
Монгол Улсын Засгийн газрын 2006 оны 115 дугаар тогтоолоор батлагдсан “Хөгжмийн том хэлбэрийн шилдэг бүтээлийг улсын санд худалдан авах журам”-ын дагуу шалгаруулалтад оролцох бүтээлийг энэ сарын 24-өөс ирэх арваннэгдүгээр сарын 3 хүртэл Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Соёл, урлагийн газрын байранд хүлээн авахаар болжээ.
Хөгжмийн том хэлбэрийн шилдэг бүтээлийг улсын санд худалдан авах жухам
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Хөгжмийн зохиолчдын сонгодог хөгжмийн том хэлбэрийн шилдэг бүтээл (цаашид "бүтээл" гэнэ)-ээс сонгон шалгаруулах, үнэлэх, улсын санд худалдан авах үйл ажиллагааг зохицуулахад энэхүү журмыг мөрдөнө.
1.2. Худалдан авсан хөгжмийн бүтээлүүдийн симфони, гоцлол хөгжим, дуунд зориулсан төгөлдөр хуурын хамсраа бүтээлийн дарамж (клавир), цөөхүүл болон их найрал, үндэсний их найрал хөгжимд зориулсан бичвэр (партитур)-ийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд хадгална.
Хоёр. Бүтээлд тавигдах шаардлага
2.1. Бүтээл нь хөгжмийн зохиолчийн сүүлийн 3 жилд туурвисан хөгжмийн жижиг хэлбэрийн бүтээлүүд болох дуу, дууны аяз, найруулга зэргээс бусад бүрэн хэмжээний бүтээл (хөгжмийн том хэлбэрийн бүтээл) байна.
2.2. Бүтээл нь жил бүр зохиогддог "Алтан намар" мэргэжлийн хөгжмийн наадамд шалгарсан, мэргэжлийн урлагийн байгууллагын тайзнаа тоглогдсон байна. 2.3. Зохиогч улсын санд худалдах бүтээлээ (клавир, партитурын гар бичмэл буюу эх хувь) дараахь материалын хамт Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд ирүүлнэ:
-Улсын санд бүтээлээ худалдах тухай хүсэлт, өргөдөл;
-Бүтээлийн тухай товч танилцуулга, бүтээлийн үнэлгээ;
-Уг бүтээлийн талаар гарсан 2-оос доошгүй судалгаа, шүүмж болон сонин хэвлэлд гарсан нийтлэл;
-Мэргэжлийн урлагийн байгууллагын тайзнаа тоглогдсон тухай тодорхойлолт;
-Тоглолтын үеэр сонирхогчийн болон мэргэжлийн түвшинд хийгдсэн аудио, видео бичлэг.
Гурав. Бүтээлийг худалдан авах
3.1. Зохиогчийн эрхийн тухай хуулийн дагуу зохиогчтой нь тохиролцсоны үндсэн дээр хөгжмийн том хэлбэрийн бүтээлийг улсын санд худалдан авна.
3.2. Бүтээлийг шинжлэн үзэж, зохиогчийн үнэлсэн үнэлгээнд тулгуурлан зөвшилцөх замаар улсын санд худалдан авах эсэх дүгнэлт гаргах үүрэг бүхий орон тооны бус мэргэжлийн зөвлөл (цаашид "зөвлөл" гэнэ)-ийг тухай бүр соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрээр томилон ажиллуулна. 3.3. Зөвлөл нь 7-гоос доошгүй гишүүнтэй байх бөгөөд мэргэжлийн хөгжмийн онолч, судлаач, театрын найруулагч, удирдаач, мэргэжлийн урлагийн сургалтын байгууллага, соёлын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын төлөөллөөс бүрдсэн байна.
3.4. Зөвлөлийн хурлыг жилд нэг удаа зохион байгуулна.
3.5. Зөвлөл нь 85-аас доошгүй хувийн ирцтэй хуралдаж, бүтээлийг улсын санд худалдан авах эсэх шийдвэрийг гишүүдийн олонхийн саналаар гаргана.
3.6. Зөвлөлийн хурлаас тэмдэглэл гарах бөгөөд хурлын тэмдэглэлд зөвлөлийн гишүүд гарын үсэг зурж баталгаажуулна. Хурлаас гарсан тэмдэглэлийг үндэслэж соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн шийдвэр гаргана.
3.7. Зөвлөлийн гишүүний бүтээлийг худалдаж авах тохиолдолд тухайн асуудлыг хэлэлцэх, санал хураахад уг гишүүн нь оролцохгүй.
Дөрөв. Бүтээлийг худалдан авах хөрөнгө, түүний зарцуулалт
4.1. Улсын санд худалдан авахаар сонгосон бүтээлийг тухайн жилд хуваарилсан хөрөнгөд багтаан улсын төсвөөс санхүүжүүлнэ.
4.2. Төсвөөс олгосон хөрөнгийн 15 хувийг бүтээлийг хувилах, сурталчлах, зөвлөлийн гишүүдэд урамшуулал олгоход зарцуулна.
4.3. Хөгжмийн бүтээл худалдан авах тухай соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэр нь хөрөнгийг захиран зарцуулах үндэслэл болно. 4.4. Энэ журмын биелэлтэд соёлын болон санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргаааны төв байгууллага хяналт тавьж ажиллана.
Тав. Бүтээлийн зохиогчийн эрх
5.1. Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь бүтээлээ худалдсан зохиогчтой бүтээлийн онцгой эрх шилжүүлэх тухай гэрээг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн байгуулна.
Сонирхуулахад Монголын хөгжмийн зохиолчдын холбооноос уламжлал болгон жил бүр зохион байгуулдаг “Алтан намар” хөгжмийн наадмын хөгжмийн том хэлбэрийн бүтээлийн тоглолт ирэх сарын 1-нд Улсын филармоний тайзнаа болно. Иймд тэндээс ч бүтээл бүртгэгдэх магадлалтай хэмээн зохион байгуулагчид хэлж байна.
Хөгжмийн томоохон хэмжээний бүтээлийг улсын санд бүртгэнэ | ||
Үзсэн: 941 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.