Шууд Chart

Цахим сүлжээн дэх сөрөг мэдээллээс нуугдах газар байна уу

2017-04-27 11:57:44

Нэр зүсээ нуусан, таних танихгүй хэдэн зуу, хэдэн мянган хүнтэй та, бид өдөр бүр цахим сүлжээнд таарна. Гэвч найзлах хүсэлтийг нь хүлээж авсан ганц хормын шийдвэрээс болж бусдын олз болж байна. Харин нэг хэсэг нь цахим орчны сөрөг мэдээлэлд хэт автаж, даган дуурайсныхаа төлөөсөнд шоронд хоригдож байгааг өнөөдөр бид баримт түшиглэн хүргэх гэж байна. "Баримт" нэвтрүүлэг энэ удаагийн дугаараа Гэмт Хэргээс Урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлтэй хамтран бэлтгэлээ.

Баримт 1: Т “хар тамхи хэрэглэсэн” гэх үндэслэлээр 1.6 жилийн ял авсан. Тэрбээр одоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих 421-р ангид хоригдож байна.

Т урлагийн сургуулийн оюутан байв. Тэрбээр рок болон хип хоп урсгалыг түлхүү сонирхдог, гадаад, дотоодын нэр алдартай дуучид, хамтлагийн гишүүдийг дуурайдаг байжээ. Шүтэн биширдэг дуучид нь Youtube болон facebook гэх мэт цахим хуудаст хар тамхи хэрэглэж байгаа бичлэг, клип тэр ч бүү хэл, мансууруулах бодис агуулсан ургамлын зургийг нээлттэй байршуулсан нь хар тамхи хэрэглэх сэдлийг төрүүлэх болж.... Ингээд нэг найзын хамт хар тамхи татаж байгаад үйлдэл дээрээ баригдсан байна. Одоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих 421-р ангид ял эдэлж байгаа Т ингэж ярилаа.

Ялтан Т: Өнгөрсөн зун 7 сард байрныхаа гадаа өвс татаж байгаад баригдсан. Ер нь  өвс манайд их ургадаг, цахим орчинд хар тамхины мэдээлэл их нээлттэй болчихсон. Залуучуудаас гадна 10-н жилийн сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд мэдээлэл их бий. Хэрхэн, яаж, хаанаас олж авах вэ гэсэн асуултын хариу цахим сүлжээнд байдаг. Би цахимаас мэдээлэл олж авсан.

Цахим орчны сөрөг мэдээлэлд хэт автаж, даган дуурайсныхаа төлөөсөнд шоронд хоригдож байгаа Т ингэж хэллээ. Үзсэн, харсан мэдээлэлдээ хэт итгэх үед тухайн хүний эерэг шийдвэр гаргах боломж 90 орчим хувиар буурдаг байна. Хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэнгийн сэтгэл судлаач Мөнхзул "Аливаа зүйлийг гүехэн бодож, шийдвэр гаргаж болохгүй. Энэ тохиолдолд хүн ихэвчлэн алддаг. Мөн цахим орчин дахь мэдээлэлд хэт итгэж шийдвэр гаргахгүй байхыг хичээх хэрэгтэй. Байнга бодоод байвал биелэхдээ амархан байдаг" гэв.

Хил хязгааргүй цахим мэдээлэл бидэнд өргөн боломж нээж өгдөг ч эрсдлийг сүүдэр мэт дагуулдгийг дээрх баримтаас харж болохоор байна. Дэлхийн нийт вэб сайтыг 100 хувь гэж үзвэл түүний 70-80 хувийг нь садар самуун болон мансууруулах бодистой холбоотой агуулга бүхий цахим хуудас эзэлдэг гэсэн судалгаа гарчээ. Харилцаа холбооны зохицуулах хорооноос яг ийм агуулга бүхий 1000 гаруй цахим хуудас руу манай улсаас хандах хандалтыг хязгаарласан байна.

Монголын хуульчдын холбооны гишүүн, хуульч Галбаатар "Гол анхаарах зүйл бол боловсролын асуудал. Цахим орчинд хүн ийм байдлаар хохирч болно. Ийм эрсдлийг дагуулдаг гэдэг мэдээллийг сайн өгөх нь хохирогч болох эрсдлийг бууруулж байдаг. Иймээс энэ орчинд гарч байгаа гэмт хэргийг нуухаас илүүтэй олон нийтэд байнга мэдээлж, бүхий л түвшинд ойлгуулах шаардлагатай. Зэвсэг болон хүний наймаа, хар тамхины араас орох үндэстэн дамнасан гэмт хэргийн жагсаалтад цахим гэмт хэрэг орж байна" гэлээ. 

Кибер гэмт хэргийн улмаас дэлхийн улс орнууд жилд 1 тэрбум ам.долларын алдагдал хүлээдэг гэсэн албан мэдээлэл бий. Манай улсад гарч байгаа нийт гэмт хэргийн 0.1 хувийг цахим гэмт хэрэг эзэлдэг хирнээ учруулах үр дагавар, хор уршиг нь бусад төрлийн гэмт хэрэгтэй харьцуулахад хэд дахин их байдаг байна.

Баримт 2: Өсвөр насны охид бүсгүйчүүд садар самуунд уриалсан фэйсбүүк группт нэгдэж байна. Тэд энэ бүлгээрээ дамжуулан бие биедээ эротик зураг, дүрс бичлэг илгээхээс гадна биеэ үнэлдэг.

"Баримт" нэвтрүүлгийн баг нэгэн охинтой Facebook-ээр холбоо тогтоож уулзсан “Найзлах хүсэлт”-ийн ард өөр сонирхол нуугдаж байна уу? нэвтрүүлгээ өмнө нь та бүхэнд хүргэж байсан. Тухайн үед охин 100 мянган төгрөг өгөх хүнтэй уулзана гэж байсан. Урт хормойтой улаан эрээн куртик өмсөж, үүргэвч үүрсэн энэ бүсгүй өдөр нь фэйсбүүкээр танилцсан, царайг нь ч хараагүй хүнд биеэ үнэлэхээр шөнийн 12 цагт ирсэн юм.

Гудамж, талбай болон ахуйн хүрээний гэмт хэрэг цахим сүлжээнд шилжсэн байна. Цаг хугацаа, хол ойроос үл хамаарах энэ хүчирхэг орон зайд гэмт этгээдүүд хүссэнээ хийж, дураараа аашлах болжээ. Тэдний онилдог олон байны нэг нь “өөр сонирхлоор цахим сүлжээнд хаяг нээж, эсрэг хүйсийн хүмүүс руу эрээ цээргүй, задгай зургаа илгээхэд бэлэн охид”.  

Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, Цагдаагийн дэд хурандаа Очирбат: Садар самуун сурталчилсан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэсэн хэрэг 2014 онд 1, 2015 онд 2 байсан бол 2016 онд алга. Ялангуяа facebook дээр садар самуун сурталчилж, бусдыг уриалан дуудсан агуулга бүхий 40 гаруй нууц групп ажиллаж байсныг илрүүлж, таслан зогсоож арга хэмжээ авсан.

Олон улсад энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх ажлын тал хувь нь “урьдчилан сэргийлэх” ажил гэж үздэг байна.

Харилцаа холбооны зохицуулах хорооны мэргэжилтэн Батболд: Цахим орчинд хаяг нээж хэн нэгэнтэй захидал бичиж байгаа хувь хүний мэдээллийг хянах ямар ч боломж байхгүй. Ийм учраас олон нийтэд хандсан зөв мэдээлэл түгээх, өөрийгөө хамгаалах цогц мэдээллийг ойлгуулах ажил хамгийн чухал байдаг. Энэ чиглэлд Харилцаа холбооны зохицуулах хороо ekids.mn happywebs.mn гэсэн 2 цахим хуудас ажиллуулаад 3 жил болж байна.

Цахим сүлжээн дэх гэмт хэргийг зохицуулсан бие даасан хууль манай улсад алга. Нийгмийн хөгжлийг дагаад олон төрлийн шинэ гэмт хэрэг энэ орчинд гарч эхэллээ. Эрүүгийн хуулийн 25-р бүлэг буюу 226-229-р зүйлээр энэ төрлийн гэмт хэргийн харилцааг зохицуулж байна. Иймээс Кибер гэмт хэрэгтэй тэмцэх олон улсын конвенцид манай улс нэгдэх зайлшгүй шаардлага байгааг эх сурвалжууд онцолж байлаа.

