Шууд Chart

Үндэсний хөтөлбөр батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэв

2017-05-25 15:06:42

Улсын Их Хурлын 2017 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2017.05.25) үдээс өмнөх нэгдсэн хуралдааны эхэнд Засгийн газраас 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр өргөн мэдүүлсэн “Монгол Улсын Статистикийн салбарыг 2016-2020 онд хөгжүүлэх Үндэсний хөтөлбөр батлах тухай”  Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.  Улсын Их Хурлын уг тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар явуулж, төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн. Байнгын хороо дээрх тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай асуудлыг 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн хуралдаанаар хэлэлцээд нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхийн дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэг бүрчлэн тусгасан эцсийн хувилбарын төслийг бэлтгэсэн байна.

Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Ундармаа танилцууллаа.

Тэрбээр танилцуулгадаа, Улсын Их Хурлын нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр санал хурааж шийдвэрлэсэн зарчмын зөрүүтэй саналуудыг дараах байдлаар төсөлд тусгалаа. Үүнд: Тогтоолын төслийн “2016-2020 он” гэснийг “2017-2020 он” гэж, 3.2 дахь дэд заалтын “Улсын Их Хуралд тайлагнаж байх” гэснийг “Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороонд 2019, 2021 оны 1 дүгээр улиралд тус тус тайлагнах” гэж өөрчлөх саналуудыг төсөлд тусгав. Мөн төслийн хавсралтын дөрөвдүгээр бүлгийн “Зорилт 8”-ыг бүхэлд нь, 22.1.10 дахь дэд заалтыг “далд эдийн засгийн тооцоог олон улсын стандартын дагуу сайжруулах, нөөц ашиглалтын хүснэгтэд тусгах” гэж өөрчлөн найруулах, 6.2 дахь заалтын “2018 оны 06 дугаар cap” гэснийг “2019 оны нэгдүгээр улирал” гэж, “2020 оны 6 дугаар cap” гэснийг “2021 оны нэгдүгээр улирал” гэж тус тус өөрчлөх, хөтөлбөрийн хугацааг өөрчилсөнтэй холбогдуулан 2016 онд хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдийн талаарх 2.1.2, 2.1.6, 13.1.8, 13.1.23 дахь дэд заалтууд болон эдгээр арга хэмжээнд зарцуулсан 2.8 тэрбум төгрөгийг хөтөлбөрийн санхүүжилт хэсгээс хасах зэрэг саналуудыг төсөлд тусгасан гэдгийг онцоллоо. Хуралдаанд Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяа болон холбогдох албаны бусад хүмүүс оролцов.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар, Б.Баттөмөр, Д.Цогтбаатар нар асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийллээ. Гишүүдийн хувьд статистик бол мэдээллийн системийн амин сүнс. Статистикийн мэдээлэл буруу байвал Монгол Улсын бүх ажил буруу тийшээ хазайна. Иймд улс төр, удирдлагын нөлөөнд авталгүй статистикийн мэдээллийг үнэн зөв гаргаж байх ёстойг захиж, анхааруулж байлаа. Ингээд “Монгол Улсын Статистикийн салбарыг 2016-2020 онд хөгжүүлэх Үндэсний хөтөлбөр батлах тухай”  Улсын Их Хурлын тогтоолын төсөл батлахыг дэмжье гэсэн Эдийн засгийн байнгын хорооны саналаар санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 80,8 хувь нь дэмжив.


Үндэсний хөтөлбөр батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэв  
Үзсэн: 776 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй