
Номонд шимтэгчиддээ зориулж, “Интерном”-ын энэ долоо хоногийн бестселлерт багтаж буй 10 номыг танилцуулж байна.
- “САМАР ХАТАН” Б.САРАНТУЯА
Зохиолч, сэтгүүлч Б.Сарантуяагийн гурван том романы нэг болох “Самар хатан” борлуулалтаараа тэргүүлж байна.
Энэхүү романд Монгол түмний “Бага хаадын үе” гэгддэг 15 зууны эхэн үеийн нэгэн жарны түүхийг харуулдаг.
Алтан ургийн угсаа залгамжлагч Элбэг нигүүлсэгч хаан хайрт охин Самар гүнжээ хүнд өгөхөөр харийн нутагт мордуулаад байсан ч удалгүй түүнийг буцаан авч ирэх зарлиг буулгаснаар эхэлнэ. Самар гүнжийг эргэн ирэхэд Элбэг хаан хилсээр хороосон шадар туслахынхаа хүү Батулагаас уучлал хүсэн охиноо өгөхөөр шийдсэн байв. Хайртай хүндээ очих замаасаа буцаагдан ирсэн залуу бүсгүй сэтгэлгүй хүнтэйгээ эвлэрэх аргагүй болоход хааны ордноос оргон зайлах гэж оролдож буйгаар цааш үргэлжилдэг.
- САХИУСТ ХАНГАЙН НУУЦ, Г.АЮУРЗАНА
Яруу найрагч, зохиолч, орчуулагч Г.Аюурзанын 43 дахь бүтээл юм. Романд хайр сэтгэл, харуусал, гуниг, ухаарал болоод хүн амьд явахдаа зөв зүйтэй амьдралыг нэн тэргүүнээ дээдлэхийн учир утгыг уран яруу, ер бусын байдлаар харуулжээ.
Романы гол дүрийн хувьд Баянхонгор аймгийн ятган хуурч Пүрэв гүн хэмээн алдаршсан Жонон бэйл Пүрэвжав юм. Пүрэв гүн язгууртны сонгодог боловсролтой, хосгүй авьяаслаг хөгжимчин ноён байсан. Зэрэг буурсныхаа дараагаас нийслэлд суурьшиж, 1930 он хүртэл Судар бичгийн хүрээлэнд хятад, манж, түвд хэлний орчуулгын тасагт ажиллаж байгаад “Бөмбөгөр ногоон” театр байгууллагдахад хөгжмийн багшаар очсоноор зохиол эд өрнөдөг.
- “ХОТОЛ ЦАГААН ГҮНЖ”, Б.ШҮҮДЭРЦЭЦЭГ
Энэхүү роман Юан гүрний үе, алтан ургийнхны эвлэршгүй зөрчил, тэр дундаа зөрчил дунд тодорч, түүхэнд бөх гүнж хэмээн алдаршсан Хотол цагаан Ажуруг буюу Сарангэрэлт гүнжийн тухай юм.
- “АЛТАН ТОВЧ”, Г.ЛУВСАНДАНЗАН
XVII зууны дунд үед байсан Монголын эрдэмтэн Гүүш Лувсанданзан "Эртний хаадын үндэслэсэн төр ёсны зохиолыг товчлон хураасан Алтан товч хэмээх оршвой" гэсэн зохиолыг зохиож Чингис хаанаас эхлэн Лигдэн хаан хүртэлх үеийг хамарчээ. Уг ном нь эрдэмтдийн дунд Луу алтан товч хэмээн алдаршжээ.
Алтан товчийн жинхэнэ эх болох хулсан үзгийн бичмэлийг 1926 онд судар бичгийн хүрээлэнгийн дарга Жамъян гүн Дорнод аймгийн Баян түмэн хошууны Еншөөбү овгийн тайж Дарь гэдэг хүнээс олж авснаар Луу Алтан товч нь Монголын түүх уран зохиолын ховор чухал судалгааны үнэт материал болж Монголч эрдэмтдийн анхаарлыг татжээ.
- “100 ЖИЛИЙН ГАНЦААРДАЛ”, Г.МАРКЕС
Габриель Гарсиа Маркесийн 1967 онд хэвлэгдэж байсан уг шилдэг бүтээл өдгөө хүртэл шилдгийн шилдэг роман хэвээр байгаад эргэлзэх зүйлгүй.
- “АРЬСАН ХҮРЭМТЭЙ МАДОННА”, САБАХАТТИН АЛИ
Турк хэлнээс орчуулсан уг бүтээлийн зохиолч Сабахаттин Али бол XX зууны түүхийн агуу зохиолчдын нэг юм. Тэрээр 1907 онд Османы эзэнт гүрэнд төрж, 1948 онд Турк-Болгар улсуудын хил дээр бусдын гарт амиа алдсан нэгэн билээ.
Тэрээр гурван роман бичсэн байдгийн нэг нь “Арьсан хүрэмтэй Мадонна” юм.
Зохиолын тухайд гол дүрийн Раиф Мариа Пүдер нь Мариатай санамсаргүй учирч хоорондын ер бусын хайр дурлал өрнөнө. Хайр дурлалаасаа өчүүхэн шалтгаанаас болж хагацан одсон Раифын харамсал, ганцаардал бол зохиолын гол хэсэг нь ажээ.
- “Гулливерийн аялал”, ЖОНАТАН СВИФТ
Уншигч та уг бүтээлийг зөвхөн хүүхдэд зориулснаар хүлээж авах уу. Зохиолч "Гулливерийн аялал" бүтээлээрээ дамжуулан нийгэм дэх ялзрал, мунхаглалыг тохуурхан шоолж, ултай шүүмжилсэнд оршино.
Суу билигт Английн бичээч Жонатан Свифтийн бичсэн энэ роман нь дөрвөн хэсгээс бүтнэ. Томоохон хэмжээтэй романы хувьд товчилсон энэ хувилбар хамгийн түгээмэл юм.
Гулливер хэмээх зохиомол баатар, одой болоод аварга хүмүүсийн уран сэтгэмжит дүрээр дамжуулан мунхагийн харанхуйг элэглэсэн уг бүтээлээс жинхэнэ уран зохиол ямаршуу далд гүн утгатай, хичнээн гүн санааг ямархан энгүүн урнаар илэрхийлдэгийн жишээг харж болно.
- “ХААН ШИРЭЭНИЙ ТОГЛООМ, ГАЛ МӨСНИЙ ДУУН” цувралын нэгдүгээр боть” ЖОРЖ. Р.Р МАРТИН
Уг бүтээл уран зөгнөлт хэлбэрээр бичигдсэн бөгөөд хэвлэгдсэн даруйдаа шуугиан тарьж, уншигч төдийгүй мэргэжилтнүүдээс өндөр үнэлгээ авч, олон шагнал, амжилтыг араасаа дагуулсан билээ.
Ж.Мартины бүтээлийн эхний боть тэр чигээрээ хайр дурлал, адал явдал, нууцлаг явдал, далд явуулга, урвалт гэх мэтийг хуудас бүрт шингээсэн нь дэлхий дээрх олон мянган уншигчдын сэтгэлийн утсыг хөдөлгөж чаддаг.
Эрт урьдын мартагдсан цаг үед, ид шидийн гэмээр нэгэн үйл явдлын улмаас дэлхийн улирлуудын хэм алдагджээ. Зун нь хэдэн арван жилээр үргэлжилж, өвөл нь бүхэл бүтэн амьдралын турш сунайх газар нутагт гай зовлон гарцаагүй тохиолдох учиртай аж. Хүйтэн цаг үе эргэн ирж, Винтерфеллийн умардад, хаант улсын хамгаалалтын хэрмийн гадна хорон санаатнууд зэр зэвсгээ зэхэн, дайн тулаанд бэлдэнэ. Өмнөдөд, хааны итгэлт түшмэл учир үл тайлагдах шалтгаанаар энэ хорвоог орхин одсоноор хаант засаг сүйрэлд орж болзошгүй нөхцөл байдал үүсэхэд, хаан ширээнд шунасан өөдгүй дайснууд нуугдан бүгж байсан харанхуй сүүдрээсаа ил гарч ирэх болов. Төрж өссөн хүйтэн цэвдгийн нутаг орон шигээ нугаршгүй хатан зоригтой, хэрцгий ширүүн Винтерфеллийн Старкийн гэр бүлийнхэн энэхүү зөрчилдөөний төвд өөрсдийн байр сууриа эзлэв.
Лорд Эддард Старк одоо хааны баруун гарын түшмэлийн алба үүргийг гүйцэтгэхээр дуртай дургүй дуудагдсан нь түүний гэр бүл төдийгүй хаант улсад ч аюул занал үүсгэх томилгоо болжээ.
- “ГАЗАР ДОРООС БИЧСЭН ТЭМДЭГЛЭЛ”, Ф.М ДОСТОЕВСКИЙ
Достоевскийн Газар дороос бичсэн тэмдэглэл бүтцийн хувьд хоёр хэсгээс бүрдэнэ. Аль аль хэсэгт өмнө нь байгууллагад алба хашдаг байсан хэдий ч одоо Санкт Петербургийн захын нэгэн дүүрэгт газар дорх хуучирч муудсан хонгилд нийгмээс тусгаарлагдан амьдарч буй дөчин настай эр буюу “би” баатар хүүрнэж, өөрийн гутранги амьдралын үзлээ уншигчтай хуваалцана.
- “1Q84” цуврал 1-р дэвтэр, ХАРУКИ МҮРАКАМИ
Японы төдийгүй дэлхийн пост модерн, уран зохиолын гол төлөөлөгч Мүраками Харүкими.
“1Q84” цуврал романдаа зохиолч уг бүтээлийнхээ санааг 1995 онд Токио хотын метронд хорт хий тавьж олон хүний амь насыг сүйтгэсэн “Ум шинри кёо” шашны байгууллагын өдүүлсэн гэмт хэргийн бодит түүхээс авсан бөгөөд өөрт нь маш ихээр нөлөөлсөн кино, хөгжим, утга зохиолоос иш татаж, зохиолдоо шигтгэж өгснөөр уншихад энгийн ойлгомжтой хэрнээ аялгуу хэмнэл сайтай, нарийн мэдрэмж, төсөөлөхүй дагуулсан онцлог бүтээл болж чаджээ.
Б.Сарантуяагийн “Самар хатан” ном “Бестселлер”-ийг тэргүүлж байна | ||
Үзсэн: 6696 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.