
Монголын уудам тал нутгийн сайхныг хоёрхон чавхдаст багтаасан эгшиглүүлж буй Морин хуурын чуулга байгуулагдаад 25 жил болжээ.
Тус байгууллага нь энэ хугацаандаа дэлхийн 20 улсад 84 удаа, 250 гаруй хотод 650 гаруй тоглолт зохион байгуулжээ.
Тэгвэл маргааш бидний сайн мэдэх Зууны манлай, хөгжмийн удирдаач Ж.Чулууны “Уран хасын бальс”, Төрийн соёрхолт, Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Шаравын “Сэрсэн тал” зэрэг сор бүтээлээс дээжлэн хүргэх байсан ч цуцлагдсан байна.
Шалтгааныг тус чуулгын менежер Ж.Уугантуяагаас лавлавал “Хүний насаар ярихад өнөөдөр чуулга маань эрийн цээнд хүрчээ. Өнгөрсөн 25 жилийн хугацаанд сонссон үзэгчид ямар боловсролтой болсон бэ. Яг тэгж бодож өнөөдрийн 25 жилийн ойн баярын хөтөлбөрийг бэлтгэсэн. Үзэгчид их сонин. Зарим нь “Хуучин бүтээлээсээ тоглоно биз дээ” гэж байхад нөгөө хэсэг нь “Хуучин уран бүтээлээ тоглохгүй биз дээ” гэж асуудаг. Бид үндэсний хөгжмөөрөө дамжуулан дэлхийн болон орчин үеийн хөгжмүүдийг хүргэхээр зорьж байна. Тэгэхээр бид баярын ойн концертоороо ийм түвшинд тоглож чадна гэдгээ харуулах болно” гэв.
Тус тоглолтын ерөнхий найруулагчаар, Монгол Улсын ардын жүжигчин, төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров ажиллаж байгаа бөгөөд хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаярын “Морин хуур симфони найрал хөгжмийн хоёрдугаар концерт”, Н.Жанцанноровын “Ятгын хоёрдугаар концерт” зэрэг сүүлийн таван жилд хийсэн шинэ сор уран бүтээлээс эгшиглүүлэх аж.
Мөн “Никитон” хамтлагийн дуучин Б.Батчулуун, Зууны манлай дуучин, гавьяат жүжигчин Б.Сарантуяа, уртын дуучин Б.Мөнхбаатар, Ц.Чимэдцэеэ нарын зэрэг уран бүтээлч ая дуугаа өргөнө.
Харин өнөөдөр тус чуулгыг үүсгэн байгуулагч, удирдаач, Ардын жүжигчин Ц.Батчулууны тухай баримтат киног үзэгчдэд толилуулна. Мөн эрдэм шинжилгээний хурлыг Улсын филармонийн концертын танхимд хийх юм байна.
Морин хуурын чуулгын 25 жилийн ойн тоглолт маргааш болно | ||
Үзсэн: 2956 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.