Шууд Chart

Хүүхдүүд хоолонд хордсоныг нуух шалтгаан байна уу

2017-05-04 11:58:30

Төв аймгийн Батсүмбэр сумын дунд сургуулийн дотуур байрны гурван хүүхэд дөрөвдүгээр сарын 11-нд хоолонд хордож, нэг нь амиа алдсан. Хүүхдүүд юунаас болж хордлого авсан нь одоог хүртэл тодорхойгүй байна. Хүүхдүүд өөрсдөө өндөг авч идсэн үү, эсвэл сургуулийн дотуур байрны хоолноос хордсон уу... Энэ асуултын мөрөөр “Баримт” эрэн сурвалжлах нэвтрүүлгийн ээлжит дугаараа бэлтгэлээ.

Баримт:-1 Сумын эмнэлэгт шалгалт ирсэн учраас хоолонд хордсон хүүхдийг хүлээж авах боломжгүй байсан. Ингээд талийгаач хүү бие нь өвдөж эхэлснээс хойш 30 орчим цагийн дараа Сонгинохайрхан дүүргийн эмнэлэгт ирсэн байна.

Ах дүү дөрөв Батсүмбэр сумын сургуулийн дотуур байранд амьдардаг. Харин энэ удаа хичээлийн амралт таарсан учраас хотод байдаг гэртээ ирсэн. Ингээд буцахын өмнө "Нарантуул" зах орж, хичээлийн хэрэгсэл, хувцас хунараа базаасан байна. Харин ингэж явахдаа захын хоолны газраас өндөг авч идээд хордлого авсан байж магадгүй гэж албаныхан мэдээлсэн. Харин талийгаач хүүгийн аав өөр бодолтой байна.

Талийгаач хүүгийн аав: "Нарантуул" захаас нэг нарийн мах, нэг гуляш, таван ширхэг мантуу, таван бууз, нэг нэг ширхэг шарсан өндөг захиалсан юм байна лээ. Тэгээд шарсан өндөг нь дуусчихсан гээд нэг ширхэгийг гурван дүү нь хувааж идсэн гэсэн. "Нарантуул" захын цайны газартай ямар ч хамаагүй.  Тав дахь өдөр зах дээр өндөг идсэнээс хойш гурав хоногийн дараа нэг дэх өдөр бие нь өвдөж эхэлсэн. Маргааш өглөө нөгөө хоёр нь хордлого өгч эхэлсэн байдаг. Сургуулийн эмч, багш нар насанд хүрээгүй хүүхдүүдийг харж хандах ёстой биз дээ. Гэтэл чөлөө авч өгөөд вагонд суулгаад явуулчихсан байгаа юм. Тэгээд 4 өнгөрч байхад Толгойтод буусан. Ээж нь 4 цаг 20 минутын үед тосож аваад Сонгинохайрхан дүүргийн эмнэлэгт авч ирсэн гэсэн. Тэгээд 5-аас 8 цаг 30 минут хүртэл Сонгинохайрхан дүүргийн эмнэлэг ямар ч эмчилгээ хийгээгүй байдаг. Баасыг нь үзчихээд ухаантай, ухаангүй гурван хүүхэд дагуулсан ганц эмэгтэйг ХӨСҮТ рүү хөөсөн байна лээ.

Хүүхдүүд тав дахь өдөр зах гараад, хагас сайнд гэртээ амарсан. Тэгээд бүтэн сайны орой Батсүмбэр явсан. Оройтож очсон болохоор хоолондоо орж амжаагүй байна. Харин маргааш өглөө нь дотуур байрнаас өгсөн гурвалжин будаатай хуургыг идсэн. Энэ хоолны будаа нь түүхий, амт муутай байсан гэж талийгаач хүүгийн ах хэллээ. Түүнийг ХӨСҮТ-д хоёр дүүгээ сахиж байхад нь манай сэтгүүлч уулзсан юм.

Талийгаач хүүгийн ах: Биднийг бүтэн сайны оройн вагоноор ирэхэд бүх дэлгүүр хаачихсан байсан болохоор ямар ч юм авч идэх боломж байгаагүй. Өглөө нь хичээлдээ явахдаа дүү нартаа мөнгө үлдээхээ мартчихсан байсан. Тэгээд манай гурван дүү байрныхаа хоолонд ороод бүгдийг нь ч идэж чадаагүй. Будаа нь зажлууртай, лууван нь ялзарчихсан юм шиг муухай амттай байсан гэсэн. Орой баасыг нь үзэхэд ч гэсэн ялзарсан лууван гарч ирсэн. Сургуулийн эмч үзчихээд аналгин, димедрол тариад, хоросол уулгасан. Маргааш өглөө нь би бантан авч өгсөн ч бүгдийг нь идэж чадаагүй. Тэгээд байж байсан чинь манай зүгээр байсан хоёр дүү бас өвдөж эхэлсэн. Байрны багшид хэлсэн чинь нэг их тоохгүй байсан болохоор ээжтэйгээ ярьсан. Ээж бид дөрвийг автобусанд суугаад ир гэсэн. Автобусанд сууж явахаар манай гурван дүү замдаа бөөлжиж, гүйлгэхээр жолооч зогсохгүй гэж бодсон болохоор бид дөрөв вагонд суусан. Хотод ирээд дүүргийн эмнэлэг орчихоод буцаж гэртээ ирээд, ХӨСҮТ явах гэж байсан чинь манай дүүгийн бие муудаж, таталт өгч эхэлсэн. Тэгээд дахиж Сонгинохайрхан дүүргийн эмнэлэг ороод, ээжийн өвөр дээр дүү маань амьсгал хураасан.

Байрны багш нь өвдсөн хүүхдүүдийг тоохгүй байсан болохоор ээжтэйгээ яриад, хоёр дүүгээ дагуулаад галт тэргэнд суусан гэж хэллээ. Тэгвэл одоо Батсүмбэр сумын дотуур байрны багш Сувд-Эрдэнийн ярихыг сонсъё.

Дотуур байрны багш: Нэг дэх өдрийн өглөө намайг ажилдаа ирэхэд хүүхдүүд ямар ч зовиургүй хоорондоо тоглоод байж байсан. Тэгээд хоолондоо ороод хичээлдээ явсан. Ангийн багшийнх нь хэлснээр орой 5 цаг өнгөрч байхад хүүхдийн бие өвдөж сургуулийн эмчид хандсан байдаг. Сургуулийн эмч хордлоготой байна гэж үзээд хоросол уухыг зөвлөсөн. Харин маргааш өглөө нь би ажилдаа ирээд жижүүрээс асуухад бага дүү нь нэмж гүйлгэлээ гэсэн. Тэгээд сумын эмнэлэг рүү явуулсан чинь магадлангийн хүмүүс ирчихсэн болохоор үзлэг хийх боломжгүй байсан байна лээ. Тэгээд ээжтэй нь утсаар ярьж байгаад, сургуулийн эмчид үзүүлээд өөрсдөө явах боломжтой гэхээр нь галт тэргэнд суулгаад явуулсан.

Хүүг сумын эмнэлэгт үзүүлэх гэсэн боловч аудитын шалгалттай байсан гэлээ. Тэгвэл энэ шалгалт, хүний аминаас үнэтэй байв уу... Энэ асуултад хариулт авахаар Батсүмбэр сумын эмнэлгийн эрхлэгч эмч Батмөнхөд хандсан боловч бидэнд мэдээлэл өгөхөөс эрс татгалзсан юм. Одоо талийгаач хүүг хот руу явахад нь үзлэг хийсэн гэх сургуулийн эмч Батсоёлын яриаг хүргэе.

Сургуулийн эмч:  Гол нь эмнэлэг рүү авч явах гэсэн чинь ах нь дургүйцсэн. Ээж нь бас хотын эмнэлэгт үзүүлнэ гэсэн болохоор явуулсан.

-Хүүхдийн биеийн байдал ямар байсан бэ?

-Хордлогын шинж тэмдэгтэй, бөөлжиж орж ирсэн. Миний хувьд халуун бууруулах тариа тарьж, хоросол уулгаж өөрт байгаа боломжоороо эмчилгээ хийсэн.

-Тэр үед сумын эмнэлгийнхэн завгүй байсан юм уу?

-Завгүй биш. Өглөө очиход нь сумын эмнэлэгт аудитын шалгалт ирчихсэн гадуур үзлэгээр явж байсан гэсэн.

Ингээд нэг дэх өдөр өвдөж эхэлсэн талийгаач хүү хоёр дахь өдрийн үдээс хойш галт тэргэнд суусан байна. Энэ хугацаанд сургуулийн эмчийн зөвлөснөөр хоросол ууж, анальгин димедрол тариулсан. Мөн хот руу явахдаа халуун бууруулах парацетамол эм уужээ. Гэвч хотод ирснийхээ дараа татаж, эмнэлгийн анхны тусламж авч чадалгүй амиа алдсан байна. Үүнээс хойш 17 хоногийн хугацаа өнгөрсөн ч хүүхдүүд ямар хоолноос хордлого авсан нь тодорхойгүй хэвээр. Харин Батсүмбэр сумын сургуулийн захирал Эрдэнэбат бидэнд дараах тайлбарыг өгсөн юм.

