Шууд Chart

Есдүгээр сарын шилдэг тамирчнаар Д.Батсүрэн шалгарлаа

2017-10-25 11:59:21

Монголын Үндэсний Олимпийн Хорооноос тодруулж буй "Сарын шилдэг тамирчин" шалгаруулалтын дүн гарч, есдүгээр сарын ялагчийн нэр тодорлоо.

Уругвай улсын нийслэл Монтевидео хотноо явагдсан Шатрын өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 14 хүртэлх насны эрэгтэйчүүдийн ангилалд түрүүлсэн Дамбасүрэнгийн Батсүрэн санал асуулгын дүнгээр сарын шилдэг тамирчин боллоо.

ФИДЕ мастер Д.Батсүрэн нийт 53 орны 400 гаруй тамирчин оролцсон өсвөрийн ДАШТ-д түрүүлсэн Монгол улсын түүхэн дэх анхны эрэгтэй шатарчин болсон юм. 1974 оноос эхтэй энэхүү тэмцээнд домогт шатарчид болох Г.Каспаров, В.Крамник, Ю.Полгар нар түрүүлж, агуу карьерынхаа эхлэлийг тавьж байсан түүхтэй. Сонирхуулахад, Монголын эмэгтэй шатарчдаас уг тэмцээнд Д.Номин-Эрдэнэ, Д.Мөнхзул нар 10 болон 8 насны ангилалд тус бүр түрүүлж байжээ.

Шалгаруулалтын II байрт 3x3 сагсан бөмбөгийн оюутны дэлхийн аваргаар тодорсон баг орсон бол III байрт өнгөрсөн сарын шилдэг тамирчин, чөлөөт бөхийн армийн дэлхийн аварга болсон П.Орхон нэрлэгджээ.

"Сарын шилдэг тамирчин" шалгаруулах олон нийтийн санал асуулгад нийт 1500 гаруй хөгжөөн дэмжигч оролцон, спортын чиглэлээр дагнан ажилладаг сэтгүүлчдийн саналтай нэгтгэн дүн гарсан нь энэ юм.

Тухайн сард Монголын спортын ертөнцөд болж өнгөрсөн үйл явдлуудыг дүгнэх, амжилт үзүүлж, элэг нэгтнүүдээ баярлуулсан тамирчдаа алдаршуулах, олимпийн хөдөлгөөн, спортыг олон нийтийн дунд түгээн дэлгэрүүлэх зорилго бүхий "Сарын шилдэг тамирчин" шалгаруулалтыг МҮОХ-оос сар бүр явуулах юм байна.

Сарын шилдэг тамирчнаар тодорсон Д.Батсүрэнд шагнал олгох ёслол МҮОХ-ны төв байранд энэ сарын 27-нд болно.

ЕСДҮГЭЭР САРЫН ШИЛДЭГ ТАМИРЧИН ШАЛГАРУУЛАЛТАНД НЭР ДЭВШИГЧИД

  • М.Анхцэцэг – хүндийг өргөлт, “Ашгабат 2017” алтан медаль
  • Д.Батсүрэн – шатар, Өсвөрийн ДАШТ, алтан медаль
  • 
Ц.Батцэцэг – жюү жицү бөх, “Ашгабат 2017” алтан медаль
  • Д.Бямбадорж – Сумо бөх, Нацү башёд түрүүлсэн
  • 
О.Мөнхцэцэг – бүстэй барилдаан, “Ашгабат 2017” гурван алтан медаль
  • П.Орхон – чөлөөт бөх, Армийн ДАШТ, алтан медаль
  • Г.Отгонжаргал – чөлөөт бөх, Армийн ДАШТ, алтан медаль
  • Эрчим – хөлбөмбөг, Үндэсний лигийн аварга
  • 
3x3 сагсан бөмбөгийн баг – Оюутны дэлхийн аварга
Нийтэлсэн: У.Баярсайхан

Есдүгээр сарын шилдэг тамирчнаар Д.Батсүрэн шалгарлаа  
Үзсэн: 850 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй