
УИХ-ын 2017 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2017.05.12) нэгдсэн хуралдаанаар Хог хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, энэ талаарх Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн танилцууллаа.
Засгийн газраас 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг энэ сарын 05-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр тус Байнгын хороонд шилжүүлсэн. Байнгын хороо энэ сарын 09-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхийн дэмжпэг авсан саналуудыг төслүүдэд нэмж тусган төслийн эцсийн хувилбарыг боловсруулжээ.
Байнгын хороо төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийн шатанд хуулийн төслийн 2 дугаар бүлэгт тухайн салбарын үйл ажиллагааны мэргэжпийн онцлогтой холбоотойгоор хог хаягдлын менежментийг хэрэгжүүлэх журам боловсруулах, хог хаягдпын норматив хэмжээг тогтоох, мэдээллийн сан бүрдүүлэх, үнэ тарифийг тогтоох, санхүүжүүлэх, заавар, аргачлал батлах эрхийг төрийн захиргааны зарим байгууллагад тусгайлан зааж өгсөн болон бусад хууль, тогтоомжтой нийцүүлсэн өөрчлөлтүүд хийх нь зүйтэй гэж үзжээ.
Мөн хог хаягдлын чиглэлээр үйл ажиллагаа явуулах этгээдэд газар эзэмшүүлэх, ашиглуулахтай холбоотой зохицуулалтыг Газрын тухай хуультай нийцүүлэн нэгтгэж нэг заалт болгон төслийн зургадугаар бүлэгт нэмж тусгасны зэрэгцээ хог хаягдлын үйлчилгээний хураамж, төлбөр төлөх асуудлыг Иргэний хуулийн гэрээний заалттай уялдуулан томьёолжээ. Түүнчлэн хог хаягдал ангилах, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах үйл ажиллагаанд ашиглах техник, тоног төхөөрөмж, материал, сэлбэг хэрэгслийн жагсаалтыг батлах тухай асуудал нь татварын бие даасан хуулиар зохицуулах харилцаа учраас төслөөс хасахаар шийдвэрлэсэн байна.
Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг асуулт асууж тодруулсны дараа Хог хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг бүхэлд нь батлах санал хураалгахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 77.1 хувь нь дэмжсэн юм. Мөн уг хуулийн төсөлтэй хамт өргөн баригдсан Хог хаягдлын тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт оруулах тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Зар сурталчилгааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Химийн хорт болон аюултай бодисын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг гишүүдийн 55.3-75 хувийн саналаар эцэслэн баталлаа.
Дараа нь Нялх балчир хүүхдийн хоол, хүнсний бүтээгдэхүүний тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, энэ талаар Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Ц.Цогзолмаа хийсэн юм. Уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг чуулганы энэ сарын 05-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж дэмжсэн бөгөөд тус Байнгын хороо энэ сарын 10-ны өдрийн хуралдаанаараа төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, чуулганы нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлэг хийх үед дэмжигдсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг төсөлд нэмж тусган хуулийн төслийн нэр томьёог цэгцэлж, үг хэллэг, найруулгын шинжтэй зарим засвар оруулан төслийн эцсийн хувилбарыг боловсруулж гишүүдэд тараасан байна.
Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй тул Нялх балчир хүүхдийн хоол, хүнсний бүтээгдэхүүний тухай хуулийн төслийг бүхэлд нь батлах санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 68.9 хувь нь дэмжив. Мөн уг хуулийн төсөлтэй хамт өргөн баригдсан хуулийн төслүүдийг гишүүдийн 60-64.4 хувийн саналаар дэмжиж баталлаа.
Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа | ||
Үзсэн: 901 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.