Сургуулийн захирал: Тэр өдөр дотуур байрны 233 хүүхэд нэг тогооноос хоол идсэн. Ерөнхийдөө бол хордлого авсан гээд байгаа хүүхдүүд нэг айлын дөрвөн хүүхэд байсан. Дөрвүүлээ нэг тасагт амьдардаг хүүхдүүд. Мэргэжлийн байгууллагууд нь манайхыг ирж шалгаад явсан. Шалгалтын эцсийн дүн гараагүй байна. Ирсэн хойно нь бид тодорхой мэдээллийг өгөх болно.

Мэргэжлийн хяналтын байгууллагууд дотуур байрны хоол, хүнснээс дээж авч нарийвчилсан шинжилгээ хийж байна. Одоогоор албан ёсны дүгнэлт гараагүй гэж мэдээлсэн. Харин сургуулийн захирал болон холбогдох албаныхан 230 гаруй хүүхэд хоолонд орсноос, нэг айлын 3 хүүхэд хордсон гэдгийг тодотгож байлаа. Гэтэл тухайн үед нэг айлын гурван хүүхэд биш, дотуур байрны 10-аад хүүхэд хордсон гэж эх сурвалж бидэнд мэдээлсэн. Энэ мэдээллийн мөрөөр “Баримт”-ын баг Батсүмбэр сумыг зорьсон юм.

Баримт-2: Талийгаач хүүг амиа алдсаны дараа дотуур байрны хүүхдүүдэд үзлэг хийж нийт 9 хүүхдийг эмнэлэгт хэвтүүлсэн байна. Тэдний гэдэс нь өвдөж, гүйлгэж байсан гэж сумынхан хэллээ.

Эхлээд бид эмнэлэгт хэвтсэн гэх дотуур байрны сурагчдын ар гэртэй нь холбогдож хүүхдүүдээс ярилцлага авах зөвшөөрөл авсан. Хүүхдүүдтэй уулзахад “10 биш 20 хүүхэд эмнэлэгт хэвтсэн”,  “би пирошки авч идсэн”, “би дотуур байрны хоолноос хордсон” зэрэг өөр өөр мэдээлэл өгч байлаа.

Дотуур байрны сурагчид:

  1. Би эмнэлэгт хэвтэхээсээ өмнө улаан талхны цехээс пирошки, напелион авч идээд хордсон. Тэгээд гэдэс гүйлгээд эмнэлэгт хэвтсэн.
  2. Би нэг хоног эмнэлэгт хэвтээд бие гайгүй болохоор нь байрандаа хүрээд ирсэн. Миний бодлоор байрны хоолноос л болсон байх. Хоёр дахь, гурав дахиас л бие халуураад сургуулийн эмчид үзүүлсэн. Тэр үед 20 гаруй хүүхэд эмнэлэгт хэвтсэн.

Ямартаа ч хүүхдүүдийн ярианаас нэг айлын гурван хүүхэд биш, нэлээд олон хүүхэд хордлого авсан байж магадгүй гэсэн дүгнэлт хийж болохоор байв. Иймээс бид мэдээллээ баталгаажуулах зорилгоор Батсүмбэр сумын сургуулийн захирал Эрдэнэбатад хандлаа.

Сургуулийн захирал:

-Нэг айлын гурван хүүхдээс гадна өөр олон хүүхэд хордлого авсан гэсэн. Энэ ямар учиртай юм бэ?

-Хордлого гэж хэлж болохгүй шүү дээ. Тухайн хүүхдүүд урд өдөр нь бие бялдрын түвшин тогтоох сорил өгсөн. Ерөнхийдөө урьдчилсан үзлэгээр хэвлийн тус газраа хөндүүртэй байсан болохоор өвчтэй байж болзошгүй гэж үзээд эрүүл мэндийн төв рүү явуулсан.

-Хэдэн хүүхэд явуулсан бэ?

-Есөн хүүхэд. Тэндээсээ хоёр хүүхдэд нь эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх шаардлагатай гэж үзээд эмнэлэгт үлдээсэн.

-Есөн хүүхдийг эмнэлэгт 3-5 хоног хэвтүүлсэн гэсэн. Гэдэс нь хөндүүрлэх төдийд ингэж удаан хэвтүүлэх шаардлага байсан юм болов уу?

-Тэр бол мэргэжлийн байгууллагын асуудал. Би тэрийг яаж мэдэх вэ дээ.

Улсын хэмжээнд бие бялдрын түвшин тогтоох шалгалт авч байгаа. Энэ шалгалтад орсон хүүхдүүд гэдсэн тус газраа хөндүүртэй байсан. Тийм болохоор эмнэлэгт хэвтүүлсэн гэсэн тайлбар өглөө. Тэгвэл дотуур байрны багш Сувд-Эрдэнэ бидэнд арай өөр мэдээлэл өгсөн юм.

