Шууд Chart

Ерөнхий сайд Тамгын газрын дарга нартай уулзлаа

2013-11-14 15:27:20

Шинэчлэлийн Засгийн газрын гол зорилтуудыг орон нутагт зохион байгуулж  хэрэгжүүлэхэд чухал үүрэгтэй хүмүүс бол ЗДТГ-ын дарга. Та бүхний ажлын үр дүн ард иргэдийн амьжиргааг хэрхэн дээшлүүлсэн, авлига хээл хахуультай яаж тэмцсэн, бүтээн байгуулалтыг хэрхэн өрнүүлснээр хэмжигдэнэ шүү гэж Ерөнхий сайд Н.Алтанхуяг  аймаг, нийслэл, сум, дүүргийн ЗДТГ-ын дарга нарын улсын зөвлөгөөнд оролцогчдод хандан хэллээ.

Засгийн газрын бодлогыг хэрэгжүүлэхэд эрх мэдэл, мөнгө хэрэгтэй. Үүнийг Шинэчлэлийн Засгийн газар орон нутгийн удирдлагуудад олгосон. Орон нутгийн хөгжлийн сан, Сум хөгжүүлэх сан, Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан гэсэн дөрвөн чиглэлээр аймаг, сумдад хэдэн саяас хэдэн тэрбум хүртэл төгрөг хуваарилагдан очдог болсон. Сумын удирдлагууд гэхэд 500 сая хүртэл төгрөгийг өөрсдөө мэдэж зарцуулах болсон нь өмнө байгаагүй том эрх мэдэл. Гагцхүү эрх мэдлээ зөв ашиглаж, хөрөнгийн зарцуулалтаа ил тод, олонд хүртээмжтэй байлгах ёстой гэж анхаарууллаа. Түүнчлэн, ирэх жил аймгуудад 1000 хүртэл айлын орон сууц барьж эхэлнэ, аймаг бүрийн нэг сумыг орчин үеийн төв суурин газрын жишгээр шинэчлэн хөгжүүлэх ажил өрнүүлнэ. Бүтээн байгуулалтын энэ мэт ажлууд орон нутагт хэрэгжихийн хэрээр та бүхнээс илүү өндөр хариуцлага шаардана гэлээ. Мөн Ерөнхий сайд Тамгын газрын дарга нарт “Эрх мэдэл, албан тушаалаа ажил, хариуцлага гэж харж бай, ажлын арга барилаа шинэчил, хуучинсаг хоцрогдсон сэтгэлгээнээс татгалз, шинэ залуу үеийнхнээ сургаж дадлагажуул" гэж захисан юм.

Зөвлөгөөний үеэр энэ оны ажлын үзүүлэлтээрээ эхний таван байр эзэлсэн аймгуудын ЗДТГ-ын дарга нарыг нэг сарын цалингаар нь урамшуулсан юм. Дорноговь аймгийн ЗДТГ-ын дарга С.Бөххүү, Завхан аймгийн ЗДТГ-ын дарга Д.Түвшинжаргал, Орхон аймгийн ЗДТГ-ын дарга В.Сумъяасүх, Өмнөговь аймгийн ЗДТГ-ын дарга Б.Түвшинбаяр, Сүхбаатар аймгийн ЗДТГ-ын дарга Ц.Лхамсүрэн нарт Засгийн газрын тэргүүн амжилт хүсч, дурсгалын зүйл дурсгалаа гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.


Ерөнхий сайд Тамгын газрын дарга нартай уулзлаа  
Үзсэн: 1810 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.179.11.xxx [202.179.11.xxx] 2013-11-14 20:55
Та бүхэндээ ажлын өндөр амжилт хүсье

Бидэнтэй нэгдээрэй