Шууд Chart

Миний хүүхэд өөр аавтай болсон байх

2017-05-25 14:28:23

Сургуулиа төгсөөд өндөр цалинтай ажилд орлоо. Ирэх намар эхнэр хүүхэдтэйгээ тусдаа гарна. Ингээд л хөл дээрээ босчихлоо. Сайхан амьдарч болох юм байна гэж эрдэж, бардаж явсан залуу, амьдралынхаа 10 гаруй жилийг өргөст торны цаана өнгөрөөнө гэж хэн санах вэ...

Баримт:-1 Иргэн А найзуудтайгаа дарвиж яваад үе тэнгийн залуустай муудалцаж, улмаар хүний аминд хүрсэн байна. Тэрбээр 15 жилийн хорих ялаар шийтгүүлжээ.

Энэ явдлаас хойш 10 жил өнгөрсөн. Тэр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих 409-р ангид ялаа эдэлж байна. Бид холбогдох байгууллагын зөвшөөрлийн дагуу тус ангид очиж, түүнтэй уулзлаа. Тэрбээр ингэж ярьж байна. 

Иргэн А: Нас залуу ч байсан. Хааяа найзуудтайгаа нийлж архи, дарс ууж дарвина. Тэгж яваад баар хаах үеэр санамсаргүй байдлаар согтуу залуустай таарсан. Тамхи байна уу, гал байна уу гэснээс болж муудалцаад түлхчихсэн чинь замын хажуугийн боржур мөргөж унаад нас барсан. Надаас гурав, дөрөв ах оюутан байсан юм шиг байна лээ. Ийм хэрэгт ороод л 15 жилийн ял авсан.

Тэр үед 18 настай байсан. Юм л бол баар цэнгээний газар орох сонирхолтой. Тэрнээсээ болж энд 10-аад жил хоригдлоо. Архины хор уршгийг яс махандаа тултал ойлгоод сууж байна. Хэрэв эрүүл байсан бол ийм зүйл болохгүй байсан. Архины халуунд эрдэж бардсанаас болж ингээд л байж байна.

Тухайн үед архи уугаагүй байсан бол ийм зүйл болохгүй байсан. Түрхэн зуурын уур уцаараа барьж чадаагүйгээс болж хүний аминд хүрсэн гэж  тэрбээр хэлж байлаа. Энэ талаар СЭМҮТ-ийн Донтох эмгэгийн клиникийн эрхлэгч, тэргүүлэх зэрэгтэй эмч Энхчимэг “Хүн архи ууж эхлээд хөөрлийн байдалд ордог. Дараа нь бухимдлын үе рүүгээ шилждэг. Энэ үед ихэнх хүмүүс алдаа гаргадаг” гэсэн юм.

Эмч: Энэ бухимдлын үед тухайн хүний зан чанарын онцлогоос шалтгаалж зарим нэг хүмүүс уурлаж бухимдан агсам тавих шинжтэй болж ирдэг. Энэ үедээ бие биенийхээ занг мэдэхгүй хүмүүс муудалцвал уур бухимдлаа шууд илэрхийлнэ гэсэн үг. Ийм байдлаар тухайн үеийн согтолтын байдлаас болж асуудалд орсон хүмүүс их байна. Уг нь жаахан бодолтой байвал хүн өөрийгөө хянаж чадна. Энэ бол ухамсаргүй үйлдэл биш. Ухамсарлаж байгаа мөртлөө хянаж чадаагүй үйлдэл юм.

Согтсон л бол гэмт хэрэг үйлдэнэ гэсэн үг биш. Мэдээж тухайн хүний өөрийн дотоод зан чанараас шууд шалтгаална гэж онцолсон.

Иргэн А-гийн хувьд яг ийм үедээ алдаа гаргаж, амьдралынхаа 15 жилийг өргөст торны цаана өнгөрөөж байна. Ингээд зогсохгүй ард үлдсэн эхнэр,  хүүхэдтэйгээ холбоо тасраад уджээ.