Дотуур байрны багш:

-Танай дотуур байрны хүүхдүүд эмнэлэгт хэвтсэн гэсэн. Тухайн үед хүүхдүүдийн биеийн байдал ямар байсан бэ?

-Хүүхдүүд гэртээ хариад ирэхээрээ ус холилдоод ганц нэг нь гүйлгэх тохиолдол гардаг. Тэд нарын хувьд энэ хажуу талын улаан цехээс напелион, пирошки авч идсэн гэсэн. Тэгээд өдөрт нэгээс хоёр удаа гүйлгэх шинж тэмдэгтэй хүүхдүүд байсан.

-Хэдэн хүүхэд эмнэлэгт хэвтсэн бэ?

-Манай дотуур байрнаас 9 хүүхэд хэвтсэн.

-Хэд хоног хэвтсэн бэ?

-Зарим нь гурав, зарим нь тав. Энэ талын мэдээллийг эмнэлгээс асуусан нь дээр байх. Одоо бол биеийн байдал нь зүгээр байгаа.

Хүүхдүүд өдөрт нэгээс хоёр удаа гүйлгэж байсан учраас эмчийн шаардлагын дагуу 3-5 хоног эмнэлэгт хэвтүүлсэн байна. Тэдний биеийн байдлыг сургуулийн эмч Батсоёл хянаж байсан гэлээ.

  Сургуулийн эмч:  Аймгаас эмч нар ирээд хүүхдүүдийг үзлэгт хамруулж, асуумж асуусан. Тэр үед гэдэс нь хямарсан хэсэг хүүхдүүдэд эмнэлгийн үйлчилгээ үзүүлсэн.

-Гэдэс нь хямарсан гэж юу гэсэн үг вэ?

-Түрхэн зуурын асуумжаар, түрхэн зуур гэдэс нь өвдсөн. Тэд нар яг хоолны хордлого гэсэн оношоор эмнэлэгт очоогүй. Гол нь төвөөс энэ хүүхдүүдийг эмнэлэгт хэвтүүл гэсэн. Бөөлжиж барьсан хүүхэд байхгүй. Өдөрт нэгээс хоёр удаа л гүйлгэж байсан. Хордлогын шинж тэмдэгтэй хүүхэд байгаагүй.

Энэ хүүхдүүдийн олонх нь сумын сургуулийн хойно байрлах “Улаан дэлгүүр”-ээс напелеон торт, пирожки авч идсэн. Энэнээс л болж гэдэс өвдсөн байх гэж эмчийн асуумжинд хариулсан байна. Тэгвэл ах дүү гурав энэ хүүхдүүдтэй хамт, напелеон, пирожки авч идсэн үү... Эсвэл дотуур байрны гурвалжин будаатай хоолноос хордсон уу, аль эсвэл өндөгнөөс хордсон уу... Энэ бүх асуултад хариу өгөх албан ёсны шинжилгээний дүн гараагүй байна.

Харин талийгаач хүүгийн аавын хувьд дотуур байрны хүүхдүүд зэрэг өвдсөн нь зүгээр нэг давхцал биш, тэд нэг газраас хоол идсэн учраас хордсон гэж үзэж байна. Одоо талийгаач хүүгийн аавын ярианд анхаарлаа хандуулъя.

Талийгаач хүүгийн аав: Миний сонссоноор бол 17 хүүхэд хордсон. Хоёр нь одоо ч гэсэн Төв аймгийн эмнэлгээс гараагүй гэсэн. Манай хүүхдүүд хордож яваад, тэрнээс хойших хүүхдүүдийг нь сумын эмнэлэгт хэвтүүлж байсан байна лээ. Тэр хүүхдүүд манай хүүхдүүдтэй хамт зах дээрээс хоол авч идээгүй нь л тодорхой. Ерөнхийдөө бол захын хоол уу, гэрийн хоол уу, Батсүмбэрээс хордсон уу, үгүй юу гэсэн юм яриад байгаа. Угаасаа Батсүмбэрээс л хордсон.

Хоолонд хордож амиа алдсан хүүгийн гэр нь Сонгинохайрхан дүүрэгт байдаг. Харин аав нь өвлийн цагт Батсүмбэрийн ойролцоо мал дээрээ очдог учраас хүүхдүүдээ тус сумын дотуур байранд суулгадаг байжээ. Хүүгээ алдсанаас хойш ээж нь өвдсөн. Харин аав нь “Яах гэж хүүхдүүдээ дотуур байранд оруулав аа” гэж өөрийгөө буруутгаж сууна гэсэн юм.

МҮОНР-гийн "Баримт" эрэн сурвалжлах нэвтрүүлгийн баг

Нийтэлсэн: Баримт

Хүүхдүүд хоолонд хордсоныг нуух шалтгаан байна уу   
Үзсэн: 4555 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй