Шууд Chart

Үнэнч байх шиг жаргал үгүй...

2017-03-24 13:35:15

Улаанбаатар хотоос зүүн урагш 460 гаруй км-ийн цаана орших Дорноговь аймгийг зорьж, “Зочин гэр бүл” нэвтрүүлгээ бэлтгэж ирсэн минь сэтгүүлч миний хувьд анхны албан томилолт байлаа. Бодол бэлчээн алс замд довтлох сэтгүүлч хүнд юу эс бодогдох. “Саран хөхөө” театртаа олон жил ажилласан хөгжмийн зохиолч айлд очих нь, асуулт минь чамлагдах вий... Олон хүүхэдтэй айл гэсэн, дүүрэн дэлгэр амьдралын түүх ч хөвөрнө дөө... Анх удаа орон нутгаас нэвтрүүлгээ бэлтгэх нь, яаж эхлүүлэх вэ... гэсэн бодлууд ар араасаа ундарна. Зорьсон газраа саадгүй хүрч очиход гэрийн эзэн эзэгтэйн хамт хойно урдаа орон гүйсхийн зам тосон угтсан нь яг л аав ээж минь үрсээ тосоод баярладаг дулаахан төрхтэй адилхан санагдсан нь сэтгэлийн чанадад тодорсоор л байна...

            Гэрийн эзэн Буяндэлгэрийн Мөнгөн-Өлзий Дорноговь аймгийн Сайхандулаан сумын уугуул. Нутагтаа трактор барьж ажлын гараагаа эхэлсэн тэрээр гурван жил цэргийн алба хаахдаа хөгжмийн салаанд байсан нь уран бүтээлд хөглөгдөхийн эхлэл болсон гэдэг. Харин гэргий Лидагийн Лачирмаа нь Дорноговь аймгийн Хөвсгөл сумын Саран хөөвөр гэдэг газар төржээ. Айлын 13 хүүхдийн ууган охин тэрээр Дорнын говьдоо Усны аж ахуйн удирдах газарт усны мэргэжилтнээр ажлын гараагаа эхэлж, авъяас билгээрээ шалгарч “Саран хөхөө” театртаа анхны дуучнаар орсон нь зол завшаан байсныг сэтгэл дүүрэн ярина лээ. Ингээд гал голомтоо бадраагаад 35 дахь хавраа угтаж яваа МУСТА, Монголын хөгжмийн зохиолчдын холбооны шагналт, хөгжмийн зохиолч Буяндэлгэрийн Мөнгөн-Өлзийн гэр бүлтэй уншигч сонсогч таныг учруулъя...

  • Танайх 1982 оны 12-р сарын 30-нд туурга тусгаарлаж, гал голомтоо бадраасан гэлээ. Хоёр он солилцох торгон агшин одоо ч тодхон санагдана биз?

Б.Мөнгөн-Өлзий: Тэр өдөр тодхон санагдаж байна. Маргааш нь шинэ он гарна. Өөрөөр хэлбэл, 1983 он айлчлахтай уралдан гэргий хүү хоёроо гэртээ авчирч байлаа. Тэгэхэд би ээжтэйгээ, дүүтэйгээ гэрт амьдардаг байлаа.

Л.Лачирмаа: Тэр үед айл болгон л анхныхаа хүүхдэд ёолк засдаг байсан. Бид ч гэсэн хүүдээ нэг жижигхээн сүлд мод засаад нэг гэрт орж байгаагаа тэмдэглэж байсан минь өчигдөрхөн мэт тод санагдавч, хэдийнээ 30 гаран жил өнгөрчээ.   

Б.Мөнгөн-Өлзий: Анхны хүүхдийн мэндэлсэн өдөр гэдэг аав ээжийн зүрх сэтгэлээс ер мартагддаггүй юм байна. Манай том хүү 1982 оны дөрөвдүгээр сарын 7-нд хорвоод мэндэлж байлаа. Дөнгөж төрснийх нь дараа эмнэлгийн цонхоор хүүгээ харчихаад Дундговь руу хөдөө бригадаар явчихаж билээ. Тэнд очоод орос цэргийн ангийн дэлгүүрээс хүүдээ хамгийн анхны нимгэн, зузаан өлгий авчихаад баярласан гэж жигтэйхэн.

  • Амьдарч ирсэн өдрөөсөө өнөөдрийг хүртэлх хугацаанд туулсан зовлон, жаргалыг тань ярина гэвэл хэмжишгүй биз ээ. Харин ийм өнөр өтгөн айлыг бүтээсэн түүх сайхан даа?

Л.Лачирмаа: Анхны хүүгээ төрүүлснөөс хойш 30 гаруй жил өнгөрч, найман сайхан хүүхэд өсгөж хүмүүжүүлээд одоо таван ач, хоёр зээтэй, хүргэн бэрүүдтэйгээ нийлээд манай халуун бүл улам л өнөр өтгөн болсоор. Манайх дөрвөн хүү, дөрвөн охинтой айл. Томыгоо би 26-тайдаа, отгоныгоо 39-тэйдээ төрүүлсэн.

Б.Мөнгөн-Өлзий: Том хүү 35 настай, Төмөр замын дээд сургуулийг галт тэрэгний машинист мэргэжлээр төгсөөд одоо Сайншанддаа ажиллаж байна. Отгон охин Хөгжим бүжгийн коллежид Ардын бүжгийн ангийг төгссөн, одоо Үндэсний их театрт мэргэжлийн бүжигчнээр ажиллаж байна. Хүүхдүүд маань бүгд боловсрол эзэмшиж, эзэмшсэн мэргэжилдээ эзэн болоод улс эх орондоо хөдөлмөрлөнө гэдэг аав ээжийнхээ насан туршийн бахархал юм байна.

  • Хүүхдүүдээ сайн, сайхнаар үлгэрлэж ажиллаж яваад нь та хоёр сэтгэл дүүрдэг гэж ярилаа. Хүүхдүүдээ яаж ингэж эн тэнцүү мэргэжил боловсолд чиглүүлж хөтлөв өө?

Б.Мөнгөн-Өлзий: Би ээжээсээ тавуулаа, хань минь ээжээсээ 13-уулаа. Биднийг өсгөсөн аав ээжүүд, тэдний маань аав ээжүүд үнэхээр бурхад байжээ. Монгол ёс заншил, ардын уламжлал, өвөг дээдсээ хүндлэх, хайрлах, эх эцгээ ачлах, ах эгчийнхээ үгийг сонсох, дүүдээ үлгэрлэх... гээд энэ хүмүүжлээр л бид хүмүүжсэн учраас энэ арга барилаараа л амьдралаа залж чиглүүлж, үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлсэн. Хүүхэд зөв төлөвшиж хүмүүжихэд аав ээжийн хүмүүжлээс гадна багш нарын ач тусыг дурдахгүй өнгөрч болохгүй. Ер нь хүүхэд амьдралын зөв суурь мэдлэгийг гэр бүлээсээ, цаашид замнах эрдэм боловсролын суурийг багшаасаа олж авдаг.

Л.Лачирмаа: Аав нь хүүхдүүдээ дэгтэй, шударга, хариуцлагатай байхыг захидаг, өөрөө ч үлгэрлэж өсгөсөн. Хэн нэг нь ямар нэгэн буруу хэрэг хийсэн бол наймууланг нь жагсааж байгаад бурууг нь ойлгуулдаг байлаа. Энэ нь манай гэр бүлийн хүүхдээ хүмүүжүүлсэн бас нэгэн онцлог. Бид хоёр гурван томыгоо яг гардан хүмүүжүүлээд нэг нэг дүүг нь даалгаад өгсөн. Манай гурав дааж авсан дүүгээ цэцэрлэг яслид явдаг бол хүргэж өгнө, авна. Сургуульд явдаг бол хичээл номыг нь хийлгэнэ, хооллож ундална... гээд аав ээжийнхээ хийдэг бүхий л ажлыг амжуулна. Том болоод манай гурав ажилд гараад ирэхээрээ нөгөө дааж авсан дүү нарынхаа сургалтыг төлбөрийг цалингийн зээлээрээ төлсөн. Ажил, амьдралд зүг чигээ олсон том зургаа нь нийлээд хоёр багынхаа сургалтын төлбөрийг төлж төгсгөсөн. Манайх “Дэм дэмэндээ, дээс эрчиндээ” гэдэг шиг л бие биенээ дэмнэж явсаар өдий хүрч байна.

  • Нутгийн тань хүнээс “Олон хүүхдийнхээ эрдмийн баярыг тэмдэглэнэ гэж байсан даа?...” гэсэн сураг сонссон юм.

Л.Лачирмаа: Бид хоёр яг албан ёсоор тэмдэглээгүй байгаа л даа. Хамгийн сүүлийн оюутан охин 2015 онд МУИС-ийг хүнсний химич мэргэжлээр төгссөн, одоо “Улаанбаатар” компанид мэргэжлээрээ ажиллаж байна. Энэ охиноо төгссөний дараа өвгөн бид хоёр “найман хүүхэд маань эрүүл энх өсөж торниод, эрдэм боловсрол эзэмшээд улс эх орондоо ажиллаж эхэллээ, эднийхээ эрдмийн баярыг хийе...” гэж ярилцсан юм.

Б.Мөнгөн-Өлзий: Энэ ямар учиртай юм гэхээр, ер нь айлууд хүүхдээ сургууль төгсөхөөр “диплом угаана, мялаана” гээд их, бага хэмжээний тэрүүхэндээ баяр хийдэг биз дээ. Бид хоёрын хувьд олон хүүхэдтэй, хоёулаа төсвийн байгууллагын ажилтан. Манай сүүлийн таван бага хүүхэд зэрэг оюутан болсон. Нэг хүү маань Анагаахын сургуульд 7 жил сурсан, хоёр бага нь 10 жилээсээ их, дээд сургуульд орсон болохоор таван оюутан нэг зэрэг сурчихаж байгаа юм. Сургалтын төлбөр, хичээл ном, орон байр, хувцас хунар гээд явж өгнө биз дээ. Ингээд төгсөх бүрийд нь хүүхдүүдийнхээ дипломыг угааж чадаагүй юм. Тэгээд л бид хоёр наймууланг нь төгсөхөөр эрдмийн баярыг нь хийхээр ярьж байсныг нутгийн хүн танд дуулгаж л дээ.

Л.Лачирмаа: Манай хүүхдүүд чинь найман өөр мэргэжлийн хүмүүс болохоор бүгд бас нэг дороо цуглаж өгөхгүй, ажил амьдралын мөр хөөгөөд нэг л тохироо бүрдэхгүй байна. Нэг л удаагийн цагаан сараар наймуулаа цугласан. Гэхдээ тэр нь нэлээн хэдэн жилийн өмнө л дөө. За одоо нэг цуглая гэхээр л нэг хоёр нь гадаад, дотоод ажилтай, яах ч аргагүй хүлээхээс өөр аргагүй болдог.  Тэрнээс бид хоёр бэлэг сэлтээ бэлдчихсэн, одоо жил гаруй болж байна /инээв/.

Б.Мөнгөн-Өлзий: Энэ мөнгөн цагаан дипломат цүнхэнд найман мөнгөн аяга бий. Нууц задарлаа шүү /инээв/, манай хүүхдүүд мэдээгүй байгаа юм. Хэдийгээр наймуулаа цуглаж амжихгүй, цаг хугацааны боломж таарахгүй байгаа ч энэ намраас хэтрэхгүйгээр хүүхдүүдийнхээ эрдмийн баярыг хийнэ ээ.

  • Хийж бүтээхийн төлөө зүтгэх сайхаан. Дагаад амьдрал ч өөдөлдөг?

Б.Мөнгөн-Өлзий: Би 1984 онд Улсын Багшийн дээд сургуульд дуу хөгжмийн багшаар 4 жил сураад “Саран хөхөө” театртаа ирж ажилласан. Театрт 39 жил ажиллахдаа 6 жилд нь хөгжимчин, жүжигчин хийж, 33 жилд нь уран сайхны удирдаачаар ажилласан байна. 1996 онд Монголын хөгжмийн зохиолчдын холбооны дарга, Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Дагвын Лувсаншарав багшаасаа хөгжмийн зохиолчийн үнэмлэхээ авсан. Томоохон хэмжээний бүтээлээсээ нэрлэвэл 4 том дуурь, дан хөгжмийн бүтээлээ тоолвол чамгүй олон. Бүжгийн хөгжим 30 орчмыг, найрал, хамтлаг дууны бүтээл 40, 50-иар тоологдоно. Уран бүтээлч, багш хүнийхээ хувьд хөдөө орон нутаг, албан байгууллагын 80 орчим концерт бие даан найруулж, 50 орчим хүний тайлан тоглолтыг гардаж хийсэн гээд тоочвол нийтдээ 500 гаруй уран бүтээл миний зүрх сэтгэлээс гарсан байдаг. Одоо ч би хөгжмийн уран бүтээлээ туурвисаар сууна.

Л.Лачирмаа: Би 1980 онд “Саран хөхөө” театртаа найрал дуунд дуучнаар орж 16 жил ажиллаж, сүүлдээ театрынхаа архив, бичиг хэрэг, аж ахуй эрхлэгч, кассчин, нярвын ажлыг 12 жил хийсэн. Өөрийнхөө үндсэн мэргэжлээр Усны аж ахуйд 4 жил ажилласан гээд тооцвол би улсдаа хоёрхон байгууллагад 32 жил ажиллаад 50 настайдаа тэтгэвэрт суусан. Одоо үр хүүхэд, ач зээгийнхээ ирээдүйд сэтгэл зүрхээ зориулан сууна даа.

  • Гэр бүл бат бөх байхад хамгийн чухал зан чанарыг та хоёроос асуумаар байна?

Б.Мөнгөн-Өлзий: Би их орой гэрлэсэн хүн шүү дээ. Манай хүн 26-тай, би 28-тай гэрлэсэн хоёр. Миний хэнээр ч заалгаагүй төрөлх ухаан юу байсан гэхээр “Гэр бүлүүд яагаад салж байна, яагаад сайхан амьдарч байна, яагаад гоё гэр бүлүүд салж байна, юу нөлөөлж байна...” гээд амьдралыг хөндлөнгөөс их ажигладаг байлаа. Хувь хүнийхээ хувьд би “за суусан бол салж болохгүй, сална гэж бодож байгаа бол сууж болохгүй” гэдэг үзэл бодлыг өөртөө ягштал суулгасан. Явж явж энэ зарчим миний амьдралыг ноён нуруутай, бат бөх, хувирашгүй байхын суурь болж чадсан.

Л.Лачирмаа: Бие биедээ итгэх итгэл хамгаас чухал. Нэгнийхээ хийж байгаа ажлыг чадах ядахаараа дэмждэг, амьдралынхаа төлөө хүсэл зорилгоо нэгтгэдэг байх нь бас эрхэм. Бид хоёрын хоронд маргах зүйл гаралгүй л яахав. Гэхдээ, бид хоёр хэзээ ч үүнийгээ хүүхдүүдийнхээ дэргэд, албан ажил дээрээ гаргаж явсангүй. Ажлаас гэр хүрэх тэр хооронд л маргах нь олон байсан даа. Гэртээ ороод би дуугарахгүй, хүн ганцаараа яриад л уурлаад байхгүй мэдээж. Итгэл, сэтгэл байгаа газарт дагаад аяндаа амьдрал өөдөлдөг хойно доо. Би ханийгаа “олноос онцгой” гэж сэтгэл дүүрэн хэлж чадна.

Б.Мөнгөн-Өлзий: Эхнэр хүн гэдэг ээжээс дутуугүй ачтан. Ээж маань 86 нас хүрээд бурхны оронд очсон. Би тэр үед “Есөн шаргын тоос” дууриа хотод тоглохоор яваад эзгүй, эхнэр маань ээжийн минь толгойг түшсэн /хоолой нь зангирав/. Насаараа ээжийнхээ дэргэд байчихаад бурхны оронд очих үед нь би толгойг нь түшиж чадаагүй. Тэгээд би өөртөө “Ээждээ хариулж чадаагүй ач бүхнээ ханьдаа хариулна...” гэж тангараг тавьсан. Тангараг тавина гэдэг заавал олны дунд зарлаад байдаг зүйл биш, харин өөрөө өөртөө үнэнч байхыг л хэлнэ. Чадах бүхнээрээ, хэн нэг нь алга болох хүртлээ хайрлаж явахыг хэлж байгаа юм...

 “...Зөрүүд хорвоог зөөллөөд зөндөө удаан ханьслаа

Зөөлөн анир дэвсээд зүүдэндээ хүртэл нэгдлээ

Зөв буруугийн жимээр зүсээ ижилсүүлж алхлаа

Зөн совингоо таалцаад зөвхөн хоёулаа л амьдарлаа

Хань минь чи яасан их түшиг вэ?...” Гэрийн эзэн төгөлдөр хуурынхаа өмнө суугаад үл яльгүйхэн толгой нь дохилзож, хөл нь хөгжмийн аяар хэмнэлтэйхэн товшино. Харин гэргий нь аялсан дууныхаа үгийн утгыг сэтгэлдээ шингээн харц нь уяруу дуулна. Нутагт нь нар алтарсан, гэрт нь цай нь шаргалтсан, сэтгэлд нь энэрэл хайр гэрэлтсэн ийм нэгэн уран бүтээлч айлын хоймроос ээл дулаан говийн нарыг халуу дүүгүүлэн өвөртлөөд буцлаа. Юутай их зол завшаан бэ...

Нийтэлсэн: Б.Болормаа

Үнэнч байх шиг жаргал үгүй...  
Үзсэн: 6787 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Od [103.26.193.xxx] 2017-09-24 20:27
Saihan ger buld sain saihnllg husei.
Od [103.26.193.xxx] 2017-09-24 20:27
Saihan ger buld sain saihnllg husei.
Od [103.26.193.xxx] 2017-09-24 20:27
Saihan ger buld sain saihnllg husei.
ariunbold wagner [202.9.40.xxx] 2017-09-24 19:01
Tanai ger buld az jargal husie mundag humuus yumaa
Зочин [202.9.41.xxx] 2017-09-24 10:31
Minii egch ah hoer vneheer udmiin min baharhal ta hoertoo ervvl enh az jargal sn shn bvhniig hvsen erooe hairtai shvv
Зочин [103.229.121.xxx] 2017-09-24 09:07
Nutgiin baharhal bolson ah egch nariinhaa uhaaral hairlasan niitleliig unshaad uneheer ih bayarlaj bna. Ta nartaa az jargal sain saikhniig eruuye.duu Suvdaagaas
Сайн хүү [202.179.6.xxx] 2017-03-27 13:48
Найз нартаа эрүүл энх аз жаргал энэ хормоогийн хамгийн сайн сайхан бүгдийг хүсье
SHII 3.Shirmenbaatar [37.47.6.xxx] 2017-03-26 00:22
Erhem saihan duu nartaa az jargal saihan buhniig husen. Mundag saihan ger bul shuu .UNEHEER BAYARLAJ BAHARHAJ BAINA.
Зочин [66.181.160.xxx] 2017-03-25 09:19
Аз жаргал хусье
зандраа [95.85.68.xxx] 2017-03-25 01:26
Та хоероо хараад сэтгэл ходлож бага насаа дурсав Монгон-Олзиигоо дагуулж сургааль дээрээ. Очиж байсан минь сайхан санагдаж байгаа.Лачирмаач багаасаа л нэг анги, Монгоо маань нэг жил болоод аймаг явсан та хоерын зураг сайхан гарч !
Зандраа [95.85.68.xxx] 2017-03-25 01:11
Уучлаарай ! Сэтгэл ходолсоноос та хоертоо Буриад нутгаас мэндээ гэхээ мартаж уулзатлаа баяртай!
Зандраа [95.85.68.xxx] 2017-03-25 01:06
Та хоероороо бахархаж байгаа.Ангийн андууд минь эруул энх урт удаан наслаарай!
Билэгжаргал [202.179.25.xxx] 2017-03-24 14:21
Ах эгч 2 тоо эрүүл энх саруул сайхан бүгдийг хүсье Үнэхээрийн сайхан хүмүүс шүү Үр хүүхдээ хичнээн зөв хүмүүжүүлсэн гээч. Говь нутагт 7 жил амьдрахдаа энэ эрхэм сайхан хүмүүстэй танилцаж өргөө гэрт нь очиж нэг хүүтэй нь хамт ажиллаж байлаа нийтлэлийг уншиж суухдаа өөрийн эрхгүй огшиж сууна

Бидэнтэй нэгдээрэй