Шууд Chart

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлттэй танилцав

2017-04-21 12:25:25

Улсын Их Хурлын 2017 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2017.04.21) үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 26 минутад 51.3 хувийн ирцтэй эхэлж, хоёр асуудал хэлэлцэж шийдвэрлэхээр тогтов.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд Үндсэн хуулийн цэцийн 2017 оны 03 дугаар дүгнэлтийг хэлэлцэж, дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Ганзориг танилцуулав.

Үндсэн хуулийн цэцийн 2017 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсэгт “Хяналтын шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд прокурор, өмгөөлөгч оролцох эрхтэй ба уг этгээд энэ тухай хүсэлтээ бичгээр гаргасан бол заавал оролцоно.” гэж заасны “... шүүх хуралдаанд прокурор, өмгөөлөгч оролцох эрхтэй ...” гэсэн хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “... хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.”, Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтад “... өөрийгөө өмгөөлөх, ... шударга шүүхээр шүүлгэх, хэргээ шүүх ажиллагаанд биеэр оролцох, ... эрхтэй. ...” гэснийг тус тус зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцжээ. Энэ асуудлаарх цэцийн дунд суудлын хуралдаанд Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал томилогдож, маргаантай холбогдуулсан тайлбараа Үндсэн хуулийн цэцэд хүргүүлсэн байна.

Уг маргааныг хянан хэлэлцсэн Цэцийн дунд суудлын хуралдаанаас Улсын Их Хурлаас 2002 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсэгт “Хяналтын шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд прокурор, өмгөөлөгч оролцох эрхтэй ба уг этгээд энэ тухай хүсэлтээ бичгээр гаргасан бол заавал оролцоно.” гэж заасны “... шүүх хуралдаанд прокурор, өмгөөлөгч оролцох эрхтэй ...” гэсэн хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “... хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.”, Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтад “... өөрийгөө өмгөөлөх, ... шударга шүүхээр шүүлгэх, хэргээ шүүх ажиллагаанд биеэр оролцох, ... эрхтэй. ...” гэснийг тус тус зөрчөөгүй байна гэсэн 03 дугаар дүгнэлт гаргасан байна.

Үндсэн хуулийн цэцийн 2017 оны 03 дугаар дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Ц.Даваасүрэн, Ц.Нямдорж нар Хууль зүйн байнгын хороо болон Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс асуулт асууж тодруулан хариулт авсан юм.


Үндсэн хуулийн цэцийн дүгнэлттэй танилцав  
Үзсэн: 890 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй