Шууд Chart

Улсын начин Ж.Оргилболд “Г” үсэг шиг болоод зугтжээ

2017-03-25 14:35:21

Булган аймгаас дөнгөж хотод хөл тавиад байсан залуу бөх Ж.Оргилболд нэг жил айлын халаасны өрөөнд хоёр найзтайгаа амьдрах болжээ.

Нэг өрөөнд байх найзууд нь өөрийнх нь бараг бүсэлхийнд ч хүрдэггүй жаахан биетэй гэнэ. Хүмүүс ч тэр гурвыг хараад ийм том хүн байж, ийм жаахан хүмүүстэй найзалдаг сонин юмаа гэж гайхдаг байжээ.

Ингээд хоёр жижигхэн найзынх нь нэг нь УБИС-ийн оюутны байр руу гүйдэлтэй болж хайр сэтгэлийн аянд мордсон юм биз дээ.

Харамсалтай нь хайртай бүсгүйнх нь амьдардаг байрны жижүүр гэж нэг ширүүн авгай нөхрийг найз бүсгүй рүү нь оройн цагаар оруулахгүй боож хаадаг болж. Сүүлдээ бүр байр луу гишгүүлэхээ ч байж.

Найзынхаа ийм байдалд санаа зовсон Ж.Оргилболд начин нэг ухаан сийлжээ. Найзынх нь хайртай бүсгүй хоёр давхарт байх учир нилээн оройхон шиг хоёр жижигхэн найзыгаа дагуулан байрны ойролцоо очиж хүлээж байгаад хүний хөл татарсан хойно цонхных нь дор очив гэнэ.

Ингээд хайртай бүсгүйнх нь цонхны харалдаа Ж.Оргилболд зогсоод түүний мөрөн дээр нэг жижигхэн нь гараад түүний мөрөн дээр нөгөө хайр сэтгэлдээ шатаж яваа нөхөр нь гарахад яг л орох ёстой цонхтойгоо харалдаа болсон юм байх.

Ингээд орохоор болж, цаанаас нь цонхыг нь онгойлгож эхэлжээ. Оргио начин ч “Мөр чилж байна шүү түргэлээрэй” гэж байтал байрны булан тойроод ааш муут жижүүрийн дуу хадан гараад ирлээ гэнэ. Гэтэл юу болсон гэж санана.

Нөгөө Ж.Оргилболд чинь мөрөн дээрээ дэнжигнэж байгаа хоёр нөхрөө шууд хаяад цонхны гэрэл доогуур бөгтийсөн юм л харайлгасан гэнэ. Хоёр найз нь ч тэр дээрээс хагас жингүйдлийн байдалтай юмнууд л унана биз дээ.

Харин Оргио начин эргэж ч харалгүй “Г” үсэг шиг болчихсон нөхөр л том том харайхыг хараад жижүүр авгай “Үгүй ер, амьхандаа өөрийгөө нуух гэж байгаа шүү санаатай юм байх даа. Монголд чамайг танихгүй хүн хэн байх юм” хэмээн орилоод үлдсэн гэдэг. 
Тийм өндөр хүний мөрөн дээрээс газардах ямар байсан болоо . . .

Нийтэлсэн: У.Баярсайхан

Улсын начин Ж.Оргилболд “Г” үсэг шиг болоод зугтжээ  
Үзсэн: 3321 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй