
/Аян замын тэмдэглэл /
Нэг. Санамсаргүй тохиол найраг болсон товч түүх
1969 онд “Сэгс цагаан богд” найраглалаа бичих санаа Дэндэвийн Пүрэвдорж найрагчийн сэтгэлд зурсхийх тохиолдол буюу сэдэл болсон юм билээ. Одоогоос бараг хагас зуун жилийн тэртээ гэсэн үг л дээ. Хэвлэл мэдээлэл ард түмэндээ ойр байж, тэднийхээ санал шүүмжлэлийг сонсох нь цаашдын уран бүтээлд нь хэрэгтэй гэж тухайн үеийн төр засаг үзсэн нь тун ч зөв бодлого байж.
Тэгээд л зохиолч, радио, сонины сурвалжлагч гээд хэсэг нөхөд хөдөөг зорьж. Зохиолчдын Эвлэлийн дарга С.Удвал гуай ахалсан аяллын бүрэлдэхүүнд өнөө үед домог болон алдаршсан алдарт яруу найрагч Ч.Чимид, Д.Пүрэвдорж, С.Лувсанвандан, С.Дашдооров, Д.Гармаа нараас эхлээд “Сэгс цагаан богд” найраглалын нэг баатар болох гайхалтай хувь заяаны эзэн залуу / тухайн бүрэлдэхүүн дотроо хамгийн залуу нь болох тэрбээр дөнгөж 29 шүргэж байсан гэсэн/ сэтгүүлч оролцсон арав гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг, машин тэрэгтэйгээ, майхан савтайгаа нилээд хэдэн өдөр аялсан гэж байгаа.
Тэгж явах замдаа Баянхонгор аймгийн Шинэ Жинст сумын нутаг найрагчийн бичсэн “...Анагай гурван цоохор, Ажин гурван ширдэг, Ах дүү гурван хаалга, Аман гурван сээр, Ар гурван дэл, Алаг гурван шанд, Задгай гурван хээр, Зах гурван Бамбуу...нэр нь хүртэл шүлэг Нээрээн сайхан нутаг “ –аар аялсан юм билээ. Үнэхээр л шүлэг найраг шиг уянгатай, бас зориуд толгой холбон зохиосон мэт сонин содон нэртэй тэр газрын тэхий дунд буюу Гурван Бамбуугийн Хоёр худаг орчимд тэмээчин Надмидын гэрт өнжиж таарсан байна.
Надмид гуай тэр үед тавь эргэм насны ануухан эмэгтэй, 16 настай охин Сүхбатынхаа хамт тэмээгээ маллан амьдардаг жирийн л нэг малчин өрхийн нэг байсан нь мэдээж. Наймдугаар ангиа төгсөөд, илгээлт өвөртлөн тэмээчин болсон Сүхбат охин улаа бутарсан хацартай, нүд хөмсөг сайтай гээд ер нь бол эрчүүдийн хараанд өртөхөөр царайлаг нэгэн байсныг тэр үед авагдсан ганц зурагнаас тодорхой харж болно. Зохиолчид маань тэднийд өнжөөд Сэгс цагаан Богдыг зорих мөчид хамгийн залуу нь болох Д.Нямаа /хөөрхөн охинд нүд унагасан л байлгүй/ охинтой салах ёс гүйцэтгээд хээрээс олоод тэмээний сүүгээр угжин тэжээсэн хулангийн унаганых нь хүзүүнд энгэртээ зүүж явсан тэмдэгээ авч зүүгээд хошуун дээр нь /охины биш шүү, унаганы/ үнссэн гэж байгаа. Бодвол тэр мөчид л дэргэд нь харж зогссон Пүрэвдорж найрагчийн толгойд хожмын найргийнх нь санаа гялс хийсэн болов уу.
Зохиолчидтой хамт ардын хувьсгалын партизан, яруу найрагч Дамдин гэж хүн явсан юм билээ. Азаар партизан маань зургийн аппараттай байж, уг торгон агшны зургийг авч үлдсэн өдгөө цорын ганц бодит гэрч болон буй. Болж өнгөрсөн гол үйл явдал товчдоо энэ. Янз бүрийн сувгаар, олон олон сэтгүүлчид энэ тухай бичиж, бас телевиз, радиогоор мэдээлэгдсэн болохоор илүү олныг нуршаад яахав.
Хоёр. Ахмад сэтгүүлчид аян замд мордсон хууч
Яагаад энэ тухай бичих болов оо гэвэл, тийшээ тэмүүлэх сэдлийг СГЗ, Монголын радиогийн нэрт сэтгүүлч Д.Амбасэлмаа гуай тавьсан юм. Д.Пүрэвдорж найрагчийн төрсөн өдөр тун удахгүй болно. Тэр өдрөөс өмнө “Сэгс цагаан Богд” найраглалын хоёр баатарыг уулзуулсан гоё нэвтрүүлэг бэлдмээр байна. Тэмээчин бүсгүй нь одоо ч гэсэн нөгөө Бамбуудаа л байдаг гэж Шаргалжуутын рашаанд амрахдаа нутгийн хүмүүсээс нь сонслоо. Харин “шувуу бүхэнд үг заагаад, шуудан бүхэнд захиа дайгаад...” байсан нөхөр бол СГЗ, Төрийн шагналт, яруу найрагч Долгорын Нямаа шүү дээ.
Нямаатай би яриад тохирчихлоо. Явж уулзаад ирж болно гэж байна гээд, тийшээ яваад ирэх төсөв зардал гаргачихлаа, зураглаач, найруулагч, сэтгүүлч бэлэн. Бас яруу найрагч Ш.Дулмаагаас эхлээд хамт явах хүмүүс ч байна гэдэг юм. Ойрлцоогоор сая найман зуун мянга орчим төгрөг шаардагдах байх гэлээ. Сайхан санаа. Зургаа долоон хүн явна гэхээр хоёр машин, эсвэл микроавтобус олох хэрэгтэй. Явах зам нийтдээ 3000 км \ талдаа 1500 шахам \. За тэгээд хоол, буудал, нөөц дугуй, хөнжил гудас гээд чамгүй бэлтгэл шаардагдах нь ойлгомжтой.
Тэгэс ингэсээр байтал төрсөн өдөр ч өнгөрлөө. Телевизээр “Сэгс цагаан Богд” найраглалыг уншаад л найрагчийн бичиж үлдээсэн яриа гараад л сайхан өнгөрлөө. Дашрамд сонирхуулахад нэг телевизээр нөгөө сайхан говь нутгийг биш дандаа л хангайн уулс, том гол, ой шугуй, бүр Хөвсгөл далай, цаатны урц, цаа бугууд хүртэл гаргаж байсныг эс тооцвол алдарт найрагч, найраглал хоёрыг сануулахаар л нэг болсон. Төрсөн өдөр өнгөрсөн ч гэлээ тэр сайхан санааг хүйтрэхээс өмнө амжуулах ёстой гэсэн бодол дотроос хатгаад болдоггүй. Тэгээд зориг шулуудаж, Амбала руу / Амбасэлмаа гуайг мэргэжил нэгтнүүд нь ингэж нэрлэдэг юм/ утасдлаа. За би явахад бэлэн болчихлоо маргааш гарья.
Гэхдээ нэг машинтай явах тул таваас илүү хүн багтахгүй гэсэн чинь “ Хүүе ийм шуурхай яаж болохов. Би нөгөөдүүлээ бэлдүүлнэ. Тэгээд нэг дэхийн өглөө хөдөлцгөөе. Яахав Дулмаагаа л үлдээхээс хэмээлээ. Ингээд манай баг Амбала /сэтгүүлчээр/, телевизийн ахмад зураглаач Ч.Баяраа /камертайгаа/, Р.Аля /телевизийн ахмад найруулагч/, найраглалын баатар Долгорын Нямаа, за тэгээд жолооч бөгөөд аян замын хөтөч би гэсэн бүрэлдэхүүнтэй өглөө хотоос гарлаа.
Хамгийн ахмад нь Амбала 82 настай, тэгээд яруу найрагч Долгорын Нямаа 75- тай, тэгээд Баяраа бид хоёр дал шүргэж яваа, хамгийн залуу нь Аля /насыг нь асуугаагүй л дээ/ телевизийн ахмад найруулагч болохоор ахмадын тоонд оруулаад үндсэндээ ахмадуудын баг явсан хэрэг.
Засмал замаар давхих болохоор саадгүй. Харин дугуй хагарвал ... гэх бодол зурсхийсэн ч “түй... түй...” хэмээн цайруулчихав. Уг нь өмнөх хоёр гурван өдөр бүх нутгаар цасан шуургатай, онц ноцтой үзэгдэл болох тул холын замд гарсны хэрэггүй гэж цаг уурынхан мэдээлж байсан ч төлөвлөсөн ажлаа хойшлуулаад яахав гэцгээн хувь хувь дотроо залбирч аваад л хөдөлсөн дөө. Баянхонгор хүртэл шинэ засмал зам нээгдсэн болохоор санаа зовоогүй юм. Нямаа найрагчаас бусад нь дулаан хувцастай. Та дулаалахгүй яагаав гэсэн чинь “ 44 жил уулзаагүй бүсгүй дээр очих гэж яваа хүн гоёж явалгүй яахав” хэмээн хошигнож байна.
