
Токио хотод өнгөрсөн ням гарагт эхэлсэн мэргэжлийн сүмогийн намрын тэмцээнд гурван ёкозүна цолтон барилдахгүй гэдгээ мэдэгдсэн билээ. Дөрвөн ёкозүна цолтон нэг дор барилдаж буй цаг үед гурав нь тэмцээнийг өнжиж байгаа нь түүхэнд анх удаа тохиолдож байгаа явдал аж. Тодруулбал Хакүхо, Какүрюү, Кисэносато нар гэмтэлтэй учир ёкозүна Харүмафүжи ганцаараа аваргуудыг төлөөлөн барилдаж байна.
Хакүхогийн хувьд зүүн өвдөгний гэмтэлтэй. Биеэ хөдөлгөж, дасгал хийсэн ч барилдааны бэлтгэл хийж чадахгүй байгаа учир башёг өнжих шийдвэр гаргажээ. Миягино ояката “Хакүхо өөрөө барилдмаар байна гэсэн ч зүүн өвдөгний бэртэл бүрэн эдгээгүй. Ийм байдалтай барилдаж болохгүй гэж шийдлээ” гэсэн юм.
Кисэносато гурван башё дараалан өнжиж байна. Гэхдээ сүүлийн хоёр тэмцээний дундаас гарсан бол анх удаагаа башёгийн эхний өдрөөс тэмцээнд оролцохгүй болж байгаа нь энэ юм.
Тагоноүра ояката “Аварга хүний барилдаан үзүүлж чадахгүй болохоор өнжихөөр шийдсэн” гэж сэтгүүлчдэд ярьсан. Түүний хувьд хаврын тэмцээнд зүүн мөр, цээж, Нагояд зүүн шагайгаа гэмтээсэн.
Ёкозүна Какүрюү 2017 он гарсаар таван тэмцээний дөрөвт нь тэмцээнийг дуусгаагүй голоос нь гарч байна. Гурван тэмцээн дараалан өнжиж байгаа тул байдал хамгийн хэцүү байна. Нагоя башёд баруун хөлийн шагайгаа гэмтээсэн. Өчигдөр бэлтгэлийн дараа Какүрюү “Бэлтгэл хийж болохгүй байна. Харамсалтай ч гэсэн тэмцээнд оролцож чадахгүй боллоо” гэж ярьсан бол ояката нь 11 сарын Кюүшюү башёд түүний зодог тайлах эсэхийг шийднэ гэж мэдэгдсэн байна.
Энэ жилийн хаврын тэмцээнээр Кисэносато ёкозүна цолтой гарч ирэн, 17 жилийн дараа мэргэжлийн сүмод дахин дөрвөн аваргын үе эхэлсэн ч одоо болтол дөрвөн аварга хамтдаа башёд барилдаагүй л байна. Гурван аваргын эзгүйд мэдээж ёкозүна Харүмафүжи хамгийн түрүүлэх магадлалтай. Аваргууд байхгүй нь озэки Такаясүгаас гадна сэкивакэ Митакэүми, маэгашира Хокүтофүжи нарын Япон залууст бараг дахиад гарахгүй гэмээр том боломж болж байна.
Манай комүсүби Тамаваши, маэгашира Ичиножёо нар ч Эзэн хааны цомын төлөө зүтгээд үзэх боломжтой.
Какүрюү М.Ананд зодог тайлж магадгүй | ||
Үзсэн: 1412 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.