Иргэн А: Тэр үед эхнэр, хүүхэдтэй байсан. Намар нь тусдаа гарах гээд хашаа байшингаа бэлдчихсэн байсан. Тэгээд чадалгүй хэрэгт холбогдчихсон. Одоо гэр бүлийн маань хүн өөр хүнтэй суусан байх. Надад тэр хүнийг буруутгах эрх байхгүй. Эхний таван жил нь над дээр ирж байсан. Тэгээд сүүлдээ залхсан байх. Би ч гэсэн шийдвэрийг нь ойлгосон. Манай хүү хааяа өвөө, эмээ дээрээ ирдэг гэсэн. Ээж нь хүнтэй сууна гэсэн сурагтай байсан. Тэгэхээр миний хүү өөр аавтай болсон байх. Залуусдаа хэлэхэд хэнд ч залуу насны омог бардам зан байдаг. Энэ үедээ л архинаас хол байх хэрэгтэй. Архи гэдэг зүйл чамайг зоригжуулж байгаа юм шиг хэрнээ цаагуураа чиний амьдралыг сүйтгэх аюултай.

Энэчлэн архины хор уршгаас болж, жилд хэдэн мянган залуус гэмт хэрэгтэн болж байна. Тодруулбал, 2015 онд 5907, 2016 онд 5520 хэрэг согтуугаар үйлдэгдсэн. Энэ нь тухайн жилд гарсан нийт гэмт хэргийн 20 гаруй хувийг эзэлж байна. Нийслэлийн хэмжээнд л гэхэд энэ оны эхний 4 сарын байдлаар архидан согтуурсны улмаас 900 орчим гэмт хэрэг гарсан гэж Нийслэлийн цагдаагийн газрын Хэв журмын хэлтсийн ахлах байцаагч, цагдаагийн хошууч Шинэчимэг хэллээ.

 Цагдаагийн хошууч Шинэчимэг: Нийслэлийн хэмжээнд 2017 оны эхний дөрвөн сарын байдлаар 5657 гэмт хэрэг бүртгэгдсэнээс 888 гэмт хэрэг буюу 15.6 хувь нь согтуугаар үйлдэгдсэн. 2016 онд Мэдээлэл шуурхай удирдлагын төвд архидан согтуурахтай холбоотой 150 орчим мянган дуудлага ирсэн байна. Энэ онд нийслэлийн хэмжээнд 17909 гэмт хэрэг бүртгэгдсэнээс 2584 гэмт хэрэг буюу 14.4 хувь нь согтуугаар үйлдэгдсэн байдаг. Мөн архины хордлогоор 300 гаруй хүн нас барсан гэсэн харамсалтай мэдээлэл байна.

Архидан согтуурсны улмаас гэмт хэрэгт холбогдох тохиолдол улсын хэмжээнд өндөр хувьтай байна. Хэн нэгэн гэмт хэрэгт холбогдоход нөгөө нэг нь амь нас, эрүүл мэндээрээ давхар хохирно. Ямар нэг гэмт хэрэг зөрчилд холбогдохгүй байлаа гэхэд өөрөө өөрийгөө хордуулж бие, эрүүл мэндээрээ хохирч байна. Сүүлийн жилүүдэд архины хурц хордлогоор нас барах, архинд донтох, архинаас шалтгаалсан өвчин эмгэгийн тоо нэмэгдсээр...

Манай улсын насанд хүрэгчдийн 55 хувь нь архи хэтрүүлэн хэрэглэдэг

Манай улсын насанд хүрэгчдийн 55 хувь нь архи хэтрүүлэн хэрэглэдэг. Харин архинд донтох эмгэгтэй, зайлшгүй эмчлүүлэх шаардлагатай 12-13 мянган иргэн байна гэсэн судалгаа гарчээ. Архинд донтох эмгэгтэй болсон иргэдийг Наркологийн эмнэлэг болон Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд эмчилдэг. Наркологийн эмнэлэг нь 50 ортой. Жилдээ архины архаг хордлого болон сэтгэцийн өөрчлөлттэй 1900-2200 хүнд үйлчилгээ үзүүлж байна. Нэрээ нууцлахыг хүссэн хоёр иргэний ярианд анхаарлаа хандуулъя.

Архинд донтсон эрэгтэй: Ирээд гурав хонож байна. Өмнө нь бас ирж байсан. Одоо гурав дахь удаагаа хэвтэж байна. Эхлээд бүгд найз, найз гэж байгаад архинд ороод ирэхээр хаяад явдаг юм байна лээ. Тийм л байдаг юм. Одоо миний элэг, ходоод, зүрх бүгд өвчилсөн. Зүрх савлана, ходоод, нойр булчирхай өвдөнө. Бусад хүмүүст хандаж хэлэхэд энэ архи гэдэг ундааг битгий уугаарай. Хэрэв уувал над шиг ийм бие муутай болно шүү. Ар гэрээ алдана. Ер нь амьдралаа бүү хэл амиа алдана.

Архинд донтсон эмэгтэй: Архинаас л хол явмаар байна. Миний аав архи уугаад бид нарыг их зовоодог байсан. Үүнээс болоод би архийг үзэн яддаг болсон. Хүнтэй суусны дараа манай нөхөр архи уух гэхээр нь би хагалаад хаячихдаг байлаа. Болохгүй бол гэр рүүгээ гүйгээд харьчихдаг байсан. Сүүлдээ нөхөртэйгээ хамт зах дээр зогсдог болсон. Энэ үед даархаараа ганц нэг татаж эхэлсэн. Тэгээд л архинд орсон. Одоо ханийгаа алдаад дөрвөн жил болж байна. Энэ эмнэлэгт гурав дахь удаагаа ирсэн. Сүүлд хөдөө ажлаар явж ирээд, ядраад байхаар нь уучихсан. Хоёр хоног үргэлжлүүлж уугаад, дараа нь гурав хоног шартаж хэвтсэн. Охиндоо, ээждээ дахиж уухгүй гэж амласан. Манай тэрүүгээр архи уудаг хүмүүс их олон байсан. Ер нь тэгээд ихэнх нь нас барсан. Би ч гэсэн сая шартаад үхэхээ шахлаа. Азаар эмч нарын буянд одоо гайгүй байна.    

Хүмүүсийг архинд хандах хандлагаар нь тав ангилдаг байна. Эхнийх нь огт уудаггүй хүмүүс, хоёр дахь нь баяр ёслолын үеэр ёс төдий уудаг хүмүүс, гурав дахь нь баяр ёслол гэхгүй тодорхой шалтаг гарвал уудаг аюултай хэрэглэгч, дөрөв дэх нь нэг уухаараа шартах хэмжээнд хүртэл уудаг хэтрүүлэн хэрэглэгч гэж ангилдаг. Харин хамгийн сүүлчийн ангилал нь донтох өвчний бүлэгт ордог байна. Энэ ангилалд орсон хүмүүс архиар шараа тайлж, хоног дараалж уудаг хүмүүс. Ихэнх хүмүүс ийм байдалд орсон үедээ эмнэлэгт ханддаг гэж СЭМҮТ-ийн Донтох эмгэгийн клиникийн эрхлэгч, тэргүүлэх зэрэгтэй эмч Энхчимэг хэллээ.

Эмч: Ер нь бол дунд үе рүүгээ орсон хойноо ирдэг. Донтох өвчний дунд үе рүү орсон гэдгийг илтгэх хамгийн гол шинж тэмдэг бол шараа архиар тайлах. Ингэж хоног дараалж уухаас гадна архи уугаагүй үедээ уурлах, бухимдах зэргээр зан авирын хувьд өөрчлөгдөж байвал донтох өвчтэй болсны илрэл гэж үздэг. Энэ нь сэтгэл зүйн хувьд архийг нэхэж байгаа хэлбэр юм.

СЭМҮТ нь 30 ортой. Сарын хугацаанд гурван ээлжээр 90-ээд хүн эмчилдэг. Мөн өдрийн эмчилгээндээ 10-15 хүнийг хамруулдаг байна. Өнгөрсөн онд л гэхэд нийт 1254 хүнд эмчилгээ хийсэн гэлээ. Энэ тоог Наркологийн эмнэлгийн тоотой нэгтгэж үзвэл жилдээ 3000 гаруй хүн эмчилгээнд хамрагдаж байна гэсэн үг. Гэтэл улсын хэмжээнд 12-13 мянган иргэн архинд донтох эмгэгтэй гэсэн судалгаа гарсан байна. Наркологийн эмнэлгийн  эмнэлгийн тусламж үйлчилгээний албаны дарга Чулуунболор"Архи хэтрүүлэн хэрэглэгчдийн тоо 2005 онд 10.8 хувь, 2009 онд 27.4 хувь, 2011 онд 55.2 хувь болж нэмэгдсэн. Манай улсад жилдээ 140-150 мянган хүн эрүүлжүүлэхэд ордог. Архидалтын улмаас жилдээ 1000 орчим хүн цаг бусаар нас бардаг" гэлээ.

Эрүүл, насанд хүрсэн хүний элэг цагт 30 грамм архи задлах чадвартай байдаг. Энэ хэмжээний архи нь хүний биеэс 11-14 цагийн дараа бүрэн гардаг гэж үздэг. Ингэж тооцохоор хүний элэг нэг өдөрт ихээр бодоход 50-60 грамм архи шүүх боломжтой гэсэн үг. Гэтэл манайхан энэ хэмжээг хэд дахин хэтрүүлж хэрэглэдэг.

Архийг хэтрүүлэн хэрэглэх үед хүний элэг архийг шүүх чадвараа алддаг байна. Энэ үед архины хор шууд хүний цусанд нийлдэг. Ингэснээр хүний биеийн хамгийн их цусан хангамжтай уураг тархи болон бусад эрхтэнд очиж, мэдрэлийн эсүүдийг гэмтээдэг байна. Мэдрэлийн эсүүд гэмтсэнээр хүний тархинд голомтлог өөрчлөлт орж, сэтгэцийн эмгэг, солиоролд хүргэдэг гэж Наркологийн эмнэлгийн эмнэлгийн тусламж үйлчилгээний албаны дарга Чулуунболор ярилаа.

Чулуунболор: Хүний биед архинаас үүдэлтэй 60-65 төрлийн эмгэг үүсдэг. Үүнд элэг, ходоод, зүрх судасны эмгэг өвчин орно. Хүн ямар нэг донтох эмгэгээр өвчлөхөд тархинд голомтлог өөрчлөлт ордог. Энэ өөрчлөлт нь хэзээ ч эргэж хэвийн байдалдаа ордоггүй гэдгийг шинжлэх ухаанаар тогтоосон байна. Өөрөөр хэлбэл, донтох эмгэгийн төгс эмчилгээ гэж байдаггүй.

Архи нь зөвхөн сэтгэцэд нөлөөлөөд зогсохгүй элэг, зүрх судас, хоол боловсруулах эрхтэний эмгэг зэрэг 60-65 төрлийн өвчлөл үүсгэх аюулгүй гэдгийг анхааруулж байна. Архинаас болж гэмт хэрэгтэн болно. Архинаас болж сэтгэцийн өвчтэй болно. Архинаас болж эрүүл мэндээ, эцэст нь амь насаа алдах аюултай. Сонголт зөвхөн таны гарт гэж эмч мэргэжилтнүүд санууллаа.

Нэвтрүүлэг бэлтгэсэн: МҮОНР Баримт эрэн сурвалжлах нэвтрүүлгийн баг

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл

Нийтэлсэн: Баримт

Миний хүүхэд өөр аавтай болсон байх   
Үзсэн: 10208 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [202.179.25.xxx] 2017-09-25 19:00
Ene ulun dorgio.mn minii comm g oruulahgui bn..

Бидэнтэй нэгдээрэй