
Аймгийн төвүүдэд сүүлийн жилүүдэд агаарын бохирдол эрс нэмэгдсэнээр иргэдийн эрүүл мэндэд муугаар нөлөөлж байна.
Утаа ихсэх болсон нь олон хүчин зүйлээс шалтгаалж байна. Тодруулбал аймгийн төв дэх гэр хороолол хаяагаа тэлж төвлөрсөн дулааны станцгүйн улмаас нам даралтын зуухны тоо жил ирэх тусам нэмэгдэж байна. Мөн авто машины тоо олширсонтой холбон тайлбарлаж байна.
Говь-Алтай аймгийн төвд 5340 өрх байгаагаас 2016 оны агаар бохирдолын эх үүсвэрийн тооллогоор 3334 зуух бүхий өрх гэр хороололд байна гэсэн тоон судалгаа гарчээ.
Үүнээс 35 нь бүрэн шаталттай зуух хэрэглэж байгаа нь 10 хүрэхгүй хувь юм. Алтай хотын төвд байрладаг хувийн галлагааны зуухтай аж ахуйн нэгж, нийтийн орон сууц төвийн халаалтанд холбуулах шаардлага тулгарч байгаа хэдий ч дулаанаар хангагч “Мандал голомт” ХХК-ний зүгээс хүчин чадлаа дийлэхээ болсон учир аргагүй эрхэнд нам даралтын зуухаар дулаанаа залгуулж байгаа гэнэ.
Дээрх аймгийн төвийн тухайд хэлэхэд хүн ам цөөтэй аймгийн тоонд зүй ёсоор ордог хэдий ч ийнхүү сүүлийн жилүүдэд баригдаж байгаа барилга орон сууц нам даралтын зуух суурилуулахаас өөр аргагүй болсонтой холбоотойгоор агаарын бохирдол хүний эрүүл мэндэд нөлөөлөхүйц хэмжээнд хүрэх аюул холгүй байгаа гэдгийг иргэд хэлж байна.
Аймаг, орон нутгийн удирдлагуудын зүгээс агаарын бохирдлыг бууруулах зорилгоор Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, аймгийн Засаг даргын хамтарсан тушаал, захирамжаар Есөнбулаг сумын агаарын чанарыг сайжруулах бүс, түүнд дагаж мөрдөх журмыг Говь-Алтай аймаг батлаад байгаа.
Тухайлбал аймгийн төвөө бүсчилж, энэхүү бүсэд Баянхайрхан, Баяншанд, Индэрт, Харзат, Оргил, Жинст, Жаргалант, Түмэн багын нийт 71 гудамжны 2185 өрх хамрагдаж байна. Эдгээр бүсэд оршин суугаа иргэн айл өрх аж ахуйн нэгж байгууллагууд нь дулаан алдагдлыг багасгах зориулалттай стандартад нийцсэн нэмэлт дулаалга хэрэглэх гэнэ.
Үүнээс гадна боловсруулсан болон хагас боловсруулсан нүүрс хэрэглэж стандартын шаардлага хангаагүй техник технологи тоног төхөөрөмж ашиглахгүй байх нь агаарын бохирдлыг бууруулахад чухал үр нөлөөтэй хэмээлээ.
Мөн гэрийн болон нам даралтын зууханд нийлэг материалтай хог хаягдлыг шатаахгүй байх талд голчлон анхаарал хандуулж эхэлжээ.
Иргэдийг агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр зохион байгуулж байгаа сургалт сурталчилгаанд оролцуулж, агаар хамгаалах талаар мэргэжлийн байгууллагаас арга зүйн туслалцаа, зөвлөгөө өгөх талд журам гарган ажиллаж байгаа юм байна.
Алтай хотын айл өрхийн 10 хүрэхгүй хувь нь бүрэн шаталттай зуух хэрэглэдэг | ||
Үзсэн: 834 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.