Шууд Chart

Д.Бат-Эрдэнэ сайд Катарын Эмир Шейхтэй уулзана

2013-12-03 10:41:21

Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ тэргүүтэй төлөөлөгчид Катар Улсын Батлан хамгаалах асуудал эрхэлсэн сайд, хошууч генерал Хамад бин Али Аль-Аттияын урилгаар 12 сарын 2-7-ны өдрүүдэд Катар Улсад албан ёсны айлчлал хийнэ. Айлчлалын үеэр сайд Д.Бат-Эрдэнэ  Катар Улсын Эмир Шейх Тамим Бин Хамад Аль Танид бараалхан, хоёр орны харилцаа, өнөөгийн болон цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцохоос гадна Батлан хамгаалахын асуудал эрхэлсэн сайд, хошууч генерал Хамад бин Али Аль-Аттиятай албан ёсны уулзалт хэлэлцээ хийж, дэлхий нийтийн болон бүс нутгийн аюулгүй байдлын талаар харилцан санал, мэдээлэл солилцох, цаашид аюулгүй байдлын талаар мэдээлэл солилцох механизмыг бүрдүүлэх талаар ярилцах,  хоёр орны батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын төлөв, хамтран хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийн талаар харилцан санал солилцоно.

Монгол Улс Катар Улстай анх 1998 оны 1 сарын 21-ний өдөр албан ёсны дипломат харилцаа тогтоосон. 2007 оны 12 сард “Монгол Улсын Зэвсэгт хүчин, Катар Улсын Зэвсэгт хүчин хоорондын хамтын ажиллагааны гэрээ”-нд гарын үсэг зурснаар хоёр орны батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагаа эхэлсэн. Хамтын ажиллагааны гэрээний хүрээнд хоёр орны батлан хамгаалах салбарын харилцаа цэргийн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, хамтарсан дадлага, сургууль хийх, энхийг дэмжих ажиллагаа, терроризмтэй тэмцэх чиглэлээр хөгжиж байна.

Катар Улстай батлан хамгаалах салбарт харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх нь Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын болон Гадаад бодлогын үзэл баримтлалд заасан “Гуравдагч хөрш”-тэй бүх талын хамтын ажиллагааг хөгжүүлэх, улс төр-дипломатын аргаар аюулгүй байдлаа хангах зорилтыг хэрэгжүүлэх, бүс нутгийн аюулгүй байдлын талаар харилцан санал, мэдээлэл солилцох механизмыг бүрдүүлэх, Mонголын цэргийн алба хаагчдыг цэргийн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх сургалтад хамруулах, терроризмийн эсрэг тэмцэх болон энхийг сахиулах ажиллагааны чиглэлээр хамтран ажиллах, Зэвсэгт хүчний чадавхийг нэмэгдүүлэх, цэргийн алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, материаллаг баазыг сайжруулахад хөрөнгө оруулалт татах, цаашид улс орны эдийн засгийг хөгжүүлэхэд шаардлагатай байгаа хөрөнгө оруулалтыг шийдвэрлэхэд нэг чухал алхам болно гэж үзэж байна.


Д.Бат-Эрдэнэ сайд Катарын Эмир Шейхтэй уулзана  
Үзсэн: 947 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй