Шууд Chart

Хүнийг хайрлаж байж л хүн болгоно

2017-03-31 09:24:03

Амьдралаа залах арга ухаан, биенээ дэмнэх итгэл сэтгэл, гэр бүлээ дээдлэх хайр энэрэлийг түгээх “Зочин гэр бүл” нэвтрүүлгийн 72 дахь дугаараа Дорноговь аймгаас өртөөлөн хүргэлээ. Өгөөж баян амьдралыг өөрсдөө бүтээх амттай. 1980-аад онд МУИС-ийн Барилга инженерийн ангийг хамтдаа дүүргэж, амьдралын их сургуульд 36 жил хөтлөлцөн урагшилсан гэрийн эзнийг Пүрэвийн Төрбат, гэргийг нь Дарийн Отгончимэг гэдэг. Өөрсдийнхөө залуу явсан он цаг, зан чанар, ажил үйлсийг өнөөдөр үр хүүхдээсээ харахдаа “буруу амьдраагүй юм байна аа...” гэдгээ мэдэрч суух нь энэ насны баясгалан буюу. Бат-Амгалан, Энх-Амгалан, Мөнх-Амгалан гээд гурван хүүгийнхээ нэрний эхний үсэг дээр өөрсдийнхөө нэрний эхний үсгийг нэмээд барилга угсралтын “ТОБЭМ” компаниа байгуулсан тэднээс амьдралынх нь хамгийн нандин “бүтээн байгуулалт”-уудыг сонирхлоо...

  • Барилгын салбарын хүмүүсийн барьж байгуулсан бүхэн нүдэнд илхэн. Харин амьдралын тань хамгийн том “бүтээн байгуулалт” болох үр хүүхдүүдээ хэрхэн хүмүүжүүлснийг тэр бүр хүмүүс мэдэхгүй байх?

П.Төрбат: Айлын том хүүхэд зөв байхад дагаад дүү нар нь ч зөв хүмүүжлээр өсч өндийдөг юм байна гэдгийг бид эрхэм болгосон. Манай хүүхдүүд 1-р арван жилийн сургуулийг бүгд онц, сайн дүнтэй төгссөн. Бага маань Москвагийн академид сурч байхдаа сургуулийнхаа хүндэт самбарт зургаа тавиулж сайшаал хүлээхэд эхнэр бид хоёр бахархаад өөрийн эрхгүй нулимс гарч билээ. Бид өөрсдөө үлгэрлэж хүүхдээ өсгөсөн. Спортоор хичээллэсэн ч, аяллаар явсан ч хүүхдүүдээ дагуулаад л явдаг байсан. Энэ нь хүүхдийн хүмүүжилд сайнаар нөлөөлдөг. Хүүхдийг муу юм хийхээс нь өмнө хэлж байх хэрэгтэй. Тэр дундаа хүү олонтой болохоор зэмлэж, сануулж, ойлгуулж байхад ер буруудахгүй.

Д.Отгончимэг: Том хүүгээ сургуульд ороход хичээлийг нь хийлгэхдээ нэг муухай бичихэд л шөнөжин суулгаад бичүүлдэг байсан. Одоо бол ач нараа ингэж суулгаж чадахгүй шүү дээ. Тэр үед залуу ч байж, тэгж сургасан одоо манай хүүхдүүд нэг ажлыг эхэлсэн л бол заавал дуусгадаг. Ер нь тэгээд хэт эрхлүүлэлгүй, бас хатуурхалгүй тунг нь тааруулж өсгөх чухал юм билээ. Бидний аав ээж бидэнд үлгэрлэсэн шиг бид ч бас хүүхдүүддээ үлгэрлэж хүмүүжүүлсэн. Харин үр хүүхэд маань бидний ач нарт үлгэрлэж явна. Энэ л амьдралын утга учир, жаргал юм байна. Жаргал гэдэг чинь ерөөсөө л бидний үр хүүхэддээ өгч байгаа хайр юм байна шүү дээ.

П.Төрбат: Хүүхдүүдтэйгээ болж өгвөл ярилцаж байх хэрэгтэй. Сэтгэлий нь сонсож, хийх гээд байгаа зүйлийг нь ойлгож, дэм урам өгч байж хүүхэд нээлттэй, өөртөө итгэлтэй болдог. Тэрнээс биш мөнгө төгрөгөөр бүхнийг шийдэх гээд л сонирхолгүй зүйлд нь хөтлөх хэрэггүй. Хүн хөдөлмөрлөж сурахад хүн чанарын тухай бусад ойлголтууд аяндаа л зөв болно. 

  • Эхнэр, нөхөр болоод энэ олон жил явахад нэгнээ ойлгох арга ухаан, нэгэндээ зохицох эе эв яах аргагүй чухал байдаг байх?

П.Төрбат: Бид хоёр дөнгөж аав ээжийн гараас гараад л, их сургуулийн нэг ангиас амьдралынхаа гарааг эхэлсэн. Ёстой юу ч мэдэхгүй цав цагаан цаас л байсан даа, амьдрал минь. Их сургуулийн 5 жилийг гар гараасаа хөтлөлцөж гүйсээр төгсгөсөн. Тэр үед зун, намрын ажил гээд их ажил өрнөдөг байлаа. Тэр болгонд ханьтайгаа л явна. Ийм байхаар чинь нэг хүн шиг болж байгаа юм. Хорвоогийн жамаар аав ээжүүдээ алдаж хагацал зовлон тохиолдоход хань л дэргэд түшдэг, сэтгэл санааг засдаг юм билээ.   

Д.Отгончимэг: Би чинь 19-тэй, манай хүн 20-той аав ээж болж байлаа. Амьдралын хамгийн чухал зүйл бол гэр бүлийнхнийхээ төлөө бүхнээ зориулах сэтгэл юм байна. Би фэнгшүйг сонирхдог, нэлээн судална, амьдралдаа хэрэгжүүлнэ. Нөхрийнхөө унтах зүгийг хүртэл жил болгон өөрчилнө, өмсдөг хувцасных нь өнгийг бас сонгож өгнө. Эмэгтэй хүн жижиг гэхгүй юманд ач холбогдол өгч анхаарч байх нь зүгээр. Бохир айл хэзээ ч өөдөө гардаггүй. Би фэнгшүйгийн заслуудаар домнодог. Хүн гэдэг чинь газар шороо, агаар, устайгаа холбоотой амьдардаг учраас арга билгийг нэгтгэж явбал илүү амжилттай яваад байна уу гэж ойлгодог.

П.Төрбат: Гэр бүлийг аз жаргалтай болгож, харилцааг ойртуулдаг зүйл бол нэгэндээ тавих халамж, анхаарал юм. Би өглөө болгон ажилдаа явахдаа ханиа үнсээд гардаг. Заримдаа мартаад гарсан бол эргэж ороод үнсдэг. Ханьдаа, хүүхдүүддээ, ач нартаа “хайртай шүү” гэдэг үгийг харамгүй хэлдэг. Ач нараа “хайртай шүү” гэж хэлд орж байгааг харах сайхан. Манайх гурван бэртэй, долоон ачтай. Хүнийг хайрлаж байж л хүн болгоно шүү дээ.

  • Гэр бүлийн хүмүүсийн сонирхол, хийх дуртай зүйл нь адилхан байх их сайхан санагддаг юм?

П.Төрбат: Би армийн офицер хүн байж нэг ч удаа анд явж үзээгүй, загасанд ч явдаггүй. Миний сонирхдог зүйл бол спорт. Сав л хийвэл үр хүүхэд, ач нараа дагуулаад зааланд л очдог. Шөнөжин хөлбөмбөг үзнэ, ярианы сэдэв болгоно. Усан бассейнд орвол ач нар дагаад л сэлэхсэн гэнэ, зааланд орвол тэд нар чинь их хөөрхөөн хувцсаа солиод л гүйлдэнэ. Энэ чинь л нэг нэгэндээ заадаг амьдралын их сургуулийн мэдлэг юм даа.

Д.Отгончимэг: Би банкны салбарт 24 жил ажилласан. Дандаа мөнгө төгрөгтэй харьцана, мөнгийг цаас л гэж харахаас мөнгө гэж харж байсангүй. Бид хэтэрсэн шуналгүй амьдардаг болохоор амар байдаг юм. Гэр  бүлийнхээ хүнтэй барилгын салбарт хамт ажиллаад ирэхээр давуу тал олон байдгийг хүлээн зөвшөөрсөн. Нэг гэрийн хоёр хүн ажлын талбарт баг болж ажиллана гэдэг ухаан байхаас гадна хүч тэнхээ юм даа.  

П.Төрбат: Нээх мундаг ажил ярьсан, дааж давшгүй ажил хийнэ гэж амьдралд байхгүй л дээ. Хүн өөрөө энийгээ зохицуулдаг байх хэрэгтэй. Эрт унтаж, эрт амарна гэдэг амьдралын хамгийн эрхэм зүйл. Ажлаа зохицуулж чадахгүй, шөнөжин сууж ажилласаныгаа ял болгож яриад л. Энэ чинь амьдралдаа замбараагүй хандаж байгааг л хэлж байгааюм.

  • Ажиглаад байхад онцгойлон эрхэмлэдэг зүйлтэй айл л орчин тойрондоо зөв нөлөөлсөн байх юм билээ. Танай гэр бүлийн эрхэмлэдэг зүйл тань юу вэ?

П.Төрбат: Удам угсаа, ажилч, хичээнгүй зан чанараа л эрхэм гэж хэлнэ дээ. Манай ээж Төв хороонд төр нийгмийн нэрт зүтгэлтэн Жамсрангийн Самбуу гуайн нарийн бичгийн ажлыг хашдаг байлаа. Миний өвөө монгол хэлний гавъяат багш хүн. Ийм сайхан хүмүүсийн удам угсааг залгамжлан яваа учраас үр хүүхэд, ач нартаа хийж байгаа ажилдаа сэтгэлээсээ хандахыг үргэлж захидаг. Дээрээс нь “Залхуу гэдэг амьдралын дайсан, архи бол араатан. Энэ бүхнээс холуур яваарай” гэж сануулдаг юм.

Д.Отгончимэг: Манай хүн нам, улс төр гэж сонирхоод явдаггүй, өмнөх ажлаа л хийсэн шиг хийдэг. Морь машин сонирхоод, эд хөрөнгө цуглуулаад байдаггүй, хэрэгцээ л гэж үздэг. Айлын ноён нуруу хүн ийм байхаар бид ч бас энэ зарчмыг эрхэм болгож явдаг.

  • Нутагт нь, бүтээн байгуулсан ажлынх нь дунд ирсэн учраас хэрэгжүүлсэн ажлуудаас тань сонирхоё. Хүмүүст үлдэхээр, үлгэрлэхээр ажиллана гэдэг бас л сайхан?

П.Төрбат: Бидний мэргэжлийг тодорхойлсон “Бурхан хүнийг бүтээсэн. Бусдыг нь барилгачид бүтээдэг” гэсэн сайхан үг бий. Барилга бол цаасан дээр төлөвлөөд газарт сүндэрлэдэг том бүтээл юм. Тийм учраас сэтгэл, зүтгэл гаргаж ажиллахын зэрэгцээ хүмүүст итгэл хүлээлгэдэг нөр их хөдөлмөр. Бид Дорноговь аймагтаа сүүлийн зургаан жилд Цахилгаан шугам сүлжээний ажлын байр, 150 хүүхдийн цэцэрлэг, 68 айлын 8 давхар лифттэй орон сууц, дахин төлөвлөлтөөр 30 айлын хос орон сууц барилаа.

Д.Отгончимэг: Манай гэр бүл спортод элэгтэй учраас аймаг, орон нутагтаа зохиогдож байгаа тэмцээн уралдааныг ивээн тэтгэдэг. Хүүхдийн баяраар хүүхдүүдэд бэлэг гардуулдаг уламжлалтай. Монголын гурван сая нэг дэх иргэн Дорноговь аймгийн Айраг суманд мэндэлсэн, бид энэ иргэнээ 2 өрөө байраар мялаасан. Аймгийн Засаг дарга энэ үйлсийг маань батламжилж, монгол бичгээр бичсэн батламж дурсгал болгон хадгалуулсан. Одоо манай бэлэгшээл болсон...

Үлгэрлэхэд их, багын ялгаа үгүй ээ. Ач нарынхаа өхөөрдөм зургуудыг ажлын өрөөндөө байрлуулж, тэднийхээ зургийг харах бүртээ амьдралын үүрэг, хариуцлагаа тодоос тод санадаг нь эрхгүй анхаарал татсан юм. Зөвхөн өөрсдөө л болж бүтээд явах биш, ахан дүүс, нутгийн зон олондоо ажил үйлс, зан чанараараа үлгэрлэж явна гэдэг хүн байхын утга учир буюу...

Нийтэлсэн: Б.Болормаа

Хүнийг хайрлаж байж л хүн болгоно  
Үзсэн: 7038 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Gerelee [127.0.0.xxx] 2020-02-29 21:46
Mundag hudulmurch hvn. Solongos ulsad ireed ene ulsin hugjliig haraad shuud l ene bvgdees sanaa avah hvn ene l hvng gej bodood holbogdoj bj bilee
Зочин [202.72.246.xxx] 2017-05-16 11:36
Mundag Saihan ger bul hudulmurch humuus shuu
Enkhee [202.70.46.xxx] 2017-04-06 09:16
Мундаг гэр бүлд аз жаргал хүсэе. Амьлралд сургамж болсон сайхан ярилцлага байна. Баярлалаа
Зочин [202.179.27.xxx] 2017-04-02 10:45
Turuu akh, Otgoo egch 2too khamgiin sain saikhniig khusiy. Unekheer ulgerlen duuraikh ger bul shuu. 3 saikhan khuu bolon ger buld ni khamgiin sain saikhan bukhniig khusiy.
Оюунсүрэн [49.0.218.xxx] 2017-04-02 10:29
10-н жилийн найз охиндоо энэ өдрийн мэндийг хүргэж танай гэр бүлд эрүүл энх,аз жаргал хүсэн ерөөе!Та 2-оороо бахархаж байна
Зочин [59.153.115.xxx] 2017-03-31 15:59
Их сайхан ярилцлага болжээ. Өнөр сайхан гэр бүлийнхэндээ аз жаргал, ажлын их амжилт хүсье.
Tsoogii Tsogzolmaa [202.179.31.xxx] 2017-03-31 10:04
Manai angiin ohin mash sain.saihan yavj bgaa .Bid 1985 ond tugssun injeneruud bilee.Turuu maani tsergiin barilgad bn.Bid nar hamt l ajil.dalagad yavdag blaa.Manai 2 ih surguuliasaa uerhen udii jil bj 3 saihan huuhdiin etseg eh bolood zogsohgui uvuu.emee bjee.Manai Otgoo ouytan bhiin nomhon dulguun.ajilsag.numbai.surlaga 4 ohin bj bilee.Ta 2too bolon ur huuhduud ni az jargal .eruul enhiig husen eruue .Du.aimag Egee ni

Бидэнтэй нэгдээрэй