Шууд Chart

Сингапурын уран бүтээлчид бүргэдчин охины тухай кино бүтээнэ

2017-11-22 11:58:01

Баян-Өлгий аймагт Сингапур улсаас 14 жуулчин ирж, Алтай сумын бүргэдчидийн аж амьдрал, бүргэдээр ан хийх урлагтай танилцан зураг авалт хийж, казах зоны ахуй амьдралтай биечлэн танилцжээ.

Энэ үеэрээ тус сумын Ерөнхий боловсролын сургуулийн долдугаар ангийн сурагч, бүргэдчин охин А.Айгеримийн гэрт зочилсон байна. Бүргэдчин аавтайгаа найман наснаасаа эхлэн хамт ан агнахад суралцсан А.Айгерим охин энэ жил 12 настай аж.

Тэрбээр саяхан Алтай суманд зохион байгуулсан "Алтан Алтайн бүргэд" тэмцээнд дөрөвдүгээр байрт шалгарсан амжилт үзээлсэн байна. Тэд А.Айгерим охины болон бусад авсан гэрэл зургуудаа олон улсын үзэсгэлэнд тавихаар зорьж байгаа аж. Түүнчлэн ирэх оны зургаадугаар сард 28 хүний бүрэлдэхүүнтэйгээр дахин ирж А.Айгерим охины тухай кино хийхээр болсон тухайгаа уламжилжээ.

Харин түүнээс өмнө 2013 онд Н.Айшолпан охин 13 настайдаа  «The Eagle Huntress» кинонд тоглож, бүргэдээр ан хийх урлагийг дэлхий дахинд таниулах үйлсэд гарамгай амжилт үзүүлсэн юм.

Тэдний энэ үйлсийн харгуйгаар замнах охидын тоо жил бүр нэмэгдэх болж, Баян-Өлгий аймагт бүргэдчин охид олноор нэмэгдэж байгаа гэнэ. Тухайлбал Алтай, Алтанцөгц, Бугат, Сагсай, Толбо суманд 10 гаруй охин бүргэдээр ан хийж, уралдаан тэмцээнд оролцох болсон тухай мэдээ байна.

Мөн энэ дашрамд сонирхуулахад, дэлхий дээрх шувуугаар ан хийлгэдэг цөөхөн үндэстний нэг нь казахууд юм. Өнөөдрийн байдлаар Баян-Өлгий аймагт 400 гаруй бүргэдчин байгаа гэсэн судалгаа гарчээ. Казахууд эртнээс байгалийн хүчит махчин шувуудын зан авирыг судлан эзэмшиж, бүргэдийг ан агнахад сургадаг уламжлалт заншил тогтоожээ. Казах түмэн бүргэдийг "Ахиых", "Хыран" хэмээн нэрлэдэг бөгөөд энэ нь цагаан мөрт, хар хүчтэн гэсэн утгатай юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Сингапурын уран бүтээлчид бүргэдчин охины тухай кино бүтээнэ  
Үзсэн: 1723 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй