
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Биеийн тамир, спортын газрын дарга Ц.Шаравжамц тэргүүтэй төлөөлөгчид арваннэгдүгээр сарын 20-25-нд Кубын нийслэл Гавана хотноо зохиогдож буй спорт ба хүний хөгжил сэдэвт “AFIDE 2017” биеийн тамир, спортын асуудлаарх Олон улсын VII хуралд оролцож байна.
Ц.Шаравжамц энэ сарын 23-нд Кубын Биеийн тамир, спорт, чөлөөт цагийн Үндэсний институтийн Ерөнхийлөгч Антонио Эдуардо Бекалитай уулзаж, хоёр улсын хооронд биеийн тамир, спортын салбарт хамтран ажиллаж ирсэн баялаг туршлагыг өргөжүүлэн хөгжүүлэх асуудлаар санал солилцов.
Тухайлбал, Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Кубын Биеийн тамир, спорт, чөлөөт цагийн Үндэсний институт хооронд 2014 онд байгуулсан “Биеийн тамир, спортын салбар дахь хамтын ажиллагааны хэлэлцээр”-ийн хүрээнд хийгдэж буй ажлын талаар дэлгэрэнгүй яриа өрнүүлж, цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцлаа.
Кубын тал 2020 онд Токио хотноо болох Зуны Олимпын наадамд оролцох үндэсний шигшээ баг тамирчдын тэмцээний өмнөх бэлтгэлийг Монголын жүдо, бокс, чөлөөт бөхийн шигшээ баг тамирчидтай хамтран зохион байгуулах саналтай байгаагаа илэрхийлсэн бол манай тал Кубаас бокс болон волейболын өндөр зэрэглэлийн дасгалжуулагчдыг Монголд гэрээгээр ажиллуулах санал тавьж, хамтран ажиллахаар тохиролцсон юм.
Уулзалтад Монгол Улсаас Бүгд Найрамдах Куба Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Батбаяр байлаа.
Монгол, Кубын спортын салбар дахь хамтын ажиллагаа өргөжинө | ||
Үзсэн: 1822 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.