Лүн хүртэл ч сайхан давхилаа. Тэнгэр ч аашилсангүй. Түүх голдуу хуучилсаар зам амархан хоров. Өвөрхангай зам залгасан үеэс тэнгэр муухайрч цас хаялан байснаа бүр хүчтэй шуурч эхлэв. Ядаж байхад нөгөө сайхан засмал зам дуусч үе үе эвдэрч цоорсон нүх, хонхорч таарсаар удалгүй замаас гарч овгор товгор шороон замаар дэнжигнүүлэх нь тэр. Нээлт хийгээд тууз хайчлаад байсан засмал нь зөвхөн Өвөрхангайгаас цааш болохыг үзээд бага зэрэг гонсойсноо нуух юун. Өвөрхангайн замыг дахин засаж байгаа гэнэ. Энэ замыг засаж дуусахад цаад зам нь эвдрэхгүй байгаасай гэж залбирцгаав. Зогсох газар зогсож, гэлдрэх газар гэлдэрсээр Рашаант суманд нэг сайн хооллож аваад Өвөрхангай оров. Ашгүй цаашлах тусам тэнгэр онгойсоор Баянхонгор ороход салхитай л болохоос цасгүй байлаа. Энэ аймгийн шинэ удирдлага их бүтээн байгуулалт өрнүүлж буй бололтой. Төв замуудаа бүгдийг хааж засмалдаад хариугүй дуусах гэж байгаа аж. Энд тэндгүй л барилгын ажил. Асууж, сураглаж, тойрч, дайрч явсаар танилындаа буув.
Гурав. “Явсан нохой яс зууна” –аа гэж буюу сургаж үлдээсэн төөрөлт
Хотоос гарахдаа эднийхийг заалгаад гарсан юм. Манай эхнэрийн хэлснээр бол энэ өрхийн тэргүүн Жамц гэж хүн ямар нэг монгол киноны гол баатарын загвар авсан бодит дүр нь. Давааны цаана даваа” байхаа гэсэн юм. Тэгсэн “Энэ хүүхнүүд үү” кино болохыг мэдэв. Баянхонгор аймгийн Туяа нэгдлийн дарга Жамц гээд Гомбосүрэн гуай танилцуулж байдаг шүү дээ. Бас орлогч дарга нь Дорж буюу Ардын жүжигчин Дамдинсүрэн гуай. Кино гарч байх тэр үед жинхэнэ Жамц гуай Туяа нэгдлийн дарга, Дорж гуай харин намын дарга нь байсан юм билээ. Өөрөөр хэлбэл тэнгэр харж байгаад бодож олоогүй гэсэн үг.
Энэ талаар манай багийнхан жичдээ нэвтрүүлэг бэлдэх тул ингээд үлдээе. Маргааш өглөө нь аймгийн ИТХ-ын даргаар урьдчилан хэлүүлж аваад Шинэ Жинст сумыг зорив. 240-өөд км бартаатай замаар давхих тийм ч амар биш. Телевизийн Бадамсамбуу анх рекламдаж гаргасан “Оллоо” жпс авч явсандаа гол найдлага тавьлаа. Сумын төв дээр тохируулаад асаачихав. Газрын зураг дээр харвал Богд сумаар тойрох, Баацагаан сумаар мурийх хоёр гол зам байна.
Нутгийн хүнээс лавлавал тэр хоёрын дундуур Их Богд хайрханы сэтэрхий Оорцогийн даваагаар даваад урууддаг замтай, тэр нь арай татуу гэнэ. Зуу гаруй км явж байтал жпс маань “замаас гарлаа” гээд болдоггүй. Зааснаар нь давхисаар Их Богд хайрханд тулаад ирэв. Мотоциклтой залуу таарснаас асуувал “наад замаа дагаад шууд яв. Богд хайрханы дундуур гарсан хавцалаар даваад цаашаа 100 км явахад Жинст орно. Зам бараг салахгүй” гэснээр дэнжигнүүлэн гэлдэрсээр яг л Өмнөговийн “Ёлын ам”-тай тун адилхан хавцалаар нилээд өгсөөд том үхэр хаданд тулаад гацав.
Машин багтахаар уужим боловч хад асга, дээрээс урсаж ирээд хөлдсөн мөсөн гол гээд лав л миний машин явах боломж үнэндээ байсангүй. Байгалийн сайхан, сүрлэг гэж ярилтгүй. Тавиад оны дундуур энэ хавьд маш хүчтэй газар хөдөлж олон мал эндэж, газар цөмрөн ан цав үүссэн гэдэг ба тэр үед Их Богд хайрхан дундуураа хагарч ийм хавцал үүссэн тухай ч яригддаг гэсэн. Ингээд арга буюу буцлаа. Бүрэнхий ч болчихов.
Дурандсан чинь хайрханы баруун хормой орчим бүдэгхэн гэрэл сүүмэлзэхийг бараадан замгүй газраар гэлдрүүлсээр айлын гадаа ирэв. Бид Оорцогийн даваа хүрэх замаас 80 гаруй км зайд ирчихэж. Гэрийн эзний хэлснээр бол саяын хавцалаар дээхэн үед цагаан сараар айлчилж явсан 69 тэй халамцуу залуус цаад талаас нь мөсөн дээгүүр гулгуулсаар байгаад давсан юм гэсэн. Морьтой, мотоциклтой хүмүүс бол даваад л байдаг гэнээ. Хөгтэй хөгжилтэй явсаар харанхуй болсон хойно машины гэрэлд нэг айлын бараа харж бөөн баяр боллоо.
Тэгсэн нөгөө Оорцогийн давааны эхэнд ирсэн нь тэр аж. Харамсалтай нь замгүй газраар хад асган дундуур дэндэгнүүлж явахдаа урд дугуйгаа яз татсанаа мэдсэнгүй, обудаар нь гэлдрүүлж, резин нь бараг шатаж дууссан байхыг буухдаа л олж мэдсэн гээч. Аз болоход нөгөө айлд мотоциклтой гурав дөрвөн залуус байж таарсан тул тэднээр нөөц дугуйгаа солиулж, цааших замаа сайн заалгаж аваад урагшиллаа. Бас нэг хөглөснөө бичихгүй байж төвдсөнгүй.
Дугуйгаа солиулаад зогсож байхад миний зүүн гар талд бараг бүтэн тэргэл сар манхайж байхыг сониучирхан харсан юм л даа. Машин хөдөлхөд ч дахин анзаарсан юм. Даваагаа даваад бараг далаад км явж байтал зам гурав салдаг юм. Хэсэг эргэлзэж байснаа голыг бариад явсан чинь нөгөө жпс “замаар гарлаа” –гаа хэлээд эсрэг тийш зааж байна. Ярилцаж байгаад жпс-ээ дагалаа даа. Нилээд явж байгаад нэг анзаарсан чинь сар баруун гар талд гарчихаж. Буцаад явж байх шиг санагдаад нөхөддөө хэлсэн чинь Амбала “ сар чинь явдаг юм аа. Тойроод эргэдэг, болохоор баруун талд байх нь аргагүй” гэнэ. Тэрхэн үедээ эргэлзсэн ч “ийм хурдан явдаг гэж үү” гэсэн шүү бодоод өнгөрөв.
Тэгсэн Нямаа гуай “ Амбалагийн зөв байх. Ер нь хээр хоносон сар баруун гар талд байх ёстой” хэмээн санаа амраав. Давхиад л байлаа. Нэг л танил замаар яваад байх шиг. Уг нь манай багийн Баяраа бид хоёроос бусад нь Сэгс цагаан Богдод ирж байсан улс. Нямаа гуай нэг, Амбала гурав, Аалиа дөрөв ч билүү ирж байсан гэж байгаа. Даанч замаа ерөөсөө ажиглаж байгаагүй гэнэ. Ингэж будилсаар өмнө нь хажуугаар нь зам асуугаад гарсан хоёр машин /нэг нь шороо ухагч/ дээр яалт ч үгүй эргээд ирдэг байгаа.
Яахав ээ бас ч гэж “хээр хоносон сар” урагшаа явж буй жолоочийн зүүн гар талд байдгийг, бас сар явдаг ч гэлээ цагийн дотор зүүнээс баруун талд гартлаа хурдалдаггүйг бүгдээрээ мэдэж үлдсэн шүү. Харин “оллоо” жпс-ийн хэрэггүй эд болохыг онцлон шүүмжилж Бадамсамбууг баахан загнасан даа. Лав чих нь их халууцсан байж таарна. Хотод ирсэн хойноо Бадамсамбуутай тааралдаад энэ тухайгаа хэлсэн чинь жпс зөв ашиглахын тулд газрын зураг дээр харж байгаад ойр ойрхон сум, төв цэгүүдэд тохируулан явах учиртай юм байж.
Тэгэхгүй шууд очих газраа тааруулчихаар зам мурийх, хазайх болгонд “замаас гарлаа” гэдэг сануулгаа өгөөд шууд зүгийг заагаад байдаг ажээ. Ийнхүү бид нэг газраа дахиад ирсэн ч төөрч будилснаа хэлэхээс нэрэлхээд, тээнэгэлзэн зогсож байтал өөдөөс нэг фургон гараад ирлээ. Зогсоогоод асуусан чинь Жинс орно гэнэ. Бөөн аз араас нь дагаад, шороонд нь булуулах юу ч биш давхисаар шөнийн тэг цагийн үед сумын төв хүрлээ. Ингээд бэрхшээл дууссангүй. Шинэ Жинст сум байнгын цахилгаангүй газар аж. Таг харанхуй гэсэн үг.
Машиныхаа гэрлээр хайсаар сумын сургуулийг олов. Харамсалтай нь бүх хаалга нь түгжээтэй, дотуур ч байр ч эзгүй. Дараа нь сумын захиргааг оллоо. Бас л бүгд цоожтой. Дараа нь банк, цагдаа... аль аль нь хүнгүй. Эцэст нь эмнэлэгийг нь эрсээр хүрвэл харин бүх өрөө нь цоожгүй, онгорхой ч асууж лавлах хүн байхгүй болотой. Сул байгаа нэг өрөөнд ороод унтацгаая гэж шийдээд байтал сувилагч нэг өрөөнөөс гарч ирэв. Ядаж гар, суурин аль ч утас ялгаагүй зөвхөн мотор асаасан үе буюу оройн 19-22 цагийн хооронд л ажилладаг гэнэ.
Сувилагчийн тусламжаар буудлын үйлчлэгчийг олж, шөнийн 02 цагийн үед төвхнөлөө. Төвөөс алслагдсан сумын иргэд маань нэг иймэрхүү л аж төрж байх шив дээ. Гэхдээ тухайн нөхцөлдөө тохирсон хобоо хэлхээ байдаг ажээ. Биднийг ирсэн тэр шөнө сургуулийн захирлын гэр шатсан юм байна. Яаж мэдэж холбогдох хүмүүсээ цуглуулсныг бүү мэд. Ямар ч гэсэн сумын дарга, тамгын дарга, хэсгийн төлөөлөгч гээд шаардлагатай бүгд шуурхай цуглаж галыг цаг алдалгүй унтрааж чадсан нь гайхалтай. Манай суманд бол түймэр гарвал захиргааны хажуугийн шонгоос дүүжилсэн төмөр замын рейлс төмрийг балбадаг байж билээ. Эднийг арай орчин үеийн сүлжээ байдаг бизээ.
Дөрөв. Найрагт мөнхөрч нутгийн “бренд” болсон тэмээчин бүсгүйнх
Маргааш өглөө нь сумын захиргаанаас газарчин гаргуулж, бас явах чадвар сайтай мал эмнэлгийн фургон жолооч хоёрыг авч шатахуун дүүргэж аваад тэмээчин бүсгүйг эрж олохоор явлаа. Сүхбатынх Бамбуугийн хаа нэгтээ л малын бэлчээрээ дагаад нүүдэллэж яваа. Өвөлжөөндөө буух болоогүй гэнэ. Нээрээ говийн айлууд өдийд өвөлжөөндөө өвс тэжээлээ бүгдийг нь ян тан бэлтгэж, гэрээ дулаалан өрхийг нь бүтээгээд орхидог болчихож. Тийм айлд хэд хэд баярлаж очсон шүү.
Шинэ Жинст сум Монголдоо төдийгүй дэлхийд ч гайхуулахаар ховорхон сайхан байгал, улаан номд орсон ан амьтад /мазаалай, хавтгай, хар сүүлт, аргаль янгир, шилүүс , хулан, тахь/ байх төдийгүй эрт галвын цагт далайн ёроол байсан болохоор палеонтологийн гол олдвор бүхий шинжлэх ухааны ач холбогдол бүхий газар. Арай хожим буюу хүн төрөлхтөн үүсч байсан үеийн хөшөө дурсгал, хадны сүг зураг хамгийн олноор үлдсэн нутаг юм.
Таван хүн алдалж тэврээд гар нь хүрэхээргүй том “хаан тоорой”, Жарт Далтын алдарт рашаан, Эхийн голын суут баян бүрд гээд тоочоод барахгүй. Зах зээлийн энэ үед хамгийн ашигтай, хамгийн нарийн ноолууртай, цав цагаан ямаа зөвхөн энэ суманд өсөн үрждэг нь Монголын хамгийн дулаан цэг энд төвлөрдөгтэй холбоотой. Ийнхүү гайхан шагширсаар явж байтал, алсад хонь ямаа харагдаж, тэндээс биднийг зүглэн тэмээтэй хүн жонжуулсаар айсуй.
Ойртоод ирэхээр нь анзаарвал хоёр нүднийхээ тушаа цоолж нүх гаргасан битүү ноосон малгайтай бүсгүй, өмнөө охиноо дүүрчихсэн байхыг мэдэв. Хэдийгээр хөдөө хээр, малын билчээрт байдаг ч төв газрынхны нэгэн адил нүүр амаа сайртаж, борлохоос хамгаалан ийм малгай өмсдөг болсон гэнэ. Зарим бүсгүйчүүд нөгөө цоолсон нүхээ тойруулан будаж сормуус хүртэл зурдаг гэсэн. Тэр бүсгүй бол бидний зорьж яваа тэмээчин Сүхбатын нэг бэр нь байж таарлаа. Бамбуугийн хоёр худаг хавьд л байгааг заалгаж аваад явцгаалаа. Замчингүй явсан бол олохын ч аргагүй юм.
Орон нутгаа сайн мэддэг жолооч, замчин хоёр маань хүртэл будилах шахаж явтал хэсэг аараг толгодын дундах хонхор дунд гаднаа саарал фургон, хоёр мотоцикльтой айл байсан нь найраглалын баатарынх аж. Гэрээ алсуур тойруулан сур дээс сунган тавьж, овгор товгор бүрийн хажууд мануухай , тэрэг, авдар, түмпэн зэргийг тавьсан нь чононоос сэргийлсэн арга хэмжээ гэнэ. Гэрт тав зургаан сартай бололтой жаахан охин, залуу бүсгүй хоёр байсан нь Сүхбатын бага хүүгийн эхнэр, охин хоёр юм байна.
Сумын сургуулийн багш бэр нь хүүхэд асрах чөлөөтэй байгаа болохоор ээж дээрээ өвөлжихөөр ирчихээд байгаагаа хуучлав. Говийн айл бүр 40-50 суваг үздэг телевизтэй, зайгаар асаадаг гэрэлтэй ер нь орчин үеэс хоцрохоо больж. Харин малчны шар хөргөгч байгаа эсэхийг сонирхвол “тэр онцгүй юм байна лээ. Ганц нэг айл ашиглаж үзээд больсон. Мах, сүү муудах гээд байдаг юм” гэж байна. Тавиур дээр байх богино долгионы жижиг утас үе үе шажигнан дугарч “Ганбаа ахаа... хэн хаана явна “ гэхчилэн дуугарна. Лавлавал сумын малчин айлууд бүгд ийм утастай.
Бүгд хоорондоо холбоотой учир хууч хөөрөхөөс эхлээд, сонин хачин дуулгах, хов живээ ч дамжуулах гээд их амар байдаг гэнэ. Бартаа багатай говийн орчинд энэ утас нь бараг тавь жаран км-т ярьж болдог нь тун таатай. Ганбаа Сүхбатын бага хүү. Өнөөдөр энэ хавийн залуус нийлээд чонын авд мордоод хоёр эр чоно авласныг дуулгав. Илүү хиймортойд нь алагддаг, ижил хиймортойд нь үзэгддэг гэх чонын автай таарсандаа олзуурхав. Нөгөө утсаар холбоо тэр дорхноо тарсан бололтой Сүхбатын хүү бэр, хамаатан садныхан тэр дороо л цуглав.
Тав. Залуу насыг сэргээн нулимс цийлэгнүүлсэн учрал
Сүхбат маань л хаана яваа нь тодорхойгүй. Нямаа найрагчаас эхлээд хэн хүнгүй л уулзах мөчийг тэсэж ядан хүлээнэ. Ийш тийш нь машинтай, мотоцикльтой хүмүүс давхиулсны хүчинд баримжаа олж тогтоолоо. Тэгээд бэлчээрт нь тосож уулзахаар шийдлээ. Гэрээс нь арваад км яваад хариулж яваа ямааных нь барааг олж харав. Буугаад дурандсан чинь Сүхбат биднийг олж харсан биз, өөдөөс жонжуулав. Нямаа найрагч ч зах заамаа товчилж, саравчтай малгайгаа духдуулж аваад тосон алхлаа. Сүхбат юун хүмүүс, ямар хэрэг зоригтой яваа бол гэсэн байртай гайхасхийн, дөхөж ирээд зогслоо. Сайн танихгүй байгаа нь илт.
Арга ч үгүй биз дээ. Өдгөөгөөс 45 шахам жилийн тэртээх түүх шүү дээ. Өдгөө 60 настай малчин эмэгтэй, 75 настай, халзан толгой, харааны шилтэй өвгөн найрагчийг нөгөө залуу хэмээн төсөөлөхөд бэрх. Нямаа гуай тэмээнийх нь дэргэд очоод “намайг таниж байна уу” гэж зөөлхөн асуулаа. Сүхбат хэсэг тээнэгэлзэн харснаа “сайн танихгүй л байна.
Та нар хаанаас хаа хүрч явна даа” гэж байнаа. Найрагч өөрийгөө танилцуулангуут Сүхбат тэмээнээс бууж ирэн золгоод “одоо л танилаа гэснээр сайхан дурсамж, уулзалт, хууч яриа өрнөсөн сонирхолтой уулзалт, нүдэндээ нулимстай дурсамж , бодол хүүрнэл бүхий нэвтрүүлэг бүтсэн бөлгөө. Уг нэвтрүүлгийг СГЗ, сэтгүүлч Д.Амбасэлмаа, телевизийн найруулагч Р.Аля, ахмад зураглаач Ч.Баяраа нар мэргэжлийн түвшинд бэлтгэсэн тул тун удахгүй олон түмний хүртээл болох нь дамжиггүй. Тиймээс уулзалт ярианы талаар дэлгэрэнгүй бичсэнгүй.
Манайхан нэвтрүүлгээ бэлдэж байх зуур чоно авласан залуустай уулзаж ямар буугаар хэрхэн авласныг нь асуувал, буу байхгүй гэнэ. Тэгээд яаж агнав гэсэн чулуугаар хэмээж байна. Хошигнож байгаа л юм бодлоо. Тэгсэн үнэн аж. Ганц жижиг буу /тоз-8/ байсан ч хонгио нь дотроо гацаад нэг ч буудаж чадаагүй болохоор гар утасаа ашиглан холбоо тогтоож, мотоциклоороо өртөөлөн хөөгөөд бахардуулдаг. Тэгээд чулуу модоор цохичихдог ажээ.
Дээр үед чонын ав гэж лут ажил төрөөс зохион байгуулдаг байж билээ. Дарга цэрэггүй л оролцдог. Ухаандаа малын дайсан чоныг хөнөөх ажил л даа. Үр дүнгээ өгдөг л байсан байлгүй яав гэж. Гэхдээ л мал олигтой өсөхгүй байсаар ардчилалтай залгасан даа. Их ав ч зогссон. Харин мал сүрэг маань дөч тавин сая болтлоо өсөх шив дээ.
Уулзалт, нэвтрүүлгээ дуусгаад хөдлөх гэсэн чинь Сүхбатынхан холын зочдод хонь гаргаж өгөх ёстой гээд тэр дор нь төхөөрчихөв. Хонож өнжөөд маргааш яаралгүй явах санал ч тавьлаа. Санаа байсан ч ганц гэрт ийм олуулаа \ 20 шахам хүн шүү \ хэрхэн хонох гээд асуудал байсан болохоор нар жаргатал хэсэг хөгжилдөөд сумын төв рүү зүглэв. Сүхбатынхан эргэж уулзахын ерөөл тавиад сүү өргөн үдлээ.
Зургаа. Хүрэн морь ба аравгар хээр гэх төгсгөлийн хэсэг
Маргааш өглөө нь сумын цаг уур шинжилгээний станцын эрхлэгч Г.Дашчирэвийн байгуулсан орон нутгийн музейг үзэж сонирхов. Цэргийн алба хааж, сургуулиа дүүргэснээсээ хойш энэ сумандаа гуч гаруй жил ажиллаж, амьдарч буй энэ хүн сайн дураараа энэ музейг байгуулаад зогсохгүй сумын хүүхэд залууст байгаь орчноо хамгаалах, зохистой ашиглах сургалт явуулдаг гэж байгаа. Бидэнд гарын хоолоо, нутгийнхаа нэг бренд болох Эхийн голын дарсан ногоо /кимчитэй төстэй/-гоор амтлан дайлаад үдсэн.
Цаг уурын станцынх нь ойролцоо нарны гэрэл цуглуулагч толинууд харагдахаар нь энийгээ ашигладаггүй юм уу гэсэн чинь хэдэн жилийн өмнө чамгүй хөрөнгө мөнгө гаргаж тавиулсан. Эхэндээ гайгүй ажиллаж, эмнэлэг, сургууль, холбоо зэргээ дөнгөөд байсан. Жил шахам болоод батерейнууд нь нураад ажиллахаа больсон. Тэр нь олдоц ховор, олдсон ч амархан нурчихдаг болохоор ашиглахаа больсон гэлээ.
Энэ сайхан талархаг нутагт салхины цахилгаан үүсгүүр л таарах бололтой юм. Бид буцах замаа хөөсөн ч замаасаа бага зэрэг баруун тийш хазайчихаж. Хазайснаа мэдэцгээсэн ч жалга, судаг үргэлжлээд чигээ өөрчлөх боломж олдсонгүй. Нэг даваа давтал цэлийсэн цэнхэр нуур харагдсан нь Бөөн цагаан нуур аж. Тэр их говийн дунд ийм том нуур байна гэдэг сонин шүү. Газрын зураг дээр тус аймгийн нутагт хоёр нуур тэмдэглэгдсэн байдгийн нэг нь.
Нөгөө нь Орог нуур. Их Богдын ар хөндийд байсан Орог нуур ширгээд шалбааг л үлдсэн гэхийг сонссон. Бодвол байгаль орчинтойгоо буруу харьцсаны л уршиг бизээ. Мод бутаа огтолж түлээд бас хажуугаар нь уурхайн зам барих гэж газар шороог сэндийчээд. Шинэ Жинст сумын урд хойд хоёр талд нүүрсний уурхай нээгдсэн юм билээ. Тэд нүүрсээ Шивээ хүрэнгийн боомтоор урагш нь гаргах гээд зам тавиж эхлээд орхисон байхыг үзсэн.
Байгаль хамгаалагчид эсэргүүцсэн, бас хөрөнгө мөнгө нь дутсан зэрэг шалтгаанаар баахан шороо овоолоод зогссон байна лээ. Тэр зам тавигдаж машин тэрэг хөлхөөд эхэлбэл дээр дурдсан ховор ан амьтад дайжин устах аюултайг судлаачид сануулсантай холбоотой зогссон байх. Бөөн цагаан нуур орчим нэг ч жуулчдын бааз, айл амьтан үзэгдсэнгүй. Яагаад ийм сайхан нуурыг “ашиглаагүй” юм бол хэмээн гайхалцав. Нуураас холгүй Баацагаан сум таарна.
Энэ сум бол Хүрэн морь найраглалаараа алдаршсан их найрагч Ч.Лхамсүрэн гуайн төрсөн нутаг. Сумын төвд хүрэн морины хөшөө, бас Ч.Лхамсүрэн найрагчийн музей байдаг. Хүрэн морь найраглалд зориулсан хөшөө сумын захиргааны өмнө байдаг аж. Төсөөлж байснаас харьцангуй жижигхэн, гэхдээ дэл сүүл нь хийсч , урд хөлөөрөө газар цавчлан янцгаах тэр морь үлгэрийн мэт. Нямаа найрагчийн саналаар сумын захиргааны хажууд байх найрагчийн музейн өмнө зогсов.
Ойрд засаж сэргээгүй бололтой, гадна шавар нь энд тэндгүй халцарч, будаг шохой нь нилээд гунджээ. Гаднаа хаяг тэмдэглэл байхгүй болохоор музей гэхээргүй. Таарсан хүнээс асуусан наад байшин чинь мөн. Гэхдээ эрхлэгч нь байхгүй гэнэ. Нямаа гуай алдарт найрагчийн музейн хаалганаас адис авсныг бид ч дуурайв. Хүрэн морины хөшөөнд мөргөж аваад хөдлөв. Хонгор нутаг олон сайн найрагчтай. Дан.Нямаа, П.Пүрэвсүрэн гээд үргэлжилнэ.
Аймгаас гараад Их Богдын барааг харан зогсох зуур Нямаа гуай П.Пүрэвсүрэн найрагч, бас өөр нэг танил руугаа утасдаж танай нутагт ирээд Богд хайрханы ар шилд зогсож байна хэмээн дуулгасан чинь дуу алдаад баярлахын зэрэгцээ, хамт явсан бол хэмээн хоолой нь цахиртлаа гэж байсан юм даг. Хүний төрж өссөн нутаг гэдэг эцэг эхээс өөрцгүй ээнэгшин, зүрх сэтгэлийг нь татан байдгийн нэгэн жишээ буй заа.
Ийнхүү “Сэгс цагаан богд” –ыг сэргээн “уншсан” аялал өндөрлөж хот руугаа буцлаа. Ирэхдээ цасан шуурга, хүйтэн хоёроос болоод замд байх алдартай буянуудад зориулсан “Монгол түмний морины их шүтээн” хөшөө дурсгалын цогцолборыг ч анзааралгүй өнгөрсөн байлаа. Сайхан цогцолбор босчээ.
Телевизээр харсан болохоос “амьдаар нь” үзээгүй байсан юм чинь. Шагшин бахархахын зэрэгцээ харамсан халаглах зүйл ч ажиглагдаж байнаа. Нээлтээ хийснээс хойш дөнгөж дөрөв дэх намартайгаа золгож буй уг цогцолборыг барьсан хүмүүс нь үү эсвэл ивээн тэтгэгчид нь үү бүү мэд ямар болов ч урт настай хийсэнгүй. Хоймрынх нь том шилэн гүнгэрваа хажуу талаасаа хагарч цууран, хурдан ажнайнуудын суурь болох тавцангууд бараг ихэнх нь цөмрөн шавар нь ховхорч, хоосон хөндий нь харлан харагдах.
Имэрч үзвэл хана нь цаас шиг нимгэн шавар аж. Нэг морины хөшөө л гэхэд 15 орчим сая төгрөгөөр боссон тухай бичиг, ивээн тэтгэсэн эзний нэртэй нь хадсан байна лээ. Бодвол мөнгийг нь авсан нөхөр л ингэж аргацааж дундаас нь хэдэн төг унагаасан биз дээ. Ганц энэ цогцолбор ч биш. Сүүлийн үед сүр дуулиантай босгоод тууз хайчлаад байгаа барилга, зам, цогцолбор аль аль нь нэг иймэрхүү л “халтуур” болсон гэм буй. Ямар боловч ийм сайхан цогцолбор санаачилсан хүмүүст талархах нь зүй. Хөдөөг зорих бүрт анзаарагддаг нэг зүйл бол замын тэмдэг тэмдэглэгээ. Төсөв мөнгө дутдаг л байх. Мод, төмрөөр хийхээр хулгайлаад авчихдаг бол чулуугаар овоо босгоод хавтгай дээр нь сум багийн нэрийг бичээд үлдээчихвэл болмоор л юм. Зорьсон хэргээ бүтээсэндээ сэтгэл тун хангалуун гэр гэртээ буулаа. Үр дүнг нь уншигч, үзэгч олон мэдтүгэй.
Олхонууд ШААБАР
“Сэгс цагаан богд”- ыг сэргээн уншсан их завшаан | ||
Үзсэн: 8728 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.