
Сүүлийн жилүүдэд манай улсад хурдацтай хөгжиж байгаа бильярдын спортоос Дэлхийн аваргын хос медальтан төрлөө. Энэ бол 18 настай залуу тамирчин Энхболдын Тэмүүжин юм. Тэрбээр ОХУ-ын нийслэл Москва хотод зохион байгуулагдсан “9 бөмбөгт” төрлийн залуучуудын ДАШТ-нд оролцож мөнгөн медаль хүртжээ. Энэ нь бидний хэлж заншснаар пүүл бильярдын төрөл юм.
Өнгөрсөн жилийн ДАШТ-ий 17 хүртэлх насны ангилалд оролцож мөнгөн медаль хүртэж байсан Э.Тэмүүжин энэ жилийн тэмцээнд ангилалаа ахиулж, 19 хүртэлх насны тамирчидтай өрсөлдсөн юм.
Тэрбээр тэмцээний эхний тойргийн тоглолтоо Японы тамирчин Сугаяама Коукитай хийж 9-7 харьцаатай ялалт байгуулсан ч 2-р тойрогт ОХУ-ын тамирчин Горст Федорт 9-3 харьцаатай хожигдож торгуулийн тойрогт өрсөлдөх болжээ.
Улмаар энэ шатанд тэрбээр Японы Танака Тайки(9-8), Аргентины Аяала Лусиано(9-7), Аргентины Гросаус Алексис(9-5) нарыг дараалан буулган авч шөвгийн наймд өрөлдөх эрхтэй болжээ. Энэ шатанд түүнтэй зохион байгуулагч орны тамирчин Игор Трифонов өрсөлдсөн бөгөөд Э.Тэмүүжин 11-8 харьцаатай ялалт байгуулснаар хагас шигшээд шалгарсан байна. Тэгвэл хагас шигшээд түүнтэй Нидерландын тамирчин Ян ван Леруп таарч тоглосон бөгөөд Э.Тэмүүжин тоглолтын санаачилгыг гартаа авч 11-6 харьцаатай буулган авчээ.
Ийнхүү тэрбээр Залуучуудын ДАШТ-ий финалд 2 дахь удаагаа шалгарсан бөгөөд 2 тойрогт ялагдал хүлээж байсан ОХУ-ын тамирчин Горст Федортой финалд өрсөлдөхөөр болсон юм. Гэхдээ уг тоглолтод нутгийн тамирчин илүү сайн байсан бөгөөд 11-3 харьцаатай ялалт байгуулж Дэлхийн аварга болжээ.
Манай тамирчин Э.Тэмүүжиний хувьд ийнхүү Дэлхийн хошой мөнгөн медалийн эзэн боллоо. Тэрбээр өнгөрсөн жил Хятадын Шанхай хотод болсон Залуучуудын ДАШТ-ээс эхний мөнгөн медалиа хүртэж байсан аж.
Залуучуудын ДАШТ-ий энэ төрөлд манай улсаас мөн Ц.Тайванбат өрсөлдсөн. Тэрбээр эхний шатанд Аргентины Гросаус Алексист 9-7 харьцаатай хожигдсон бол торгуулийн тойрогт ОХУ-ын Илья Никлееновт мөн 9-4 харьцаатай ялагдал хүлээснээр тэмцээнээ дуусгасан юм.
Э.Тэмүүжин ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ | ||
Үзсэн: 1009 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.