Шууд Chart

Нялх балчир хүүхдийн хоол, хүнсний бүтээгдэхүүний тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

2017-04-27 08:10:53

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өчигдрийн /2017.04.26/ хуралдаанаар Нялх балчир хүүхдийн хоол, хүнсний бүтээгдэхүүний тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Хуулийн төслийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг хоёр удаа, дэд ажлын хэсэг таван удаа хуралдаж гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёолол тус бүрийг хэлэлцэн нэгтгэж Байнгын хорооны хуралдаанд танилцуулж буйгаа тус Ажлын хэсгийн ахлагч Ц.Цогзолмаа танилцуулсан.

Ажлын хэсэг хуулийн төслийн нэрийг “Нялх, балчир хүүхдийн хоол, хүнсний бүтээгдэхүүний тухай” гэж өөрчлөх санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэн. Ажлын хэсгээс нийт зарчмын зөрүүтэй 44 саналын томьёоллыг танилцуулсан юм.

Тухайлбал, хуулийн төсөлд нэмэгдэл хоол, хүүхдийн ундааны сав, баглаа боодол, шошгонд тухайн бүтээгдэхүүнийг эхийн сүүний найрлага дахь шимт бодис, агууламжтай адилтгасан, эсхүл эхийн сүүний ач холбогдлыг бууруулсан агуулгатай мэдээлэл байршуулахыг хориглох, сүү, сүүн бүтээгдэхүүний сав, баглаа боодол, шошгонд “Энэ бүтээгдэхүүн нь хүүхдийн хоногийн хэрэгцээт шимт бодис, эрдэс, амин дэмийг дангаар хангахгүй” гэсэн анхааруулга байршуулна хэмээн тусгах саналыг гишүүдийн олонхи дэмжсэн.

Түүнчлэн хүүхдийн хооллох хэрэгслийн сав, баглаа боодол, шошгон дээр “Эмнэлгийн мэргэжилтний зөвлөмжийн дагуу үйлдвэрлэсэн” гэсэн агуулгатай мэдээлэл байршуулахыг хориглох, хуулийн этгээд зориулалтын бүтээгдэхүүний борлуулалтыг нэмэгдүүлэх зорилгоор эрүүл мэндийн байгууллагын орчинд бүтээгдэхүүнтэй холбоотой танилцуулга, зурагт хуудас байршуулах, зориулалтын бүтээгдэхүүнийг хүүхдийн эмнэлэг, сувилал, асрамжийн газарт бэлэглэх, хямд үнээр өгөхийг хориглох заалтыг төсөлд тусгах санал мөн дэмжлэг авсан.

Ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй санал тус бүрээр санал хураалт явуулсан бөгөөд Байнгын хорооны санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.


Нялх балчир хүүхдийн хоол, хүнсний бүтээгдэхүүний тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ  
Үзсэн: 995 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй