Шууд Chart

Амьдралд илүү шуналгүй байх сайхан

2017-05-18 13:19:17

Улаанбаатар хотын унаган хүү Дашзэгвийн Хишигт зургаан хүүхэдтэй айлын дөрөв дэх нь. Харин Завхан аймгийн Улиастай хотын уугуул Бибишийн Ууганцэцэг гурван охинтой айлын ууган нь. Хориод жилийн өмнө анх танилцаж, зан зангаа мэдэлцсээр заяагаа холбосон тэд “Аз жаргалын эрэлд” нэвтрүүлгийн 77 дахь дугаарт зочиллоо.

-Аав, ээж болсон нандин дурсамжаар тань ярилцлагаа эхлэе?

Д.Хишигт: -Ууган охин маань 1999 онд төрсөн. Бид хоёр чинь их хөгтэй, хадмуудад мэдэгдэлгүй аав, ээж болцгоож байлаа. Хадмууд Эрдэнэтэд амьдардаг, харин манай хүн энд оюутан. Жирэмсэн гэдгээ ч хэлээгүй. Дотуур байрнаасаа гараад манайд ирчихсэн, амралтаараа аав, ээждээ очихгүй болохоор гайхна биз дээ. Тухайн үедээ бөөн юм болж байлаа. 

Б.Ууганцэцэг: -Манай ээж хоёр эмэгтэй дүүтэй. Дүү нараа төрүүлнэ гээд гэртээ авчраад бүхий л сэтгэлээ зориулж санаа зовж байгааг нь хараад тухайн үед “Би л ээжийгээ ингэж зовоохгүй юм шүү” гээд бодчихсон. Энэ бодлоороо л жирэмсэн гэдгээ ээждээ хэлээгүй, төрчихөөд хэлбэл ээж минь бага зовох юм шиг санагдаж билээ. Манай хүн, аав, ээж нь ч гэсэн “Яаж хэлэхгүй байх вэ, хэлье...” гэхэд нь ч би гүрийгээд, нуусаар байгаад л төрсөн дөө. Тухайн үед ээжийгээ гомдоосноо хожим л мэдэж билээ. Аливаа зүйл муу, сайн гэсэн хоёр талтай. Бид энэ том нууцыг хадгалснаараа бие биедээ улам их итгэж, гэр бүл бат бэх байх суурь энэ үед л сайн тавигдсан юм шиг санагддаг.

-Хөгжилтэй дурсамж юм шиг хэрнээ нөгөө талдаа амьдралын сургамж үлдээсэн байна шүү дээ?

Д.Хишигт: -Хүүхэдтэй болно гэдэг дагаад хариуцлага ирдэг. Амьдралын зардал ч өснө, энэ хэрээр өөрийгөө хөгжүүлмээр болдлог юм байна. Энэ утгаараа охиноо төрдөг жил би 26-тайдаа их сургуульд оюутан болж байлаа. Би чинь ТЭЦ-4-т 5 жил ажиллачихсан, тэр үед манайх дотоод ажилчдынхаа хүчээр эхний 4 зуухны шинэчлэл хийгээд, энэ ажилд гар бие оролцсон хүмүүс өндөр цалин авна. Зүгээр л станцдаа ажиллаад цалингаа аваад явах сонголт надад байсан. Гэхдээ би үүнийг сонгоогүй ээ. Мэргэжил дээшлүүлж, амьдралаа өөд нь авч явах зорилго байсан учраас зоригтой шийдвэр гаргаж байлаа. Надаас гадна манай хүн хоёр сургуульд зэрэг сурна. Ингээд гурван сургуулийн төлбөр төлөөд санхүүгийн хувьд нойл болох ч яггүй байлаа шүү дээ.

Б.Ууганцэцэг: -Би Эрдэнэтэд 10 жил онц сурсан, хоёр их сургуульд зэрэг сурдаг гээд манай найзууд намайг боловсролын тал дээр мундаг шалгуур тавьж хүнтэй сууна гэж бодсон юм шиг байгаа юм. Нуулгүй хэлэхэд, би өөрөө ч бас тэгж бодож байсан. Гэхдээ яг амьдрал зохиоход боловсролын түвшин нөлөөлдөггүй юм байна. Манай хүний амьдралд хандаж байгаа амьдралын боловсрол өндөр байсан учраас би энэ хүнийг онож ханилсандаа одоо ч сэтгэл өег явдаг. Манай хүн их сургуульд шалгалт өгч тэнцээд, өдрийн ангид оюутан болоход бидний эргэн тойрны хүмүүс “ямар ухаантай хүмүүс ингэж сая гаран төгрөгийн цалинтай ажлаа орхидог байна аа...” гэж гайхаж байсан. Охиноо гаргасан тэр жил, оюутан ахуйн дөрвөн жил бидний хувьд амаргүй байлаа. Хэдийгээр бид алив эд зүйлээр дутахын хэцүүг туулсан ч, элэг бүтэн байхын жаргалыг илүү их мэдэрсэн учраас бэрхшээлийг даваад л гарсан. Тиймдээ ч, өнөөдрийн босгосон амьдрал минь үнэ цэнэтэй байдаг. 

-“Амьдралын боловсрол” гэж гэргий нь хэллээ. Та хоёрын хувьд амьдралын боловсрол гэж юуг хэлэх вэ?

Д.Хишигт: -Зөв ухамсар, зөв үйлдэл юм даа. Эхнэртэйгээ танилцсаны дараа их алхдаг байлаа. Манайх Шар хаданд, тэндээс Баруун 4 зам хүртэл алхана. Ингэж явахдаа л Улаанбаатар хотын хамгийн гоё байрлалтай, хамгийн гоё байр гэж одоо амьдарч байгаа энэ байраа эхнэртээ зааж өгч байлаа. Хоёр жилийн өмнө гэнэтийн тохиолоор боломж гараад энэ байрыг бид худалдаж авсан. 20-иод жилийн өмнөх хүсэл минь ингэж биелсэн нь зөв л яваагийн минь илэрхийлэл байх. Хүний амьдралд хэзээ нэгэн өдөр боломж гарч ирдэг, гагцхүү үүнийг алдалгүй зөв үйлдэл хийх хэрэгтэй.

Б.Ууганцэцэг: -Эмэгтэй хүнийг зөв хүмүүжүүлэх ёстой юм байна гэж амьдралаас ойлгож авсан. Эр хүнийг хүчтэй байлгахын тулд хажууд нь байгаа ээж нь юм уу, эхнэр нь юм уу, охин нь юм уу тэр эмэгтэй хүн л нөлөөлнө. Магтах үед нь магтаж, зэмлэх үедээ зэмлэж, цагийг нь олж аргадаж байх нь эмэгтэй хүний л арга ухаан юм. Энэ амьдралын боловсролыг би аав ээжээсээ сурч авсан. Анх намайг ханьтайгаа суухад манай талаас нэг ч хүн сайшаагаагүй. Ганцхан миний аав л дэмжсэн. Дараа нь би нөхөртэйгээ муудалцаад аавдаа “Таны сонгож өгсөн хүн намайг зовоогоод...” гээд гэртээ гүйж очиж байсан удаатай. Тэгэхэд, аав минь “Нэгэнт сонгосон амьдралд чи зовж байгаа бол тэр хүн ч бас адилхан л зовж байгаа. Энэ зовлонг давж гарч чадахгүй бол ийм амьдралыг би мэдэхгүй. Харин энэ зовлонгоо хамт давж гарвал энэ амьдралыг би мэднэ. Энэ бол харин жинхэнэ гэр бүл” гэж хэлж билээ. Эндээс л би гэр бүл байхын утга учрыг таньж авсан даа.

-“Амжилт гэдэг ганцхан ирээдүйд ч биш өнгөрсөн цаг хугацаанд ч бас байдаг” гэсэн үг бий. Давж гарсан бэрхшээлүүдээсээ алийг нь сургамж болгон санадаг вэ?

Б.Ууганцэцэг: -Хүний сэтгэл ханадаг үе гэж байдаг. Энэ үе хүртлээ хүн тэсвэр тэвчээрийг л их туулсан байдаг. Миний хань 2008 онд ахуйн ослоор нүүрээ түлсэн тэр цаг үе хамгийн хэцүү байсан. Эмнэлэгт нэг өрөөнд байсан гар нь 8 хувийн түлэгдэлтэй хүн байж суухын аргагүйгээр орилж хашгирч байхад, нүүр нь 40 хувийн түлэгдэлтэй манай хүн гар нь чичрээстэй хэрнээ л шүд зуугаастай байсныг би мартдаггүй юм. Манай хоёр охин маш их сэтгэлийн тэвчээртэй. Тухайн үед хараад айчихна гээд охидоосоо нууж байгаа юм л даа. 5-р сарын 17 байсан санагдана, 6-р сарын 1 гэхэд “би охидтойгоо уулзана” гэж манай хүн хэлсэн. Манай гурвын уулзсан тэр мөчийг бодохоор одоо ч би уйлчих гээд байдаг. Том охин аав шигээ тэвчээртэй. Аавыгаа харангуутаа юу ч хэлэхгүй биеэ чангалаад л “сайн уу, аав...” гэж байгаа юм. Гэтэл бага нь “өө, миний аав чинь эдгэж байгаа юм байна, удахгүй зүгээр болно оо...” гээд аавынхаа сэтгэлийг бодож байгаа нь илт харагдсан.  Эндээс л бид охидынхоо өөр, өөр зан төрхийг анзаарч, охидоороо бахархаж байсан.

-Үр хүүхдийн хүмүүжил айл гэрийн аз жаргал, амжилт бүтээл гээд бүхий л зүйлстэй холбоотой байдаг?

Д.Хишигт: -Манай том охин 18-тай, бага нь 13-тай. Хүүхдийн ааш аяг багаасаа л олддог. Хүүхдийнхээ хандлагыг ажиглаж, тэр зүгт нь хөгжүүлбэл үр дүнтэйг ойлгосон. Тэрнээс өөрсдийнхөө хүсэл сонирхолыг тулгаад ямар ч үр дүнд хүрэхгүй, харин ч хүүхдийн ааш занг эвддэг шиг санагддаг. Манай том охин багаасаа сууж сурсан хүүхэд, төвлөрөхдөө сайн. Бага ангид байхад нь “ямар мэргэжилтэй болох уу?” гэж асуухад “цагдаа” гэж хариулж байсан. Одоо миний охин буудлагаар хичээллэдэг, энэ сонирхлыг нь ч бид дэмждэг. Харин бага охины хувьд, зөөлөн талдаа. Юмны арга эвийг сайн олно, ямар сайндаа манайхаар нэг хамаатны хүүхдүүд бужигнаад үгэнд орохгүй байхад манай охин л тэднийг чинь номонд оруулна.

Б.Ууганцэцэг: -Хүүхдийг 1-5 настайд нь анзаарч ажиглах хэрэгтэй юм байна. Бидний хувьд, хоёр охиноо маш их анзаардаг байсан. Амралтын өдрүүдээр хүмүүс хүүхдүүдээ аваад паркаар зугаалж байхад, бид хоёр гэртээ л хүүхдүүдээ хараад суудаг байлаа. Тиймдээ ч, бид охидынхоо зан төрх, хүсэл сонирхлыг таньж авсан төдийгүй өнөөдрийн санаа зовохгүй амьдралаа бүтээсэн гэж боддог юм.

-Танай гэр бүлийн онцлогоор ярилцлагаа жаргаая?

Д.Хишигт: -Амар тайван гэр бүл юм уу даа. Бүгдээрээ нэг нэгийгээ налж суугаад зурагт үзэх, нэгнийхээ хийж байгаа зүйлийг шүүмжлэхгүй, хоолоо идсэн ч хамт... гээд л манай гэрт байгаа хүн болгон тааваараа, дураараа байдаг юм. Хэрэггүй зүйлд уураа барах ашиггүй шүү дээ. Тийм болохоор бид аль болох инээд хөөртэй байхад цаг гаргадаг.

Б.Ууганцэцэг: -Манай хүний гаргасан “Хаалганы цаана ажил, хичээл, уур бухимдал үлдэнэ” гэсэн уриа байдаг. Энэ уриа манай гэрийн уур амьсгалыг эвтэй найртай, аз жаргалтай байхад нөлөөлдөг юм. Бас нэмээд хэлэхэд, илүү шунал хүнийг ядраадаг. Зорилго, шунал хоёроо ялгах хэрэгтэй.

Өөр шигээ сайн гагнуурчин төрүүлэхийн төлөө эзэмшсэн мэргэжилдээ эзэн болж яваа гэрийн эзэн Дашзэгвийн Хишигт, эх орныхоо иргэдийг сэтгэлтэй байхыг уриалан хийж яваа үйлсээрээ үлгэрлэж яваа гэргий Бибишийн Ууганцэцэг нарын ертөнцөөр уншигч таныг хөтөллөө. Аз жаргал гэдэг таны дэргэд байгаа хүмүүсийн сэтгэлээс эхэлдэг юм шүү...

Нийтэлсэн: Б.Болормаа

Амьдралд илүү шуналгүй байх сайхан   
Үзсэн: 2628 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [66.181.183.xxx] 2017-05-19 00:57
Сайхан ярилцлага байна. Зөв сэтгэлтэй сайхан гэр бүл, сайн ч сэтгүүлч юм

Бидэнтэй нэгдээрэй