
Ж.Верди "Аида" дуурийг Фараоны үеийн бодит явдлаас сэдэвлэн бичжээ. Тэрбээр Францын Египет судлаач Огюст Мариеттад хандан түүхэн эх бичүүлж авсан бөгөөд Мариетт бодит үйл явдлаас сэдэвлэсэн ч он цагийг тодорхой хэлээгүй байна.
1871 онд Египетийн хааны хүсэлтээр шинэхэн дуурийн театрын нээлтэд зориулан бичсэн уг дуурийг УДБЭТ-ын тайзнаа ирэх аравдугаар сарын 7,8-нд тоглох гэж байна.
Верди Мариеттаас авсан дөрвөн хуудас түүхээ Франц найз Камилль Дю Локлийн хамт дөрвөн бүлэгт цомнол болгоод Италийн яруу найрагч Гисланцонийн хамт Итали хэлэнд хөрвүүлэн, үйл явдлыг дэлгэрүүлж, өрнүүлэн, өөрөө цөөнгүй тооны шүлгийг Италиар бичиж өгсөн байдаг.
Тэрээр зохиолчдодоо өндөр шан харамж төлж, өөрөө ч мөн цомнолыг төгс болгохын тулд ихээхэн хөдөлмөрлөсөн бөгөөд хөгжмийг бичихэд харин ердөө дөрвөн сарын хугацаа зарцуулжээ.
Фараоны хаанчлал МЭӨ 5004 оноос МЭ 381 он хүртэл үргэлжилсэн байх тул үе үеийн үзэгчид цагийг эзэлсэн фараонууд, тэдний их эзэнт гүрний тухай том төсөөллийг энэ дууриас авдаг билээ.
Ингээд 1871 оны зул сарын өмнөх өдөр Каирын театрт анх тавигдсан "Аида" толгой эргэм амжилт олж, тэр өдрөөс хойш дэлхий дахины сонгодог театр бүрийн урын санд заавал ордог гайхамшигт дуурь болсон байна.
Үйл явдлын цар хүрээ, далайц, том найрал дуу, том марш, хөгжмийн том бүрэлдэхүүн, агуулга гээд францын "их дуурийн" онцлог бүрийг асар хурц зөрчил, өрнөл, тэмцэл бүхий шүлэг, төгс төгөлдөр ари, дуэт, чуулга, найралтай хослуулан тавьснаараа хөгжмийн зохиолч энэхүү дуурийг дэлхий дахинаа хүлээн зөвшөөрөх өндөр түвшинд хүргэж чадсан юм. Сонирхолтой нь тэрээр хөлсөнд авсан мөнгөнийхөө ихээхэн хэсгийг Парисын бүслэлтэд байсан энгийн иргэдэд хандивласан байдаг. Энэ үйлдэл нь түүнийг шударга ёсны төлөө тууштай тэмцэгч гэдгийн бас нэгэн баталгаа бөгөөд "хүн бүр аз жаргалтай байх эрхтэй" гэсэн суут Вердийн уриа "Аида" дуурьт ч мөн тод илэрдэг билээ.
Гол дүрүүд:
Египетийн хаан (бас)
Амнерис, Египетийн хааны гүнж (меццо-сопрано)
Амонасро, Этиопын хаан (баритон)
Аида, Этиопын гүнж, Амнерисийн боол (сопрано)
Радамес, ордны хамгаалалтын дарга (тенор)
Рамфис, төрийн их зайран (бас)
Элч (тенор)
Тэргүүн тахилч (сопрано)
Зайран, удганууд, төрийн болон цэргийн эрхтнүүд, ордныхон, цэргүүд, боолууд, Этиопын олзны хүмүүс, Египетийн энгийн иргэдэд УДБЭТ, ЦДБЭЧ, ХЦДБЧ-ын нэгдсэн найрал дуучид, УДБЭТ-ын балетын жүжигчид оролцон, симфони найрал хөгжим хөгжимдөнө.
Ирэх сард “Аида” дуурь тавигдана | ||
Үзсэн: 1630 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.