
Гандболын УАШТ ирэх сарын 9-10-нд Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн спортын цогцолборт болно.
Энэхүү тэмцээнийг явуулснаар хүн амын дунд гандболын спортыг хөгжүүлэх, хичээллэгсэдийн тоог нэмэгдүүлэх, зэрэгтэй тамирчдыг бэлтгэх, тамирчдын ур чадварыг дээшлүүлэх, шилдэг тамирчдыг сонгон шалгаруулах, 2018 оны олон улсын тэмцээнд оролцох шигшээ багийг бүрдүүлэх, бие бялдрыг чийрэгжүүлэх, спортыг сурталчилах зорилготой юм.
Тэмцээнд төв, орон нутгийн эрэгтэй, эмэгтэй 30 орчим багийн тамирчид оролцохоор Монголын гандболын холбоонд мэдүүлгээ ирүүлсээр байна. Нэг баг нь 12 тамирчин, нэг дасгалжуулагчтай байх юм. Баг тамирчдын бүртгэл арванхоёрдугаар сарын 7-ны 15:00 цаг хүртэл МУБИС-ийн Биеийн тамирын сургуулийн 104 тоот өрөөнд явагдаж, мандат олгоно.
Тэмцээнийг саяхан байгуулж ашиглалтанд оруулсан ҮБХИС-ийн спортын цогцолборт хоёр зааланд нэгэн зэрэг явуулна. Энэхүү цогцолборын заалууд нь 24 х 36 м хэмжээтэй, гандболын тэмцээнийг явуулахад тохиромжтой юм. Тэмцээнийг МГХ-ны Ерөнхийлөгчийн томилсон мэргэжлийн шүүгч нар Олон улсын Гандболын холбооны дүрмийн дагуу удирдан явуулна.
Тэмцээний нээлт арванхоёрдугаар сарын 9-ны 15:00 цагт ҮБХИС-ийн спорт цогцолборын “А” зааланд болох ба энэ үеэр МГХ нь Олон улсын гандболын холбооны 2017 оны шилдэг спортын холбоо болж, цом, өргөмжлөл хүртсэн тул танилцуулах ёслолыг нээлтийн арга хэмжээний үеэр явуулна.
Улсын аваргын тэмцээнд медальт байранд шалгарсан багт МГХ-ноос насанд хүрэгчдийн УАШТ-ний алт, мөнгө, хүрэл медаль болон өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж урамшуулна.
Тэмцээний шилдэг тоглогчдыг шалгаруулж шагнана. Байгууллагын дүнг оролцсон эрэгтэй эмэгтэй багуудын нийлбэр оноог тооцон эхний гурван байр эзлүүлж цом, өргөмжлөлөөр шагнах юм.
Гандболын УАШТ ирэх сарын 9-10-нд болно | ||
Үзсэн: 1586 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.