Баримт 3: НҮБ-аас гаргасан 2030 он хүртэлх “Тогтвортой хөгжлийн зорилтууд”-ын 90 орчим хувь интернетээс шууд хамаарч хөгжихөөр байна.  

Та хаана ч амьдарч байсан даян дэлхийг хэрсэн цахим сүлжээн дэх эерэг, сөрөг мэдээлэл, цахим дарамтаас нуугдах аргагүй юм. НҮБ-аас гаргасан дэлхийн улс орнуудын хөгжлийн зорилтын хэрэгжилт шууд цахим сүлжээний мэдээ, мэдээллээс хамаарах нь. Ийм нөхцөлд бид яах вэ, яаж ашиглавал аюулгүй байх бол... Мэдээж урьдчилан сэргийлэх ажил гэж Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга цагдаагийн дэд хурандаа Очирбат хэллээ.

Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, Цагдаагийн дэд хурандаа Очирбат: Үр дагавар гарсны дараа хэрэг илрүүлнэ гэдэг бол маш хүндрэлтэй. Иймд урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх нь хамгийн чухал гарц. Хэргийг илрүүлэхэд шаардлагатай бүртгэл судалгааг холбогдох байгууллагууд сайн хийх хэрэгтэй байна. Цагдаагийн байгууллага дангаараа ажиллаад хүч хүрэхгүй. Иймд урьдчилан сэргийлэх чиглэлд бүгд хамтран ажиллах хэрэгтэй. Ялангуяа боловсролын байгууллага үүнд онцгой анхаарч мэдээлэл түгээсэн хичээл заах нь чухал байна.

Манай улсад өнөөдрийн байдлаар “.mn” гэсэн бүртгэлтэй 16 мянга гаруй цахим хуудас ажиллаж байна. Үүнээс байнга ажилладаг нь 200 орчим. Интернет үйлчилгээ үзүүлдэг 50 гаруй аж ахуйн нэгж бий. Эдгээр газарт Харилцаа холбооны зохицуулах хороо, Хууль зүй дотоод хэргийн яам, Эрүүгийн цагдаагийн алба хамтран хяналт тавьж байна. Гэхдээ орон зайнаас үл хамааран дэлхийн хаанаас ч аюулын харанга таны хаалгыг тогшиж мэдэх юм. Иймд энэ эрсдлийг бууруулж, урьдчилан сэргийлэх зорилгоор ХЗДХЯ-ны Гэмт Хэргээс Урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн  ажлын алба “Цахим гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилэх сэргийлэх” ажлын хэсэг байгуулан ажиллаж эхэлжээ.  

ХЗДХЯ-ны Гэмт Хэргээс Урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албаны мэргэжилтэн Ану: Урьдчилан сэргийлэх зорилгоор ХЗДХЯ-ны Гэмт Хэргээс Урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын алба “Цахим гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх” ажлын хэсэг байгуулан ажиллаж эхэлсэн. Мөн цахим орчинд гарч байгаа хууль бус үйлдлийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх чиглэлд бодлогын хэмжээнд холбогдох байгууллагатай хамтран ажиллахын зэрэгцээ олон нийтэд мэдээлэл түгээж ажиллах юм.  

Дэлхийн дунджаар нэг хүн өдөр 57 минут фэйсбүүк үздэг бол манай улсад нэг хүн 77 минут ордог гэсэн судалгаа гарчээ. Гэтэл дэлхийн нийт фэйсбүүк хэрэглэгчдийн 140 сая хүн хуурамч хаяг нээж, бусдыг хөндлөнгөөс ажигладаг байна. Цахим хэрэглээний толгой эргэм энэ амжилтаас дэлхий нийт эргээд эмээж эхэллээ. Энэ хэрэглээ буруу биш. Гэхдээ хэтэрвэл аюултай болохыг "Баримт" эрэн сурвалжлах нэвтрүүлгийн баг баримт сөхөн та бүхэнд хүргэлээ.

Нэвтрүүлгийг ЭНДЭЭС сонсох боломжтой.

МҮОНР-гийн "Баримт" эрэн сурвалжлах нэвтрүүлгийн баг

Нийтэлсэн: Баримт

Цахим сүлжээн дэх сөрөг мэдээллээс нуугдах газар байна уу  
Үзсэн: 3606 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй