юм ойлгодоггүй гэж бодвол эндүүрэл. Өдөр, өдрөөр таны гар дээр бойжиж буй тэр бяцхан амьтан таны гаргаж буй сэтгэлийн хөдөлгөөнийг даган уурлавал уурлаж, инээвэл даган инээхийг хараад та бүр гайхаж орхино гээч. Хөхнөөс сүү гарахгүй бол уурлахдаа хамаг чадлаараа муухай бархирахыг яана. Тэд гаргаж буй ааш авираараа далимдуулан өөрсдийгөө илэрхийлэх ухааныг энэ үеэс эхлэн сурдаг. Тэд ярьж чадахгүй ч гэсэн таны хэлсэн болон хэлж байгаа үгийг ойлгох чадвартай байдаг. Тиймээс та хүүхдээ нялх гэлтгүй дэргэд нь хэлэх,  ярих үгээ цэгнэхгүй  бол болохгүй. 

Эзэнгүй хүүхэд

Социализмын үед хүүхэд хүмүүжүүлэх арга ухаан арай өөр байсан юм шиг ээ. Нийгэм нь ч ялгаатай байсан учраас ёс суртахууны төлөвшлийг харьцангуй сайн өгдөг байсан тал бий. Хэдий тийм ч тэр үеийн эцэг, эхчүүд маш завгүй, дээрээс нь олон хүүхэдтэй айлд том нь багыгаа өсгөдөг явдал ч нэлээд түгээмэл байсан. Тиймээс Социализмын үеийн гэр бүлээс биеэ даасан хүмүүс нэлээд төрж байсан бол эрхийн тэнэг болсон айлын бага хүүхдүүд ч бас цөөнгүй байдаг. Өнөөдөр ч тэр хүүхдүүдээс ах, эгчийнхээ нөмөр нөөлөгт амьдарч яваа нь олон. Харин орчин үед 3-4 хүүхэдтэй гэр бүлийг олон хүүхэдтэйд тооцдог болсон. Иймээс өнөө үед хүүхэд хүмүүжүүлэх асуудлыг бид арай өөр өнцгөөс нь харах цаг нэгэнт бий болсон. Баруунд “Хүүхдийг долоон нас хүртэл хаан шиг өсгө, түүнээс хойш цэрэг шиг өсгө” гэдэг. Гэтэл манайхан эсрэгээр нь нялх байхаас нь сургуулийн 3-4 анги хүртэл нь хараа хяналт доороо өсгөчихөөд анги ахих тусам хичээлийг нь зааж өгч мэдэхгүй гэсэн нэрийдлээр зүгээр л гаргуунд нь хаячихдаг.

Нөгөө хошин урлагийнхны хэлдэг шиг “Хэн  хаагуур ямар юмаа хийгээд дэмий тэнээд байгаа юм бүү мэд”. Нэг ёсондоо хүүхэд нь эзэнгүй орхигддог. Гэтэл хүүхэдтэйгээ хүүхэд шиг биш найз шигээ, том хүн мэт харилцах ёстой хамгийн чухал үе нь “Өсвөр үе” буюу “Шилжилтийн нас”-аас эхэлдэг. Шилжилтийн нас гэж хэлсэн нь ч учиртай. Хүүхэд тань том хүн болж байна гэсэн үг.

Энэ үедээ хүүхэд “том хүн” болж байгаагаа мэдэрдэг. Насанд хүрэгчдийн нүдээр аливаа зүйлд хандахыг эрмэлздэг. Үе тэнгийнхэнтэйгээ болон насанд хүрэгчидтэй харилцах харилцаа тэдний хувьд тун чухал юм. Тэдэнд үе тэнгийнхэн, хамт олон, гэр бүлдээ өндөр байр суурь эзлэх хэрэгцээ бий болдог. Хүүхдийн гэсэн бүхий л шинжүүдээс зайлсхийхийг эрмэлздэг. Өөрийнхөө боломжийг дээгүүр үнэлдэг. Мөрөөдөлдөө автдаг. Орчин үеийн хөгжим, киног сонирхох сонирхол нэмэгддэг. Үүний зэрэгцээ сэтгэл хөдлөлийн хурц илрэлийг үзүүлэх, заримдаа бүдүүлэг зан авир гаргах нь ч олонтаа.

Охид бааранд сууж, нүүрээ байдгаараа будан, загварлаг дэгжин  хувцас өмсөн, урт янжуур зуун, "гоё эгч" нарын аалийг даган дууриахыг хүсдэг.  Хөвгүүдийн хувьд "том ах" нар шиг үнэтэй гоё машин унан, хотоор давхилдаж том, том бизнес ярин, бие биенийхээ дээр гаран сагсуурч өөрийгөө харуулах нь сайхан санагддаг. Өсвөр насанд аливаа юмс үзэгдлийн дотоод мөн чанарт бус гадаад өнгөнд нь татагддаг тал бий.

Бэлгийн бойжилт энэ үед эрчимтэй явагдаж, даавар тэдний бие болоод сэтгэлийг зовоож байдаг. Нүүрээр нь батга гарч, сахал, хөх ургах, анхны сарын тэмдэг ирэх, үрийн шингэн ялгарч, сэтгэл санаа нь үймэх, дурлалаас болж уйтгарлах, шөнө зүүдэндээ нойтон дур тавих гэх зэргээр биед гардаг өөрчлөлтүүдэд тэд эхлээд дасах хэрэгтэй болдог. Дааврын өөрчлөлт нь өсвөр үеийнхнийг маш хүчтэй стрессдүүлж, сэтгэл санааны тогтвортой бус байдлыг бий болгодог. Бэлгийн бойжилт болон сэтгэцэд гарч буй өөрчлөлтүүд нь охид, хөвгүүдэд тун таагүй, цаашилбал бүр муухай сэтгэгдэл төрүүлж байдаг. Жишээ нь бэлэг эрхтэний ойролцоо үс ургах, хөх томорч байгаагаас санаа зовж, биеийн юм сард нэг удаа ирэх нь яршигтай болж хөвгүүдийн хувьд зүүдэндээ нойтон дур тавьж секс хийх хүсэл төрж эхэлдэг. “Хэрэв эцэг эхчүүд хүүхдээ шилжилтийн насны үед нь сайн анхаарч хүмүүжүүлэн, жинхэнэ сайн найз нөхөд нь байж чадвал хүүхэд энэ хэцүү үеийг даван туулах сэтгэлийн тэнхээтэй байж чадна. Тиймээс аав ээжүүд  энэ үед бууж өгч болохгүй, харин ч эсрэгээр нь тодорхой зарчмаар цааш нь жолоодох хэрэгтэй” гэж Германы сурган хүмүүжүүлэх ухааны зөвлөгч Ян-Увэ Роггэ хэлж байна.

Тайлбар. 2013 оны аравдугаар сард олон нийтийн сүлжээгээр тарсан энэ бичлэгт өвсөр насны согтуу хөвгүүд харагдана.

Хүүхэд хүмүүжүүлэх уламжлалт монгол арга нь аав ээж нар өөрийнхөө биеэр үлгэрлэн дуурайлж, бага наснаас нь ажил амьдралд сургаж байсан бол өнөөгийн аав ээжүүд бараг өглөөнөөс орой хүртэл хүүхдийнхээ барааг хардаггүй. Бид өнөөг хүртэл хүүхдийг яаж хүмүүжүүлэх вэ гэдэг арга зүйг олж чадаагүй л явна. Хүүхэд хүмүүжүүлэх арга барил цаг үетэй уялдаад төлөвшиж бас амжаагүй л байна. Өөрөөр хэлбэл хүүхдээ хэрхэн өсгөж бие хүн болгон төлөвшүүлэх арга ухаанд нийтээрээ суралцаагүй. Тийм ч учраас хүүхдээсээ дэндүү холдчихсон, үүнээсээ болоод тэдэнтэй ойлголцохоо больдог асуудал олон гэр бүлд гардаг. Үүнийг нэг хоёр хүн яриад шийдчих асуудал биш юм. Нийтээрээ, нийгмээрээ шийдэх зайлшгүй асуудлын нэг нь яах аргагүй энэ. Эхнэр нь хүүхдээ хараад гэртээ суудаг япон, солонгосын дэг жаяг бас ч тийм ухаан муутай хүмүүсийн ажил биш юм шиг байгаа юм. Гадныхан энэ бэрхшээлтэй асуудлаа ийнхүү шийдэж чадаж. Манайхан ч гэсэн хэзээ нэгэн цагт гарцаагүй ийм жишигт шилжих л байх.

Нийтэлсэн: О.Шинэтуяа

Арга ядахдаа л “Биеийг нь төрүүлэхээс ухааныг нь төрүүлэхгүй” гэж байна  
Үзсэн: 7603 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [202.179.25.xxx] 2017-03-28 11:25
Хүүхдүүдээ жигтэйхэн сайн хүмүүжүүлж, зааж сургаж чадахгүй ч муу муухай, бузар булай үйлдлүүдээ нүдэнд нь харуулахгүй, хүүхдүүдийнхээ дэргэд бие биенийхээ муу муухай бузар булайг дуудалцахгүй байвал энэ нь зөв хүн болоход их дэмтэй юм байна гэж эргэн тойрныхоо хүмүүсийн амьдралаас хардаг юм.
n ch [59.153.87.xxx] 2017-03-23 03:50
bitgii huuhdiin setgrleer togloom buu hii naad bisness yaavahgui bolson oor yum bod
Зочин [66.181.183.xxx] 2017-03-21 23:17
Үнхээр эцэг эхийн анхаарал их чухал шүү. Анги удирдсан багш бид нар асуудал гаргаж байгаа хүүхдийн аав ээжтэй уулзахаар бид нарыг хүн ч гэж тоодоггүй. Бид нарыг цалин багатай арчаагүй амьтад гэж хардаг.
Зочин [89.16.150.xxx] 2017-03-18 03:06
Шинэтүяа та, бидний Монголчууд ямар байх ёстойг бичиж сайн сайхан үйлийн төлөө байвал Монгол улсад хэрэгтэй байна!!!
Зочин [94.226.182.xxx] 2017-03-11 21:04
minii bodloor zaabal aav,eej arhichin ym chini huuhed tiim gej bodoj bolohgui shuu dee.Saihan bayn chineeleg ailiin huuhed arhichin boltson yavj l baina sh dee.Ene bol humuujliin acuudal yariagdaj baina 10jiliin bolobcroliin hicheel setgel sudaliin hicheel tulhuur oruulah heregtei manaihan setgel unahaar hen negen chihdeg ene bol buruu asuuadal ooroos ehelj oorchlogdoh heregtei.Hen negen buu chih
Зөв өнцгөөс харагч [42.82.181.xxx] 2017-03-05 19:16
Архичны хүүхэд архичин тамхичны хүүхэд тамхичин шүү дээ. Үүнийг л охидууддаа сайн ойлгуулж чадвал архичин тамхичин нөхөртэй суухгүй шүү дээ. Ингэж л Монгол архичин тамхичдаасаа сална. Өөр арга байхгүй. Эцэг нь дэргэд тамхи татахаар хүү нь дуурайхгүй байна гэж үгүй. Ядуугаа мэдэхгүй архи тамхинд донтсон новшнуудын боовыг таслахгүй бол нийгмийн хог шаарууд үржээд дуусахгүй шүү
Зочин [202.179.25.xxx] 2017-03-05 10:36
хойд аав нь байна
Зочин [202.9.41.xxx] 2017-03-04 18:55
Hvvhdee anhaarch.vlger jishee bolj hatuujiltai bolgoh gdg zuvshvv.yu tarina tm urgats huraana gdg vnenshvv
Зочин [202.179.11.xxx] 2017-03-04 17:17
Одоогийн нийгэмд хүүхдийг хэн болгох нь улсын удирдагчдад ямарч падлийгүй.Хүүхэд хүнд тустай хүн шиг байвал одоогийн нийгэмд хэнд ч хэрэггүй.Харин хүнийг хууран мэхлэх ов мэхтэй,эрдэм номгүй ч номтой юм шиг дүр эсгэж чаддаг л хүүхэд өсгөн бойжуулах нь одоогийн нийгмийн захиалга болсон юм шигээ.Ийм хүүхдүүд ирээдүйд хятад санаатай иргэд төлөвшин бий болгох үндэс болох юм.Хоёр их гүрний хооронд байгаа манай улс хорон санаатай иргэнтэй болох нь нийгмийн чиг хандлага гэвэл солиотой хүн байх гэж бодох байхаа
Зочин [62.167.114.xxx] 2017-03-04 16:01
Hyyhedtei teneg ezeg, ehchyydiig uzen yadaj baina
Зочин [98.226.83.xxx] 2017-03-04 15:23
bieiig toruulsen chin unen bolovch ukhaaniig suulgakh chinii buruu bodliin toli chin huuhed kherkhen alkhaj baigaa shuud utgaar chinii suuder bizee.

Бидэнтэй нэгдээрэй