Шууд Chart

Улсын арслан Г.Дэмүүл говь нутгаас төрсөн алдартай цөөхөн бөхийн нэг байлаа

2017-03-06 17:02:46

Өмнөговь аймгийн Манлай сумын уугуул Монгол Улсын хурц арслан Гомбо-Аюушийн Дэмүүл агсны нэрэмжит улс, аймаг, цэргийн цолтой хүчит 224 бөхийн барилдаан энэ сарын 11-нд болно.

Монгол бөхийн өргөөнд болох тус барилдааныг түүнийг нутгийн зөвлөл санаачлан зохион байгуулж байгаа юм.

Дашрамд Г.Дэмүүл агсны тухай товч өгүүлье. Тэрбээр 1935 оны модон гахай жил Өмнөговь аймгийн Манлай сумын нутаг Хярын гурван Алтгана гэдэг газар эцэг Гомбо-Аюуш, эх С.Чинжээ нарын гурав дахь хүү болон төржээ.

Аав нь сум орон нутагтаа шаггүй барилдчихдаг, ээж нь бие жижиг боловч их бяртай хүн байжээ.

Г.Дэмүүл багаасаа үе тэнгийнхэнтэйгээ ноцолдож гутал хувцсаа тэсгээдэггүй нэртэй хүүхэд байжээ. 21 настайдаа сумандаа анх барилдан түрүүлж, сумын заан цол хүртжээ. Тийнхүү тэр жилдээ буюу 1957 онд Дундговь аймгийн баяр наадамд очиж барилдан “Дэнж нь булгичихгүй бол Дэмүүл хүү хазайхгүй ээ” хэмээн аархан барилдаж Ш.Доржтовуу начинг орхин түрүүлж аймгийн арслан цолтой болсон байна.

Дараа нь аймгийнхаа баяр наадамд 1958, 1961, 1963, 1968, 1982 онд түрүүлжээ.

Г.Дэмүүл цаашид хотод очиж сурч ажиллаж байхдаа заал танхимын барилдаанд тогтмол барилдаж, барилдааны арга барил сурч, бяр хүч нь сууж эхэлсэн гэдэг. 1961 оны бүх ард түмний анхдугаар спартикиад болоход аймаг, нийгэмлэгүүдээс шалгаран шигшмэл 28 бөх тойргийн журмаар барилдхад 24 давсан амжилтаар тавдугаар байр эзэлжээ. Ингэснээр Монгол Улсын заан цол хүртсэн түүхтэй.

Тэр жилээ Ардын хувьсгалын түүхт 40 жилийн ойн баяр наадам хэдхэн хоногийн өмнө болоход адилхан заан цол хүртсэн Архангай аймгийн бөх Т.Зундуйтай тавын даваанд тунаж өвдөг шорооджээ.

Түүний барилдааны амжилтыг тодруулбал.

1963 оны улсын баяр наадамд тав давж улам нэмэх чимэг.

1963 онд Монгол бүх ард түмний хоёрдугаар спартaкиадаар аймаг, нийгэмлэгээс шалгарсан 29 бөх тойргийн журмаар барилдахад 22 давж зургадугаар байр эзэлж үнэн хүчит чимэг.

1964 оны улсын баяр наадамд тав давж хурц шаламгай чимэг.

1965 онд зургаа давж бат хүчит чимэг.

1968 онд тав давж үнэн итгэлт чимэг.

1969 онд найм давж түүнтэй барилдах байсан дархан аварга Ж.Мөнхбат, Х.Баянмөнх нар хоёр цаг 18 минут барилдсан учир хасагдахад Г.Дэмүүлийг түрүүлсэн гэж тооцож 34 насандаа Монгол Улсын арслан цол хүртсэн юм.

1970 онд долоо давж чин зоригт чимэг.

1971 онд тав давж бат суурьт чимэг.

1973 онд зургаа давж тод сонин чимэг.

1978 онд тав давж хурц идэр чимэг тус тус хүртжээ.

Харин 1979-1982 он хүртэл биеийн эрүүл мэндийн байдлаас болж улсын баяр наадамд барилдаж чадаагүй гэдэг. Гэхдээ 1974, 1976, 1977, 1983 оны баяр наадамд дөрөв давж аймгийн арслан О.Пүрэв, Д.Шоовдор, Г.Жалаа, Д.Багахүү нарыг амлан авч улсын цолны босго алхуулжээ.

Г.Дэмүүл хөл, гар шуундаа их тэнхээтэй бөх байлаа. Тэрээр хар багаасаа бяр чадал сууж хөл гарын булчин бусдаас өвөрмөц байдалтай хөгжсөн хүн байлаа. Хүнд хүчир ажлыг тэр энэ гэж ялгалгүй хийдэг байсан учир гэдсэндээ ч чадалтай байжээ.

Г.Дэмүүл аатай, бас шударга бөх байсан юм. Тэрээр өөрийнхөө санаж бодсон зүйлээ шударгаар илэрхийлдэг байлаа. Бас нэлээд сайн идчихдэг, архи уугаад барагтай согтдоггүй байсан тухай домог мэт яриа элбэг байдаг.

Тэрээр нэг удаа айлд ороод айраг өгөхгүй болохоор яриа өдөж ам гарсан айлын 200 орчим литр айрагтай ширэн хөхүүрийг нь нэг км гаруй газар амралгүй авч явж машиндаа аваачиж тавьчихаад мөрийгөө авч байсан гэдэг.

Арслан үндэсний бөхөөс гадна самбо барилдааны улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцож мөнгө, хүрэл медаль хүртэж, 1975 оны Монголын бүх ард түмний тавдугаар спартикиадын дараахан спортын мастер болжээ.

Мөн гүйлтийн тэмцээнд оролцож 100 метрийн зайд хоёрдугаар зэрэгтэй тамирчин болж байв.

Г.Дэмүүл арслан шогч алиа зантай шударга байдлыг эрхэмлэдэг хүн байлаа. Түүний ууган охин Д.Соёл, хүү Д.Энхтүвшин нар бөхийн галбир төрх сайтай аавтайгаа маш адилхан ч барилдаж байгаагүй талаар бөх судлаач З.Жанжаадорж бичсэн бий. Охин Соёл, түүний нөхрийн санаачилгаар 2000 онд арслангийн хөшөөг Өмнөговь аймгийн төвд босгосон. Бас Манлай сумын уугуул, суугуул иргэдийн санаачилга, хандиваар арслангийн хөшөөг сумандаа босгож хүндэтгэл үзүүлжээ.

Г.Дэмүүл арслан говь нутгаас төрсөн алдартай цөөхөн бөхийн нэг юм. Тэрээр нуруугаар өндөр биш боловч хүч ихтэй, цэрвүү барьцнаас сөөлжин татаж эсрэг бөхийнхөө зүүн хонгонд хүчтэй алгадаж түлхэх, хав золгосон хүнийг дагуулж хавирах зэрэг гол мэхийг хийдэг манай хүчтэй, буурьтай арслангийн нэг байлаа.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Улсын арслан Г.Дэмүүл говь нутгаас төрсөн алдартай цөөхөн бөхийн нэг байлаа  
Үзсэн: 3236 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй