
“Хүнийг сэлбэггүй бүтээсэн нь бурханы алдаа” хэмээн Марк Твен шоглон бичсэн байдаг. Харин тэрхүү алдааг засах боломжийг шинжлэх ухааны ололт бидэнд өгчээ. Элэг, бөөр, ясны чөмөг шилжүүлэн суулгаж олон иргэний алтан амийг аврах боломж нээгдсэн. Гэхдээ нөгөө талдаа эд эрхтэнээ наймаалцахгүй гэх баталгаа байна уу. Бидний 3 жилийн өмнө хийсэн “Элэг бөөрөө худалдаж донор болно” гэх нэвтрүүлгийн доорх сэтгэгдэл дараагийн цувралаа хийхэд хөтөллөө.
Хоёрдугаар бүлгийн цустай, 21 настай. Мөнгөний хэрэг гарсан тул бөөрний донор болно. Тоглох хэрэггүй ..., “28 настай эрэгтэй, эмэгтэй хоёр хүн бөөр, элэгний донор болно ...” “Бөөрөө зарна” “2-р бүлгийн цустай хүнд элэгний донор хайж байна ...” зэрэг зар нэвтрүүлгийн доор хөвөрчээ. Баримт нэвтрүүлгийн баг “2-р бүлгийн цустай бөөрний донор болно” гэх холбогдох дугаараа тавьсан зар руу залгахад:
-Сайн байна уу? Та донор бөөрний донор болно гэж зар тавьсан уу?
- Аан тийм зар тавьсан.
-Та хэддүгээр бүлгийн цустай вэ?
- 2-р бүлгийн цустай.
-Хэдэн настай билээ?
- 23 настай.
-Ямар нэг хорт зуршилтай юу?
- Тамхи татна. Архи уухгүй.
-Та элэгний В, С вирусийн шинжилгээ өгсөн үү?
- Өгсөн. Вирус илрээгүй.
-Танд хэдэн сая төгрөг хэрэгтэй байгаа вэ?
- 6-7 сая төгрөг. Орой уулзаж байгаад л тухтай ярилцая, тэгэх үү.
Утсаар ярьсны дараа бид сэтгүүлч гэдгээ хэлж түүнтэй уулзахаар тохиролцсон юм.
Баримт 1: Залуу эцэг эхээс өвлөн авсан газраа банк бус санхүүгийн байгууллагад зээлийн барьцаанд тавьжээ. Зээлийн эргэн төлөх хугацаа тулсан тул бөөрөө зарах шийдэлд хүрсэн байна.
Залуу өөрийн эзэмшлийн газраа банк бус санхүүгийн байгууллагад 14 сая төгрөгөөр барьцаалсан. Зээлийн үлдэгдэл 5 сая төгрөгийг нэг сарын хугацаанд төлөх ёстой. Гэхдээ яаж ч ажиллаад энэ хугацаанд ийм хэмжээний мөнгийг олох боломжгүй гэдгээ бидэнд хэлсэн. Чухам яагаад бөөрөө зарах шийдэлд хүрэв. Түүний ярихыг сонсоё. Донор болох хүсэлтэй залуу:
Аавынхаа үлдээсэн газрыг жилийн өмнө банк бус санхүүгийн байгууллагад зээлийн барьцаанд тавьсан. Үлдэгдэл зээлээ төлж дуусахад 5-6 сая төгрөг шаардлагатай байгаа юм. Айлын ганц хүүхэд. Ганцаараа ажлаад энэ хэмжээний мөнгийг олж өрөө дарах гэхээр дийлэхгүй байна. Нэг ёсондоо хэрэгтэй хүндээ хэрэгтэй зүйлээр нь туслаад өөр хэрэгтэй зүйлээ авчихъя л гэж бодсон юм. Бусад хүмүүс чинь 20-30 сая төгрөг гэдэг юм билээ. Надад бол 5-6 сая төгрөг л хэрэгтэй байна. Тиймээс л зар тавьсан. Олон ч хүн зар тавьсан харагдсан. Өөрт учрах эрсдлээ тооцоолсон. Зар тавьсанаас хойш ганц, хоёр хүн залгаж асуусан. Хэдэн төгрөг үү, яаж өгөх үү, эрүүл мэндийн даатгал гээд бичиг баримт сонирхож асууж байсан.
Өрөөсөн бөөрөө 5 сая төгрөгөөр үнэлж хэн нэгэнд амьдрах боломж олгомоор байна гэх түүний яриаг та бүхэн сонслоо. Өрөөсөн бөөрөө 20 саяд зарна гэх өөр хүнтэй ч бид холбогдсон. Тэд үхэл амьдралын зааг дээр байгаа хэн нэгэнд эрүүл эрхтнээр туслан буян болоход буруудахгүй гэж өөрсдийгөө зөвтгөсөн юм. Гэхдээ энэ нь хуулиар хориотой. Донор болох хүн нь тухайн өвчтний садан төрөл, аль эсвэл сайн дурын үндсэн дээр ашиг хонжоо хараагүй, эд эрхтнээ бэлэглэх сайн санаат хүн байж болно. Тэгвэл сайн санаат хүн гэсэн нэрийн доор элэг, бөөрөө худалддаг юм биш биз?
Бидэнтэй уулзсан залуугийн найз одоогоос 5 жилийн өмнө Солонгос улс руу бөөрний донор болохоор явсан ч буцаж ирээгүй байна. Түүний ярихыг үргэлжлүүлэн сонсоё.
Миний найз эрхтний донор болно гээд Солонгос улс руу явсан. Эргэж ирээгүй. Найзуудтай нийлж авч явсан хүмүүсийг нь хайсан ч олоогүй. Гэр бүлийнхэн нь ч хайсан. Гэрээ хэлцэл хийсэн байсан. 20 сая төгрөг өгөөд Солонгост очоод хагалгаанд орно гэж байсан. Энийг бол хууль бус үйлдэл, хүний наймаа гэж харж болохоор болчихоод байна.
Залуу насны алдаанаас болж өөрийн босгосон амьдралаа нураачихлаа гэх шалтгаантай олон залуус донор болохоор зар тавьсан байсан. Үүний хажуугаар элэг, бөөрний донор хайж байгаа зар ч ажиглагдсан. Донор хайж байгаа иргэдийн хувьд долоо хоногт гурван удаа диализийн аппаратанд ордог байна. Тэдний төлөөлөл болох Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Гемодиализийн төвөөр үйлчлүүлж байгаа өвчтний сахиур Нарантуяа гэх эмэгтэйтэй бид уулзсан юм.
Манай нөхөр 2010 онд бөөрний дутагдал гэх өвчнөөр оношлогдсон. Үүнээс хойш 7 хоног бүр 3 удаа диализийн аппаратанд орж байна. Уг нь эмч нар “тохирох донортой бол бөөр шилжүүлэн суулгавал сайн байна” гэж хэлсэн. Гэтэл ах дүү нараасаа хайсанч олдоогүй. Том ах донороор тохирсон ч нас нь өндөр гээд боломжгүй гэсэн. Бас өөр нэг нь хамаатан маань тохирсон ч бөөрний үрэвсэлтэй болохоор мөн л болоогүй. Донор болохо харь элгийн хүн хайгаагүй. Одоо диализийн аппаратандаа ороол явж байна. Бусад хүмүүс бол солиулдаг л юм билээ.
Энэчлэн хайртай дотны нэгнээ алдахгүйн тулд ураг дотроос донор олдохгүй тохиолдолд харь элгийн хүнийг хайдаг байна. Ингэж үзэх нэг шалтгаан нь улсын хэмжээнд 300 гаруй иргэн тохирох донор олдохгүйгээс диализийн аппаратанд ордог гэсэн тоон мэдээлэл. Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Бөөр шилжүүлсэн суулгах багийн зөвлөх эмч, Төрийн шагналт, хүний гавъяат эмч Нямсүрэн:
Манай эмнэлэгт бөөр шилжүүлэн суулгах шаардлагатай 160 гаруй хүн диализийн аппаратанд орж байна. Мөн энэ хэмжээний хүн хувийн эмнэлэг болоод орон нутагтаа диализийн аппаратаар үйлчлүүлдэг. Ер нь бол улсын хэмжээнд 300 гаруй хүн бөөр шилжүүлэн суулгах шаардлагатай байгаа юм. Энэ өвчнөөр нэг сая хүн дотор жилд хамгийн багадаа 60-80 тохиолдол бүртгэгддэг. Ингээд тооцохоор жил бүр 180-240 хүн бөөрний дутагдал өвчнөөр оношлогддог. Ийм нөхцөлд бидний үйл ажиллагаа үүнийг гүйцэхгүй байна.
Нэг талаас элэг, бөөрөө зарах сонирхолтой хэсэг байхад нөгөө талд хайртай дотны хэн нэгнээ аврах гэсэн чин хүсэл. Энэ хоёр хүсэл сонирхлын заагт нууцаар эд эрхтнээ наймаалцаагүй гэх баталгаа байна уу?
Баримт 2: Ашиг хонжоо олох зорилгоор эд эрхтэнээ худалдсан тохиолдолд 5-10 жилийн хорих ялтай гэж Эрүүгийн хуулинд заасан байна. Энэ хуулийн заалт нь худалдсан, худалдан авсан аль аль талд нь хамаатай гэж Цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.
Манай улс 2006 оноос эхлэн 200 орчим хүнд эрхтэн шилжүүлэх мэс ажилбар хийсэн байна. Энэ хүмүүст ураг саднаас нь тохирох донорыг авч суулгасан гэж албаныхан мэдээлсэн. Тэгвэл иргэд хоорондоо эд эрхтнээ наймаалцаагүй гэх баталгаа байна уу? Улсын нэгдүгээр төв эмнэлгийн ерөнхий захирал, АУ-ны доктор Бямбадорж.
Эрхтэн шилжүүлэн суулгах технологийг дагаад эд, эрхтний худалдаа, хүний наймааны асуудал хөндөггдөг. Тиймээс бид донорыг сонгохдоо долоо хэмжиж нэг огтолдог. Иргэний бүртгэлийн газраас тухайн хоёр тал ямар хамааралтай хүмүүс болох лавлагааг авдаг. Дараа нь эрхтэн шилжүүлэх багийн хурлаар хэлэлцээд хууль дүрмийн дагуу л хийж байна. Бүгдийг ил тод байлгаж эрхтний наймааны эсрэг хатуу зогсдог. Хэвлэл мэдээлэл, сошиол ертөнц дэх зарын талаар мэдээлэл алга. Түүнийг хянаж ч чадахгүй. Ер нь бол тархины үхэлтэй донороос эрхтэн шилжүүлэн авах ёстой. Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгад үүнийг тусгасан. Дэлхийн аль ч оронд эрхтнийг үнэлж, худалдаа хийнэ гэсэн асуудал байхгүй. Ийм юм байж болохгүй.
Одоогоор манай улс элэг, бөөр, ясны чөмөг шилжүүлэн суулгах хагалгааг амжилттай хийж байна. Тухайлбал, өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд 146 хүнд бөөр шилжүүлэн суулгах мэс засал хийжээ. Үүний 12 тохиолдолд тархины үхжилттэй донороос бөөр шилжүүлэн суулгасан байна. Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Бөөр шилжүүлэн суулгах багийн зөвлөх эмч, Төрийн шагналт, хүний гавъяат эмч Нямсүрэн:
“Донор болно” гэж зар тавьсан нөхдүүд сайн санааны үүднээс донор болж болно. Хэзээ ч эрхтний наймаа хийж болохгүй. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тунхаглал, Станбулын тунхаглал болоод бүх улсад эд, эрхтний наймааг хатуу хориглодог. Ашиг сонирхолын зөрчилэй байж болохгүй. Энэ бол хуулиа мэдэхгүй хүмүүсийн л асуудал. Сайн дурын үндсэн дээр бол байж болно. Гэхдээ сайн дурын цаана ашиг сонирхолын зөрчил байж магадгүй. Үүнийг сайн тодруулахгүй бол болохгүй. Маш аюултай. Хуулиараа бол болохгүй шүү дээ. Ашиг сонирхолын зөрчилгүйгээр донор болж болно. Иргэний бүртгэлийн газраас энэ таны ямар хамаатан, садан бэ гэсэн лавлагааг бид нэхдэг. Эрхтний ашиг хонжоо хайсан наймаа хууль зөрчсөн хамгийн аюултай зүйл. Хэзээ ч хаана ч байж болохгүй. Манай улс 2006 оноос хойш 140 гаруй хүнд бөөр шилжүүлэн суулгасан байна. Үүнээс 12-т нь тархины үхэлтэй донороос бөөр шилжүүлэн суулгасан. Үлдсэнд нь аав ээж, ах дүү, эхнэр, нөхрүүдийн хооронд бөөр шилжүүлсэн. Элэг шилжүүлэн суулгалт ч мөн адил. Надруу “донор болоё” гээд залгадаг юм. Би цагдаад өгнө шүү гэж айлгадаг. Айлгаж байхгүй бол болохгүй.
Өнөөдрийн байдлаар эд эрхтнээ наймаалцаж эрүүгийн хэрэг үүсгэсэн тохиолдол байхгүйг Эрүүгийн цагдаагийн албанаас хэлсэн. Гэхдээ элэг, бөөрөө зарна, донор болно гэх заруудыг хянаж шалгадаг тухай Эрүүгийн цагдаагийн Албаны Урьдчилсан сэргийлэх тасгийн дарга хошууч Ариунболорын ярианд анхаарлаа хандуулъя.
Эрүүгийн хуулийн 101,102-р зүйлд хүний цус, эд эрхтэнг хууль бусаар авах, хүний цус эд эрхтэнг шаардлага хангаагүй нөхцөлд бэлтгэх, шилжүүэн суулгах гэсэн зүйл ангиуд байдаг. Энэ зүйл ангиар бүртгэгдсэн гэмт хэрэг байдаггүй. 2000 онд батлагдаж 2012 онд шинэчлэгдсэн Донорын тухай хуулиар эрхзүйн орчин бүрдсэн гэж хэлж болно. Гэхдээ хуулийн гол агуулга нь цусан болон хамаатан садан хоорондоо эд эрхтнээ шилжүүлж болно. Мөн сайн дурын үндсэн дээр эд, эрхтнээ бэлэглэх гэж заасан. Хариуд нь санхүү, эд материал авч болохгүй. Ашиг олох зорилгоор эд эрхтнээ шилжүүлсэн бол гэмт хэрэгт тооцогдоно. Цахим орчинд дах “ийм цусны бүлэгтэй, эд эрхтнээ зарж донор болно” гэсэн зарууд байдаг. Үүнд цагдаагийн байгууллага хяналт тавьдаг. Ийм төрлийн зар тавьсан хүмүүсээс тодруулахад тоглоод, яадгийг нь үзэх гээд, наргиад гэх хариулт өгдөг. Энэ нь шууд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл болохгүй. Хэрэв эд эрхтэнг хууль бусаар худалдсан, худалдан авсан гэмт хэргийн шинжтэй бол 5-10 хүртэлх жилийн хорих ялаар шийтгэдэг. Хүнд гэмт хэрэг.
Нэг хэсэг нь ашиг хонжоо олохын тулд эд эрхтнээ зарж, нөгөө талд хайртай хүнээ аврахын тулд худалдаж авдаг ийм хууль бус наймаа үнэхээр байна уу? Энэ асуултад холбогдох албаныхан үгүйсгэсэн хариулт өглөө. Харин дэлхийн өндөр хөгжилтэй орнууд тархины үхжилттэй донороос эрхтэн шилжүүлэх мэс заслыг амжилттай нэвтрүүлсээр байна. Энэ нь эд эрхтний наймааг таслан зогсооход түлхэц болно гэж анагаахын салбарынхан үзэж байгаа юм. Манай улсад тархины үхжилттэй донороос эрхтэн шилжүүлэх хууль эрхзүйн орчин байдаг. Гэтэл монгол хүний шашин шүтлэгээс шалтгаалан энэ хууль нь хэрэгжихэд хүндрэл учирдаг байна.
Үүнээс шалтгаалан донорын хүрэлцээ хангалтгүй хэвээр. Гэтэл нөгөө талаас эд эрхтнээ зарах сонирхолтой иргэдийн санал сэтгэгдэл, цахим сайтуудад хөвөрсөөр. Энэчлэн ашиг олох зорилгоор элэг, бөөрөө зарна гэсэн энэ олон зарын цаана бидний мэдэхгүй ямар ч хууль бус үйлдэл нуугдаж байгааг, бид мэдэхгүй.
Жич: Тус нэвтрүүлгийг сонсохыг хүсвэл ЭНД дарна уу...
МҮОНР-гийн “Баримт” эрэн сурвалжлах нэвтрүүлгийн баг
Эд эрхтэнээ наймаалцаагүй гэх баталгаа байна уу | ||
Үзсэн: 16510 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.