Шууд Chart

"Гомдох эрхгүй хүмүүс" - II

2017-05-17 12:59:48

Манай улсад хар тамхины аюул нүүрлэлээ, хэрэглэгч донтогчийн тоо жил бүр өслөө зэрэг мэдээ мэдээлэл радио, тв, сонин, сайтаар түгэх болсон. Энэ мэдээлэлд бид цочирдохоо байж, бараг энгийн зүйл шиг хүлээж авах болжээ. Нэвтрүүлгийн баг өмнө нь хар тамхи хэрэглэгч бөгөөд энэ хорт зуршлаа хаяхаар шүд зуун тэмцэж байгаа хэрэглэгчдийн тухай “Гомдох эрхгүй хүмүүс” цувралаа хүргэсэн. Харин энэ удаа хар тамхи, мансууруулах төрлийн бодисыг хэрэглэж байгаад үйлдэл дээрээ баригдан ял эдэлж буй хүмүүстэй уулзлаа. Нэвтрүүлгийн энэ дугаарыг “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл”-тэй хамтран бэлтгэв.

Биднийг хорих 409-р анги руу очиход ангийн нийгмийн ажилтан залуу угтаж авсан. Өргөст тор татсан, өндөр цементен хана бүхий хорих ангийн олон давхар харуул хамгаалалтын дундуур нийгмийн ажилтан биднийг дагуулсаар хоригдлууд байрлах хэсэгт аваачлаа. Энэ хэсэгт байх төмөр хаалттай тусгаарлах өрөөнүүд дунд “нийгмийн ажилтан” гэсэн модон хаалгатай ганц өрөө байв. Энд бид хоригдлуудтай уулзахаар болов. Хар тамхины хэргээр ял эдэлж байгаа хоёр залууг дуудсаны дараа нийгмийн ажилтан гарахдаа “Та хоёр айх хэрэггүй. Манай өрөө камертай” гэсэн юм. Удалгүй хэн нэгэн хаалга шагайж, орж болох уу гэж асуулаа. Бусад хоригдлын адил шар өнгийн өмд, цамцтай энэ залууг хар тамхи хэрэглэж байсан гэхэд хэн ч итгэхээргүй. Даруу царайтай тэр залуу орж ирэнгүүтээ үүдэнд номхон зогсчихов. Эрхээ хасуулж хүний эрхэнд орсон түүний хувьд ийм байдалтай л байх ёстой гэсэн шиг бидэн рүү эгцэлж ч харахгүй байв. Түүнийг Д гэдэг.

Баримт 1: Д хар тамхи хэрэглэсэн гэх үндэслэлээр 13 жилийн хорих ял авсан. Тэрбээр одоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Хорих 409-р ангид хоригдож байна.

Д найзуудтайгаа наргиж цэнгэж явахдаа анх хар тамхи хэрэглэж үзсэн. Хүмүүс гоё, сайхан гээд байхаар нь сонирхсон ч сүүлдээ “хэрэглэгч” болчихсон байсан. Гэхдээ хүн донтсоноо мэддэггүй юм билээ гэх түүний нүдэнд харуусал дүүрэн байлаа.  Д гурван найзтайгаа нийлж машин дотор “мөс” хэмээх хар тамхийг хэрэглэж байгаад үйлдэл дээрээ баригдсан. Одоо 37 настай. Олон жилийн хорих ял авсан тэрбээр төмөр торны цаана суугаад хоёр сар болж байна.

Тэрбээр "Найзуудтайгаа нийлж дарвиж байгаад л тохиолдлоор хэрэглэж үзсэн. Эхлээд хэрэглэхэд таалагдсан. Тэгээд л дуртай болчихсон байсан. Ойролцоогоор 1 жил гаруй хугацаанд хэрэглэсэн. Үнэтэй учраас байнга хэрэглэхгүй шүү дээ. Арван дөрөв хоногт нэг удаа, эсвэл сардаа нэг удаа ч юм уу гэх давтамжтайгаар хэрэглэж байгаад л баригдсан" гэж ярилаа. 

Д жил гаруйн хугацаанд хар тамхи хэрэглэсэн. Харин ингэж хэрэглэснийхээ төлөө шоронд хоригдож байна. Нэгэнт л  хууль зөрчсөн учраас надад харамсах зүйл байхгүй. Гэхдээ миний буруугаас болж ард үлдсэн ээж, эхнэр, хүүхэд минь хүнд байдалд үлдсэн. Тэд маань давхар шийтгүүлчихлээ гэж тэр хэллээ.

Д "Энд ял эдэлж байгаа би яах вэ. Ард үлдэж гэр бүлийнхэн л хэцүү байна. Ханилаад суусан хань минь учраас зовох, жаргах үед хамт л байна. Миний буруугаас болж ганц би биш бүхэл бүтэн гэр бүлд ийм асуудал үүссэн.  Залуустаа хандаж хэлэхэд, хор уршиг нь ард чинь яг дагаад явж байгаа шүү" гэдгийг анхааруулъя гэв. 

Д-тэй цуг ял эдэлж байгаа Т-ийн хувьд ч мөн адил “мөс” хэмээгчийн нэг золиос нь. Хэн, хэн нь өмнөх алдаагаа ухаарч байгаа ч ирээдүйн амьдралаа төсөөлөх  аргагүй болсондоо харамсана. Хамгийн харамсалтай нь тэд хар тамхи хэрэглэж байхдаа хуулийн заалт ийм байдгийг мэдээгүй гэсэн юм.

Баримт 2:  Т хар тамхи хэрэглэсэн гэх үндэслэлээр 11 жилийн хорих ял авсан. Түүний хувьд энэ хэрэгт шалгагдах үедээ л  олон жил хорих хуулийн заалт байдгийг мэджээ.

Тэрбээр мөн л Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Хорих 409-р ангид хоригдож байна. Өөрийн муу зуршил хар тамхи татах хүслийг хязгаарлан татгалзаж чадсан бол өдгөө наранд эрх чөлөөтэй явах байлаа хэмээн ярьсан юм. Тэрбээр "Хар тамхи хэрэглэсэн үедээ баригдсан. Энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон үедээ л хууль ийм чанга юм байна гэдгийг мэдсэн. Найз нөхдүүдтэйгээ  дарвиж байгаад л хэрэглэж үзэж байсан. Тиймээс найз нөхдийнхөө хүрээллийг зөв сонгох, өөрийн гэсэн ухамсартай байх, буруу зүйлээс татгалзаж сурах хэрэгтэй шүү гэж захъя" гэлээ.

Амьдралынхаа хамгийн сайхан үед эрх чөлөөгөө хасуулж 11 жил хоригдоно гэдэг хүнд байгааг тэрбээр нуусангүй. Хэрвээ найз нөхдөө зөв сонгож нөхөрлөсөн бол амьдрал минь урвуугаар эргэхгүй байсан гэж хэлж байлаа. Хар тамхи хэрэглэдэг найз нөхдөө дуурайн “Ганц удаа  сороод үзье” гэсэн хүсэл нь түүнийг эрх чөлөөгөө хасуулан, ид хийж бүтээх насныхаа 10 гаруй жилийг торны цаана өнгөрөөхөд хүргэжээ.

Залуус хэрэгт холбогдсон хойноо л хуультай танилцаж олон жилийн хорих ялтайг мэддэг байна. Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн мэргэжилтэн, цагдаагийн ахмад Ё.Лхагвасүрэн "Ямар нэг амнаас ам дамжсан дэл сул ярианд итгэхгүй байгаач ээ. Энэ бодисыг хэрэглэснээр таны оюун ухаанд саатал учруулж, та хийсэн үйлдлээ хянах чадваргүй болдог. Энэ нь хүний эрүүл мэндэд нөхөж баршгүй сөрөг нөлөөтэй. Бас энэ бодис нь хууль бус хэрэглээ учраас та тодорхой хугацаанд эрх чөлөөгөө хасуулна. Залуу, хийж бүтээх сайхан үеэ та эрх чөлөөгөө хасуулж өнгөрөөнө гэдэг бол хүний амьдралд байж болшгүй зүйл. Залуучууд үүнд анхаараасай" гэж захив.

Баримт 3:  Сүүлийн 10 жилд Монгол Улсын 117 иргэн харь улсад хар тамхины хэргээр ял шийтгэл авсан байна. Харин улсын хэмжээнд 1112 хүн энэхүү хэрэгт холбогджээ.

Дээрх баримт бол сүүлийн 10 жилийн байдлаар харь оронд болон манай улсад хар тамхины хэрэгт холбогдсон хүмүүсийн судалгаа. Энэ оны эхний улирлын мэдээгээр 75 хүн хар тамхины хэрэгт холбогдсон. Тэдний дийлэнх нь 18-35 насныхан гэж Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны Хар тамхитай тэмцэх газрын мөрдөх хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Төгс-Ухаан дурдлаа.

Улсын хэмжээнд 2006-2016 онд мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэлийг хууль бусаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах, улсын хил нэвтрүүлэх гэмт хэрэг 388 бүртгэгдэж 1112 хүн холбогдсон байна. Тэгвэл сүүлийн гурван жилийн байдлаас харахад, 2015 онд 79 хэрэгт 201 гэмт үйлдэлд 169 хүн, 2016 онд 109 хэрэгт 250 үйлдэлд 224 хүн, 2017 оны 3 сарын 30-ны байдлаар 30 хэрэгт 75 хүн холбогдон шалгагдаж байна.

Манай хуулиар энэ хэрэгт холбогдсон хүмүүс 2-15 жилийн ял эдлэх заалттай. Хэрэгт холбогдсон хүмүүс ихэвчлэн мансууруулах бодис хэрэглэж, оюун санаагаа хянах чадваргүй болсон үедээ өөрийгөө гэмтээх, амиа хорлохыг оролдох зэргээр гэмт хэрэг үйлддэг байна. Хар тамхи, мансууруулах бодисоос иргэдийг хамгаалах нийгэмлэгийн захирал Лхагвасүрэн:

Хар тамхи, мансууруулах төрлийн бодис хэрэглэгчид ямар ч хүсэл эрмэлзэлгүй болж итгэл зүтгэлээ алддаг. Ой ухаан нь доройтож мартамхай, гомдомхой, үг даах чадваргүй болдог. Түүнчлэн бухимдуу, түрэмгий зан авир гаргаж аливаад сэтгэлгүй хандана. Бие сэтгэл нь өөрт захирагдахгүй болохоор хорон муу санаа төрж амиа хорлох оролдлого хийдэг.

Хар тамхинд донтсон хүмүүсийн олонх нь эд хөрөнгө, эрүүл мэнд, амь насаараа хохироод дуусдаг. Харин цөөн хэд нь хорт зуршлаа хаяхаар тэмцдэг ч манай улсад бүрэн эмчлэх боломж байдаггүй гэж Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн их эмч Гантулга хэлсэн. Харин хар тамхинд донтогчид СЭМҮТ-д сайн дурын үндсэн дээр хандах боломжтой. Энэ төвд Донтох эмгэгийн 30 ортой тасаг байдаг. Гэвч энд голдуу архины хамааралтай хүмүүс эмчлүүлдэг. Хар тамхинд донтсон хүмүүс мэр сэр ирдэг гэлээ. Харин цаашид мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэлд донтсон хүмүүст зориулсан Эмчилгээний хөтөлбөр боловсруулахаар ажиллаж байна гэж мэдээлсэн.

Нэгэнт бүрэн эмчлэх боломжгүй учраас жилээс жилд нэмэгдэж байгаа хэрэглэгчдийн тоог бууруулах, шинэ хэрэглэгч төрүүлэхгүй байх нь чухал. Нөгөөтэйгүүр манай улсыг хар тамхи дамжуулагч бус хэрэглэгч орон болсныг баримтууд тодотгож байна. Хойд хөршид 18 сая хар тамхи хэрэглэгч бүртгэгдсэн бол өмнөд хөрш 2.3 сая хэрэглэгчтэй гэсэн албан ёсны судалгаа бий. Хэрэглэгч, үйлдвэрлэгч хоёр хөршийн дунд байгаа нь аюулыг улам ихэсгэж байна. ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөх хэлтсийн дарга цагдаагийн хошууч Төгс-Ухаан "ОХУ-д 18 сая хар тамхи, мансууруулах төрлийн бодис хэрэглэгч байна гэсэн судалгаа бий. Үүнээс 500 мянган донтогч нь сайн дурын үндсэн дээр эмнэлэгт хандан 50 мянга нь эмчилгээ бүрэн хийлгэдэг байна. Харин жилд дунджаар 70 мянган хүн буюу өдөрт 192 хүн нас бардаг. Харин БНХАУ-д 2 сая 345 мянган хүн хар тамхи, мансууруулах төрлийн бодисын хамааралтай болсон гэх албан ёсны бүртгэлтэй. Жилд ойролцоогоор 243 мянган донтогч нэмэгддэг. Бүртэгдсэн донтогч нарын 1 сая 465 мянга нь 35-аас доош насныхан бол 18 насанд хүрээгүй 43 мянган хэрэглэгч байна. Тэдний дундаас хамгийн бага нь 11 настай хүүхэд" гэсэн юм.

Одоогоор манай улсад хар тамхинд донтсон 50-70 мянган иргэн байна гэсэн албан бус мэдээлэл байдаг ч тархалтын нэгдсэн судалгаа байхгүй. Хүмүүс нэг удаа сонирхоод үзье гэх байдлаар хар тамхи хэрэглэх тохиолдол байдаг. Гэтэл нэг удаа хэрэглээд л насан туршдаа өвчтэй болох. Цаашлаад удам угсаагаа сүйтгэх аюул нуугдаж байдаг гэж Хар тамхи, мансууруулах бодисоос иргэдийг хамгаалах нийгэмлэгийн захирал Лхагвасүрэн анхаарууллаа.

"Ганцхан удаа хэрэглээд л зүрхний өвчтэй болчихсон хүн байна. Зүгээр явж байгаад л зүрх нь зогсчихдог, эсвэл ухаан алддаг болсон. Тэгээд харсан, барьсан зүйлээ бүгдийг нь мартчихдаг гэсэн. Хүмүүс хор хөнөөлийг нь огт мэдэхгүй байна. Өнгөрсөн дөрөвдүгээр сард манай нэг хүн нас барсан. Эхлээд өрөөсөн хөл нь мэдээгүй болсон. Дараа нь хоёр хөл нь мэдээгүй болсон. Хамгийн сүүлд нас барахаасаа өмнө чих нь харласан. Тэгэхээр энэ хүний бүх эд эрхтэн нь үхэжсэн гэсэн үг. Задлан шинжилгээний эмч “Танай энэ хүнээс нэг ч авах юм алга” гэж хэлсэн.

Хоёрдугаарт, удам угсаагаа сүйтгэдэг. Хар тамхи хэрэглэдэг хүний хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй гардаг. Манайд нэг толгойтой хоёр бөгстэй хүүхэд, хоёр гаргүй хүүхэд, гэдэс нь нуруун дээрээ гарчихсан хүүхэд хүртэл төрж байсан. Тэгэхээр ийм том асуудал бий болдог гэдгийг ерөөсөө анхаарахгүй байна" гэлээ.

Олон улсын жишгээр нэг хүний ард дахиад 4 хэрэглэгч байдаг гэж үздэг. Гэтэл хэрэглэгчидтэй уулзаад ярилцахаар тэдний ард 4-өөр тогтохгүй олон хүн байдаг. Цаашлаад хэрэглэгч нь хэрэглэгчээ төрүүлсээр, хар тамхины аюул үндэсний аюулгүй байдалд заналхийлэх хэмжээнд хүрсэн гэж судлаачид анхаарууллаа.

Монгол Улсын шүүхийн цахим санд буй Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хурлын зартай танилцахад, хар тамхины хэрэгт холбогдсон залуусын хэргийг шүүх хурал долоо хоногт хамгийн багадаа нэг, заримдаа түүнээс олныг товлосон байгааг харж болно. Өдөр тутам шүүхээр шийдвэрлэж байдаг хулгай, танхайрах, залилангийн гэмт хэрэг шиг энгийн нэг хурал мэт болсон нь энэ төрлийн гэмт хэрэг Монголд аюулын харанга дэлдэж байгааг илэрхийлж байна.  Тиймээс ганцхан удаа хэрэглээд үзье гэсэн хүсэл чинь таныг хар тамхины донтон, гэмт хэрэгтэн болгоход ойрхон байна.

Нэвтрүүлгийг ЭНДЭЭС сонсох боломжтой.

МҮОНР-гийн "Баримт" эрэн сурвалжлах нэвтрүүлгийн баг

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл

Нийтэлсэн: Баримт

"Гомдох эрхгүй хүмүүс" - II   
Үзсэн: 8121 Mongolian National Broadcaster  

Бидэнтэй нэгдээрэй