Шууд Chart

Байнгын хорооны горимын саналаар хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлгээр нь баталлаа

2017-05-12 14:04:56

УИХ-ын 2017 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2017.05.12) нэгдсэн хуралдаанаар Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. УИХ-ын гишүүн Х.Нямбаатарын санаачлан боловсруулсан уг хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж дэмжин анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн юм.

Хууль зүйн байнгын хороо өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдааны өмнө хуралдан хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн. Байнгын хорооны хуралдааны явцад гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй тул хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын саналыг дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулахаар тогтсон байна. Энэ талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Оюундарь нэгдсэн хуралдаанд танилцуулсан юм.

Хууль тогтоомжийн тухай хуулийг хэрэгжүүлэх, дагаж мөрдөх хугацаанд тулгарч байсан хүндрэлтэй асуудлуудыг шийдвэрлэх хэрэгцээ, шаардлагыг үндэслэн хуулийн төслийн үзэл баримтлалыг тодорхойлсон бөгөөд уг үзэл баримтлалд  нийцүүлэн Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслийг боловсруулжээ.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Л.Мөнхбаатар нар асуулт асууж тодруулсан юм. Ингээд хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах Байнгын хорооны горимын саналаар санал хураалгахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 69.6 хувь нь дэмжив. Иймээс Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 73.9 хувийн саналаар бүхэлд нь баталлаа. Мөн уг холбогдох бусад хуульд өөрчлөлт оруулах төслүүд батлагдлаа.  


Байнгын хорооны горимын саналаар хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлгээр нь баталлаа  
Үзсэн: 1114 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй