Шууд Chart

М.Анхцэцэг ирэх ням гарагт тэмцээнээ эхлүүлнэ

2017-11-30 09:30:44

АНУ-ын Анахайм хотод өчигдөр хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн ДАШТ эхэллээ. Тус тэмцээнд 68 орны эрэгтэй 185, эмэгтэй 143 нийт 328 тамирчин өрсөлдөж байна.

Энэ оны ДАШТ-д Монгол Улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ц.Хосбаярын удирдлагад эмэгтэй гурван тамирчин оролцож буй.  2014 оны ДАШТ-д IX, 2015 оны ДАШТ-д VII байр эзэлж байсан М.Анхцэцэг энэ жил 75 кг-д өрсөлдөхөөр болжээ. Түүний хувьд “Рио-2016” олимпийн наадамд 69 кг-д дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөн шагналт VIII байр эзэлсэн юм.

Энэ жил амжилт дүүрэн байгаа залуу тамирчин Г.Анужин 63 кг-д, мөн хүнд жингийн цөөн тамирчдын нэг Э.Билэгсайхан 90 кг-д өрсөлдөнө. Эдгээр тамирчдын хувьд жиндээ “В” группт багтжээ.

2017 оны ДАШТ-д дээрх гурван тамирчнаас гадна шүүгчээр Олон улсын шүүгч Л.Одгэрэл ажиллаж байна. Тэрбээр тэмцээний үеэр болох олон улсын хуралд оролцож, Олон улсын хүндийн өргөлтийн холбооны эмэгтэйчүүдийн зөвлөлд нэр дэвшиж байгаа аж.

Монголын тамирчдын хуваарийг сонирхуулахад Г.Анужин өнөөдөр тэмцээндээ оролцож, Монголын тамирчдын салхийг хагална. М.Анхцэцэг ирэх ням гарагт, Э.Билэгсайхан ирэх даваа гарагт өрсөлдөхөөр хувиар таарчээ.

Хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн ДАШТ өчигдөр эрэгтэйчүүдийн 56, 62, эмэгтэйчүүдийн 48 кг-ын жингээр эхэллээ.

Тус тэмцээнийг АНУ-ын Premier Sports, Хятадын CCTV, Канадын DAZN, Энэтхэгийн DSport, Японы DAZN зэрэг сувгаар дамжуулж байна.

Тэмцээн ирэх арванхоёрдугаар сарын 5-нд өндөрлөнө.

Нийтэлсэн: У.Баярсайхан

М.Анхцэцэг ирэх ням гарагт тэмцээнээ эхлүүлнэ  
Үзсэн: 1163 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй