Шууд Chart

Нэрт биатлонч Габриэла Коукалова олимпийн наадмыг өнжих үү

2017-11-02 13:10:42

Дэлхийн хошой аварга, Дэлхийн цомын тэмцээний 2015-2016 оны улирлын ялагч, Чехийн нэрт биатлонч Габриэла Коукаловагийн хувьд ирэх хоёрдугаар сард БНСУ-ын Пёнчан хотноо болох өвлийн олимпын наадамд оролцох, эсэх нь бүрхэг байна.

Сүүлийн хэдэн сарын турш түүнийг булчин зангирах бэртэл нь зовоож байгаа бөгөөд хамгийн аюултай нь энэ гэмтлийг бүрэн анагаахад нэлээд хугацаа шаарддаг бөгөөд дахин сэдэрч магадгүй байдаг. Г.Коукаловагийн дасгалжуулагч Ондржей Рыбарж “Гэмтэл нь бүрэн илааршаагүй бололтой, Габриэлагийн бэлтгэл бидний төлөвлөсөн шиг явагдахгүй байна. Урьдынх шигээ эрч хүчтэй, бүрэн дүүрэн ажиллах боломж алга” хэмээн ярив.

Сүүлийн хэдэн жилийн турш насанд хүрэгчдийн эрэгтэй шигшээ багийнхантай бэлтгэл хийсээр ирсэн Г.Коукалова саяхан хэвлэлд ярилцлага өгөхдөө “Улирлын эхний хагасыг өнжих нь тодорхой. Тэр ч байтугай олимпын наадамд оролцох, эсэхдээ эргэлзэх боллоо. Бүх зүйл сайн сайхан болно гэж найдахаас өөр зүйл үлдсэнгүй” хэмээсэн юм.

Түүнийг алдсанаар олимпын биатлон ямар гарз хохирол амсах вэ? гэдэг асуулт өөрийн эрхгүй гарч ирж байна.

  1. Өрсөлдөөн. Сүүлийн таван жилийн турш ТОП6-гаас буугаагүй, уржнангийн “Болор бөмбөрцөг”-ийн эзэн, ноднингийн аман хүзүү (ганцхан Лаура Дальмайерт л ялагдсан) Габигүй эмэгтэйчүүдийн биатлон бол давсгүй хоол л гэсэн үг.
  2. Имиж. Габриэла Коукаловаг тун онцгой бүсгүй гэдэгтэй спорт сонирхогчид санал нийлэх биз ээ. Тэрбээр биатлоноос гадна олон төрлийн спортоор хичээллэдэг, мөн цөөнгүй орны хэл мэддэг. Хамгийн гол нь Габриэла хэзээ ч, хэний ч өмнө, хэлэх гэснээ хэлчихдэг шударга, зоримог нэгэн. Дэлхийн биатлоны боссыг шүүмжилж л байдаг, сэргээшийн асуудалд орооцолдсон Оросын шигшээ багийнхны талаарх бодлоо сэтгүүлчидтэй ний нуугүй хуваалцаж чаддаг хүн түүнээс өөр байхгүй биз ээ. Хэрвээ тэрбээр БНСУ-д очвол тэр хэрээр олимпын биатлон өрсөлдөөнтэй, дуулиантай болох нь тодорхой.

Эцэст нь олимпын наадамд оролцсон чех бүсгүйн түүхээс сонирхуулъя. Тэрбээр “Ванкувер 2010”-д ямар нэгэн гоц гойд амжилт гаргаагүй бол “Сочи 2014”-өөс багийн болон хувийн төрөлд тус бүр мөнгөн медаль хүртжээ. Өдгөө 28 настай Габид “Пёнчан 2018” олимпын аварга болох сүүлчийн боломж нь гэж болно. Учир нь дөрвөн жилийн дараа харих тийшээгээ хандсан үедээ олимпод дахин оролцлоо гэж бодоход түрүүлэх нь юу л бол. Орчин үед эмэгтэйчүүдийн биатлоны томоохон тэмцээнд дандаа 30-аас доош насныхан түрүүлж байгаа билээ.

ОЛИМПЫН АВАРГА БОЛЖ ЧАДААГҮЙ ШИЛДЭГ БИАТЛОНЧИД

  • Магдалена Форсберг (Швед)-Дэлхийн болон Дэлхийн цомын зургаан удаагийн аварга
  • Лив-Грете Пауре (Норвеги)-Дэлхийн найм, Дэлхийн цомын нэг удаагийн аварга
  • Сандрин Байи (Франц)-Дэлхийн болон Дэлхийн цомын аварга
  • Хелена Экхольм (Швед)-Дэлхийн гурав, Дэлхийн цомын нэг удаагийн аварга
  • Кайса Мякяряйнен (Финланд)-Дэлхийн аварга, Дэлхийн цомын хошой аварга
  • Мари Дорен Абер (Франц)-Дэлхийн таван удаагийн аварга.
Нийтэлсэн: У.Баярсайхан

Нэрт биатлонч Габриэла Коукалова олимпийн наадмыг өнжих үү  
Үзсэн: 1702 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
biathlon sonirhigch [202.179.24.xxx] 2017-11-02 21:37
sain tamirchin shuu. Nuhur ni bas shildeg biatlonch. Turchuud l ungursun jil dahiad l oroltsood delhiin tsomiin tsuvraluuddaa ihenh turuld ehnii 3t orj baisan. Ene udaa germani Dailmaier l ihenh turulduu avarga boloh ni dee. Mungutei bol uvliin olimpig uzmeer l baina.Biathlon, teshuuriin buuhia turul, hos uran gulgalt, uuliin tsana bolon harailt geed olon turliig ni ochij uzehgui yu. Uul ni boloh gazar ni oirhon bna daa.

Бидэнтэй нэгдээрэй